Расселд яагаад мөнгө төлж болохгүй гэж

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Расселд яагаад мөнгө төлж болохгүй гэж

Дэлхийн гигантууд Тавантолгойн талаар таван өнгийн сонирхол илэрхийлж байгаа ч чадвар, туршлагын хувьд жинхэнэ идеал болсон түүнд Монголын төр өндөр цалин амлаж чадахгүй гэнэ. Нүүрс олборлолтоороо дэлхийд тэргүүлэгч “Пибоди энержи” группийн дэд ерөнхийлөгч асан тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад тэнцсэн нь тодорхой болсон. Тиймээс жилд 300-400 мянган ам.доллараар цалинжих саналаа монголчуудад тавьсан юм. Гэвч төр түүнд “Үгүй” гээд хэлчихлээ. Эл үйл явцаас хүний хөдөлмөрийг төдий л үнэлж сураагүй, оюунлаг хүмүүсийг зах зээлд капитал болгох дүрэмд хараахан дасаагүй монголчуудын хуучинсаг сэтгэлгээ тодорхой харагдаж байна.

Ноён Рассел Норман Филлипс “Эрдэнэс Тавантолгой” компанид эзэн суух эрмэлзэлтнүүдийн дундаас тодорсон нь олон зүйлийн учгийг тайлсан нь үнэн.

“Пибоди энержи” группийнхэн одоогоос хоёр, гурван жилийн өмнө Монголын улстөрчидтэй Улаанбаатарт, бас Америкт хэдэнтээ уулзаж, Тавантолгойд хөрөнгө оруулалт хийх хүсэлтээ илэрхийлж байсан. Гэвч Монголын улстөрчдийн хүсэл, зорилгоос гадна дэлхийн гигантуудын ашиг сонирхолтой халз тулах цаг тэдэнд тулгарсан билээ. Тиймээс “Пибоди энержи”-ийнхэн брэнд боловсон хүчнээ санал болгож, сүрийг үзүүлсэн нь энэ. Рассел Норман Филиппсийн хувьд, уул уурхайн салбарын менежментийн туршлагатай төдийгүй геополитикийн уран тоглолтын мастер гэгддэг. Тэрбээр уул уурхайд тэргүүлэгч гэдгээрээ дэлхийд гайхуулдаг австраличуудын алдаа, оноо, бас “Нүүрсээ өгөхгүй бол хилээ хаачихна шүү” хэмээн үе үехэн сэм сүрдүүлдэг Хятадын бодлогоор хэнтэй ч өрөг тавьчих туршлагатай нэгэн. Тийм ээ, энэ бол чадвар. Чадвар, туршлагаа үнэлдэг учраас тэр “Жилд 300-400 мянган ам.доллараар цалинжина” хэмээжээ. Харь хүн өөрийгөө гадаад ертөнцөд ийнхүү үнэд хүргэж чаддаг бол монголчууд боловсрол, мэдлэгтэй, мэргэжлийн туршлагатай хүмүүсээ үнэлж чаддаггүйн улмаас гадаадад ажиллаж, амьдрахад хүргэдэг. Ийм л нэгэн сэтгэлгээний ялгаа Рассел Норман Филлипсийг цалинжуулах тухай дуулианы үеэр мэдрэгдэв. Үнэхээр ч түүнийг цалинжуулна гэдэг Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, “Эрдэнэс Тавантолгой”-н IPO-г гаргахаас ч бэрхшээлтэй байх шиг.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн есөн гишүүнийг оны өмнөхөн сонгосон. Тэдний дунд төрд ажилласан туршлагатай, уул уурхай, хөрөнгийн зах зээлийн мэдлэгтэй нь ч байсан, бас тэр талаар “А” ч үгүй гэмээр хажуугийн тоглогчид ч байв. Гэхдээ тэд өндөр цалин, ихээхэн эрх ямба эдлэх нь тодорхой. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн нийт хувьцааны 50 хувийг төр эзэмшиж, 30 хувийг гадаадын Хөрөнгийн бирж дээр борлуулан 10 хувийг нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн ханшаар зарж, үлдсэнийг нь иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог нь нэгэнт ил болчихсон Тавантолгойг ашиглахын төлөө хувь хүний чадварыг үнэлж яагаад болохгүй гэж. “Эрдэнэс Тавантолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөл энэ сарын 11-нд хуралдахаар товлосон. Гэвч гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтад Рассел Норман Филлипсийг тэнцсэн сургаар тус зөвлөлийн зарим төлөөлөл эгдүүцлээ ийн илэрхийлээд эхэлчихлээ. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл л бий. Харин гүйцэтгэх захирал гэж байхгүй” гэж. Үүгээр ч зогсохгүй тэд Расселд “Ханшаа буулга” гэж шаардана. Жилд 300-400 мянган ам.доллараар цалинжих болзлыг нь хүлээж авахгүй” гэлээ. Уг нь энэ бол гигантуудын хувьд дундаж цалин юм билээ л дээ.

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж