Тариаланчдын урамшуулал залиланг өөгшүүлдэг

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Тариаланчдын урамшуулал залиланг өөгшүүлдэг

Улсын
төсвөөс санхүүжүүлсэн Хөдөө аж ахуйн  чиглэлийн хөрөнгө оруулалт, сан,
төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд өнгөрсөн жил хийсэн аудитын шалгалтаар
олон зөрчил илэрсэн. Тэр дундаас онцолж Тариалан эрхлэлтийг дэмжих санд 
хийсэн шалгалтын талаар Үндэсний ауди­тын газрын ахлах аудитор
Г.Цэдэнбалжиртай ярилцлаа.

-Тариалан эрхлэлтийг дэмжих санд хийсэн шалгалтаар илэрсэн томоохон зөрчлүүд юу байв?

-Засгийн газрын тусгай сан­гийн хуулийн тариалан эрхлэл­тийг дэмжих
сантай холбогдсон заал­тууд хэрэгжихгүй байсан. Зас­гийн газрын 2005 оны
139 дүгээр тогтоолоор баталсан “Тариа­лан эрхлэлтийн санг бүр­дүү­лэх,
захирах, хяналт тавих, тайлаг­нах” журам ХХААХҮ-ийн сайдын баталсан
“Тариалан эрхлэл­тийг дэмжих сан”-гийн тухай журамтай зөрчилдөж байна. 
Мөн 2008-2009 оны урга­цын үлдэгдэл болох 166.3 мянган тонн буудайг
одоогийн зах зээ­лийн үнээр борлуулахад 18.2 тэр­бум төгрөгийн алдагдалд
орж болзошгүй байна.  Үүнээс гадна  дотоодын та­риалан эрхлэгчдээс
худалдаж ав­сан болон гаднаас импортлосон гурил, буудайны өр, зээлийг
төлж чадахгүй байгаа асуудал үүс­сэн байсан. Улмаар өр, зээлээ төлө­хийн
тулд төрийн өмчийг барь­цаалан Сангийн сайдын зөвшөөрөлгүйгээр
арилжааны банкнаас зээл авсан байна.

-Улсын хөрөнгө гэхээр юу барьцаалсан юм?

-Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал Ц.Батсайхан Голомт
банкнаас өнгөрсөн онд таван тэрбум төгрөг зээлсэн. Зээ­лийг холбогдох
газруудын удирдлагуудын баталсан гэрээний дагуу өгч, авалцсан юм билээ.
Зээл авахдаа “Дархан гурил тэжээл” ХХК-ийн элеваторт хадгалж байгаа
буудайг барьцаалсан нь тө­рийн өмчийг барьцаалсан хэрэг болсон. Мөн
ОХУ-аас зээ­лээр импортолсон техник, тоног төхөөрөмжийн төлбөрийг
Худал­даа хөгжлийн банкнаас зээл авч төлсөн нь ч дээрх заалттай харшилж
байгаа юм. Тэгэхээр Тариалан эрхлэлтийг дэмжих сан­гийн тухай хуульд
зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм.

-Дотоодын гурилын хэрэг­цээгээ хангаж чадах статистик дүн гарч
байхад гаднаас зээлээр импорт хийсэн нь энэ нөхцөл байдалд хүргэсэн
гэсэн үг үү?

-Уг нь тариаланчдаа дэмжиж, гаднаас үр тариа оруу­лахгүй байх
шаардлагатай байхад импортлож байгаа нь дээрх асууд­лыг үүсгэж байгаа.
Мөн тариа­ланчдад урамшуулал олгож бай­гаа нь их хэмжээний мөн­гийг
үргүй зүйлд зарцуулах шалтгаан болж байгаа юм. Яах вэ, 2007 онд ч юм уу
импортоор үр тариа авах, тариаланчдыг дэмжиж урамшуулал өгөх асуудал
байсан. Гэтэл одоо бүх зүйл жигдэрчихээд байхад урам­шууллыг болиулж,
гаднаас импор­тын үр тариа, гурил авахыг хаах хэрэгтэй. Статистик
дүнгээр до­тоо­дын гурилын хэрэгцээг дотоод­доо хангах үзүүлэлт гарч
байхад ийм ажлыг эхлүүлэх хэрэгтэй. Тариаланчдад олгох урамшуулал нэг
ёсондоо залиланг дэмжиж байгаа явдал болоод байна шүү дээ.

-Ямар учраас тэгж хэлж байна вэ?

-Долоо хоногийн дотор урамшуулал олгох иргэдийн бичиг баримтыг шалгаад л
урам­шуу­лалд хамруулж байгаа нь өрөөсгөл ойлголт. Тухайлбал, зарим аж
ахуйн нэгж хуурамч бичиг ба­римт бүрдүүлж урамшуулал авсан тохиолдол ч
аудитын яв­цад илэрсэн. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын тариалан, мал
аж ахуй эрхэлдэг “Мэргэн хөтөл” ХХК-д аудитын мэргэжилтэй хүн буудай
нийлүүлсэн гэж худал бичиг баримт бүрдүүлэн урамшуулал авсан байх
жишээтэй. Мөн Сэлэнгэ, Хөвсгөл, Орхон аймагт хуурамч бичиг баримт
бүрдүүлж нэр бүхий аж ахуйн нэгж 142.8 сая төгрөгийн урамшуулал авсан
байгаа юм. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж, АТГ-т шилжүүлээд нэг
мөр болж байгаа. Мөн тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг компаниудын тоо
жил бүр өсч байна. Эдгээр компаниуд банкнаас зээл авч, аж ахуйгаа эрхлэн
үр шимийг нь хүртэж байхад дахин урамшуулал олгох хэрэг байгаа  юм уу.
Гэтэл жил ирэх бүр урамшуулалд олгох мөнгөний дүн нэмэгдээд л
хавтгайруулан олгож байна. Ер нь тариалангийн үйлдвэрлэл явуулдаг ихэнх
аж ахуйн нэгж өөрсдийн гурилын компанид буудай нийлүүлээд л урамшуулал
авч байна шүү дээ. 

-Дээрх хариултаас үзэхэд Та­риа­лан эрхлэлтийг дэмжих сан­гийн 
орон нутаг дахь салбарт багагүй зөрчил илэрсэн бай­на. Орон нутгийн
хяналт сул байна гэсэн үг үү?

-Аудитын тайланд салбарууд­даа тавих хяналт сул байгааг  онцолсон. Орон
нутгийн салба­руудад нь гэнэтийн шалгалтын явцад Сангийн сайдын 2005 онд
баталсан Мөнгөн кассын дүрмийг мөрдөхгүй байгаа нь илэрсэн юм. Мөнгөн
хэрэглээний үлдэгдлийн акт аль ч салбарт байдаггүй юм билээ.

-Тус сангийн удирдлагууд хөрөн­гө завшсан хэрэгт холбог­дож, үргүй
зардал их гаргадаг гэдэг шүүмжлэлд нэлээд өртдөг. Энэ удаагийн
шалгалтаар энэ төрлийн зөрчил илэрсэн үү?

– 2008 онд ОХУ-аас 100 мянган тонн буудай, 15 мянган тонн гурил, Энэтхэг
улсын туслам­жийн цагаан будаа, элсэн чих­рийг хүлээн авч, тараах
аж­лыг төлөвлөөгүйн улмаас урсгал зардал хэтэрсэн байсан. Үүнээс болж
дотоод зардлууд нь 340 гаруй сая төгрөгөөр хэтэрсэн. Тухайлбал, шатахуун
зарцуулалт, дотоод томилолт, эд хогшил худалдаж авах зэрэгт илүү зардал
гарсан байсан. Мөн 2005-2008 онд нийт 357.1 сая төгрөгийг Тариа­лан
эрхлэлтийг дэмжих сан­гийн удирдах зөвлөлийн шийдвэ­рээр төсвийн
ерөнхийлөн захирагч, удирдах зөвлөлийн гишүүд, сангийн удирдлага болон
ажилт­нуу­дад олгосон байгаа юм. Энэ хэрэг хууль хяналтынхан чухам яаж
шийдсэнийг мэдэхгүй юм.

-Энэ бүхнийг зохицуулах тал дээр ямар арга хэмжээ авсан бэ?

-Засгийн газрын тусгай сангийн хууль байхгүй болсонтой холбоотой болон
зөрчилдөж байгаа хуулиудыг нэг асуудалгүй болгох талаар Ерөнхий сайдад
зөвлөмж өгсөн. Тусгай сангийн хуулийн дагуу “Тариалан эрхлэлтийг дэмжих
сан”-д байгаа хөрөнгийг нэг тийш шийдэхийг сануулсан. ХХААХҮ-ийн сайд,
Сангийн сайд нарт энэ салбарын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын
явц, чанарт хяналт тавих, тариаланчдад олгох урамшууллыг
хавтгайруулахгүй байх эсвэл хаахыг даалгасан. Мөн Тариалан эрхлэлтийг
дэмжих сангийн захирал Л.Дүйнхэржавт алдаа дутагдлаа засахыг даалгасан.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж