Д.Зоригтын асуудлыг хойшлуулж өгөөч гэж хүссэн

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Д.Зоригтын асуудлыг хойшлуулж өгөөч гэж хүссэн

УИХ-ын гишүүн Ц.Батбаярыг “Ярилцах танхим”-даа урилаа.

-Таныг Д.Зоригт сайдыг огц­руулах бичгээ УИХ-ын даргаас татаж авах гэж байгаа гэх юм. Үнэн үү?

-Би өргөдлөө буцааж татахгүй. Татах ч шаардлага байхгүй.

-Ардын намын Удирдах зөвлөл хуралдаж таныг шийд­вэрээсээ буцахыг шаардсан гэсэн. Танд Удирдах зөвлөлийн хуралд оролцож тайлбар тавих боломж байгаагүй юм уу?

-Би Ардын намын дүрмийн дагуу Удирдах зөвлөлд хандсан. Д.Зоригт сайдыг огцруулах асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцэж шийдвэрээ гаргаач гэж хүссэн. Угаасаа Д.Зоригтын нэрийг Ардын намын Удирдах зөвлөл Эрдэс баялаг, эрчим хүчний сайдад дэвшүүлсэн шүү дээ. Харин Удирдах зөвлөл хуралдаад Д.Зоригт сайдыг огцруулах долоон үндэслэлийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан байна лээ. Энэ асуудлаар надад албан бичиг л ирсэн. Би тэр хуралд оролцоогүй учраас Удирдах зөвлөл ямар шалтгаанаар тийм шийдвэр гаргасныг мэдэхгүй юм.

-УИХ дахь Ардын намын бүлэг Удирдах зөвлөлийнхөө шийдвэрээр ажиллаж байна гэх хардлага байгаа. Ардын намын бүлгийн шийдвэрийг та яаж хүлээж авсан бэ?

-Өнгөрсөн долоо хоногт Ардын намын бүлэг энэ асуудлыг хэлэлцлээ.

 Бүлгийн    хурал дээр би байр сууриа то­дорхой илэрхийлсэн. Д.Зо­ригт ч нөгөө талаас үндэслэлүүдээ хэлж байна лээ. Тэгээд санал хураахад олонхи нь Д.Зоригтыг огцруулах асуудлыг хүлээж авах боломжгүй гэсэн.

-Өргөдлийг тань хүлээж аваагүй шалтгаанаа тайлбарласан уу?

-Бүлгийн хурал асуулт, хариулт гэсэн зарчмаар үргэлжилсэн. Гишүүд тайлбар хэлээгүй.

-Д.Зоригт сайд ямар тайлбар хэлж байна вэ?

-Тэрийг өөрөөс нь асуусан нь дээр. Тэр хүний өмнөөс яриад байх шаардлагагүй.

Танай нам, УИХ дахь намын бүлгээс таныг өргөдлөө тат гэж шууд болон шууд бус утгаар дарамталж байна уу?

-Бүлэг улс төрийн шийдвэр гаргасан учраас шийдвэрээ хэрэгжүүлэхийн тулд шахна шүү дээ. Үүнийг шууд утгаар гэж ойлгож болох байх. Харин шууд бус утгаар гэдгийг чинь ойлгохгүй байна.

-Таны араас танихгүй хүмүүс мөрдөөд, машин дагаад байгаа юм биш үү. Бас танил дүүгийн компанид гэнэт татварын шалгалт оруулсан гээ биз дээ.

-Энэ талаар яримааргүй байна. Цаг нь болоогүй байна.

-Яагаад?

-Өөрийн чинь асуултыг үгүйсгэх газар байхгүй. Ингэж л хариулмаар байна.

-Тантай хамтран УИХ-ын даргад өргөдөл өгсөн гишүүд энэ тухай ярьсан байна лээ. Та болгоомжлоод байгаа юм уу?

-Тэр мэдээллийг үгүйсгэх аргагүй гээд хариултаа хэлчихлээ шүү дээ. Өөр зүйл яримааргүй байна.

-Эдийн засгийн байнгын хороо уржигдар хуралдаж та гурвын өргөдлийн талаар хэлэлцэх байсан. Гэтэл асуудлыг хойшлуулсан нь цаг хожих арга гэж хардаж байна уу?

-Бидний гаргасан өргөдлийн талаар Засгийн газар хэлэлцэх ёстой. Гэтэл Ерөнхий сайд эзгүй байна. Тиймээс Ерөнхий сайдыг иртэл хугацааг сунгаж өгөөч гэсэн хүсэлтийг би гаргасан. Өөрөөр хэлбэл, би хойшлуулах хүсэлт гаргасан.

-Та С.Эрдэнэ, Ц.Сэдваанчиг гишүүнтэй уулзаж байгаа юу?

-Уулзаж байгаа. Бид байр суурин дээрээ хатуу зогсоно гэж тохиролцсон.

-Та гурвын хэн нь Д.Зоригт сайдыг огцруулах бичгийг хамтарч гаргая гэсэн бэ. Та нөгөө хоёртоо хүсэлт тавьсан уу?

-Би Д.Зоригтод хариуцлага тооцуулах асуудлыг эртнээс тавьж байгаа. С.Эрдэнэ, Ц.Сэдваанчиг нар өөрсдөө надтай уулзаж нэгдэхийг хүссэн.

-Эртнээс гэдэг нь хэзээнээс гэсэн үг вэ?

-Өнгөрсөн оны зургадугаар сарын 23-нд Д.Зоригт сайддаа хариуцлага тооцож өгөөч гэдэг асуудлыг Ерөнхий сайдад тавьсан. Дахиад аравдугаар сард энэ хүсэлтээ Ерөнхий сайдад тавьсан. Хариу нь ирээгүй.

-Нийслэлийн цахилгаан, дулааны шинэ эх үүсвэр барих ажил ямар шатандаа яваа талаар  та Ерөнхий сайдад асуулга тавьсан. Хариуг нь Д.Зоригт сайд өгснөөрөө буруутав уу?

-Миний асуулгад Д.Зоригт тодорхой хариулт өгөөгүй. Эрчим хүчний нэгдсэн бодлого гэж алга. Хариуцсан сайд нь зөвхөн уул уурхай ярьж явна. Гэтэл нийслэлийн эрчим хүчний асуудал эгзэгтэй байгааг хүн бүр хэлдэг. Улаанбаатарын эрчим хүч доголдвол хот тэр чигээрээ хөлдөнө. Тийм гамшгийн дараах зардлыг тооцож үзэх байдал үүсчихээд байна. Тиймээс эрчим хүчний бодлогоо эргэж хараач гэж хүсээд, учирлаад байгаа юм. Мөн ТЭЦ-V цахилгаан станц одоо хүртэл баригдах эсэх нь тодорхойгүй байна. Үүнээс болоод нийслэлийг барилгажуулах болон бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтууд хойшилж байгаад салбарын сайд анхаарал хандуулах ёстой биз дээ.

-Та байнгын хорооны хурал дээр Д.Зоригт сайд руу нэлээн дайрсан. Утаагүй түлш үйлдвэрлэх эрхийг яагаад заавал ТЭЦ-II-т өгөх ёстой гэж.

-Утаагүй түлш үйлдвэрлэх технологи, тоног төхөөрөмж нь зөвхөн ТЭЦ-II-т бий. Шаардлага хангах тоног төхөөрөмжтэй байж л чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ биз дээ. Гэтэл юу ч хийдэггүй хувийн компанийг тендерт ялуулснаас болж татвар төлөгчдийн мөнгө салхинд хийсч байгааг аудитын шалгалтаар тогтоолоо. Үүнийг л би хэлсэн.

-Утаагүй түлш үйлдвэрлэх эрхийг авсан  “Аморе интернэшнл” компанийг та нэлээд судалсан бололтой байсан. Үнэхээр ганцхан барилга барьсан компани юм уу. Тэр компанийг тендерт ялахад Д.Зоригт сайд яаж нөлөөлсөн байж таарах вэ?

-Намайг хотын дарга байхад “Аморе интернэшнл” гэж ганц барилга барьсан компани байлаа. Тэр компанийн ард Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар бий. Эндээс тэр компани яагаад тендерт ялсан нь тодорхой байгаа биз дээ. Д.Зоригтын ардаас Ч.Хүрэлбаатар түлхүүрдэж байгаа биз.

-“Аморе интернэшнл” компани тендерт ялж хэдэн төгрөг авсан юм бол?

-Утаагүй түлш үйлдвэрлэх тендер 17 тэрбум төгрөгийн санхүүжилттэй. Тэр мөнгөнөөс хоёр тэрбум гаруй төгрөгийг “Аморе интернэшнл” компанид зүгээр л өгчихсөн. Ямар ч үр дүн гараагүй. Нийслэлийн утаа хэвээрээ байгаа биз дээ. Энэ мөнгийг зөв ашиглавал жилд 50 мянган тонн утаагүй түлш үйлдвэрлэх боломжтой. Дарханд жилд 25 мянган тонн утаагүй түлш гаргах үйлдвэрийг 300-400 сая төгрөгөөр байгуулсан байна. Ийм найман үйлдвэр байгуулах мөнгийг л “Аморе интернэшнл”-д өгчихсөн байгаа биз.

-Та хотын дарга байхдаа утаатай тэмцэх боломж байгаагүй юм уу?

-Миний үед энэ ажил эхэлсэн шүү дээ. ТЭЦ-II, Багануурын уурхайд утаагүй түлш үйлдвэрлэж байлаа. Гэрийн дулаалга ч намайг хотын дарга байхад эхэлж байсан. Гэхдээ тэр үед мөнгө байгаагүй. 200, 500 сая төгрөгөөр л утаатай тэмцэж байсан. Харин одоо тэрбум, тэрбум төгрөг ярьж байна шүү дээ.

-Урт нэртэй хууль баталснаас хойш 192 ширхэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг усны эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт олгосонд Д.Зоригт сайдыг буруутгасан. Лиценз авсан компаниуд Д.Зоригт сайдтай холбоотой юу?

-Бүх компанийн нэрийг аваад судалж байна. Судалсны дараа ямар учиртай нь тодорхой болно.

-Оюутолгойтой холбоотой маргаанд та бас салбарын сайдыг нь буруутгажээ. Оюутолгойн гэрээний талаар Засгийн газрын гишүүд мэдээлэл өгч Хувь нийлүүлэгчдийн гэрээг өөрчлөхөө мэдэгдсэн. Ямар ч байсан Засгийн газар алдаагаа засахыг оролдож байгаа юм биш үү?

-Засгийн газар хувийн компанийн эрх ашгийн төлөө гэрээ байгуулсан. Төсвийн байнгын хорооноос ажлын хэсэг өнгөрсөн оны гуравдугаар сард байгуулагдаж Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтыг шалгахаар болсон. Гэтэл Д.Зоригт сайд шаардлагатай мэдээлэл гаргаж өгөөгүй. УИХ-ын ажлын хэсэг гудамжны яриагаар шалгалт хийлтэй нь биш, ажиллах боломжгүй болчихоод жил шахам Д.Зоригтыг хүлээж байна. Оюутолгойн гэрээг би анхнаасаа эсэргүүцэж байсан. Одоо ч гэрээний талаар тодорхой мэдээлэлгүй байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээг яаж өөрчлөх гээд байгааг нь ч мэдэхгүй байна. Тодорхой хүрээнийхэн л энэ асуудлыг мэдэж байгаа юм байлгүй. Уг нь гэрээг бүгдийг нь ил болгож байгаад зүйл, заалт бүрийг нь нягталж үзэх ёстой. Угаасаа нэг компанийн хүссэнээр гэрээ хийсэнд тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр болон Засгийн газрын гишүүд буруутай.

-Таны хүссэнээр Д.Зоригт сайдыг огцруулбал хамтарсан Засгийн газар хөдөлгөөнд орох нь тодорхой. Харин УИХ дахь Ардын нам, Ардчилсан намын гишүүд Засгийн газрыг хөдөлгөх сонирхолгүй байгаа. Та Д.Зоригтыг огцруулснаар намынхаа бодлогоос гөжиж байгаа юм биш үү?

-Нэг сайд огцорсноор хамтарсан Засгийн газар өөрчлөгдөнө гэж байхгүй. Надад ч Засгийн газрыг тараах бодлого байхгүй.

-Та байнгын хорооны хурал дээр “Чамайг огцруулна, харж л байгаарай” гэж мэдэгдсэнээ хэрэгжүүлэх гэж улайраад байгаа юм биш үү. Та хоёрт албаны болон хувийн эрх ашгийн зөрчил бий юу?

-Д.Зоригт бид хоёрт ямар нэг харилцаа байхгүй. Хувийн болон бизнес, улс төрийн харилцаа байхгүй гэдгийг хариуцлагатай хэлмээр байна. Тэр хүнтэй цуг сууж байгаад ажил хийж үзээгүй. Миний ах дүү, төрөл садны дотор энэ салбарт бизнес эрхэлдэг хүн ч байхгүй. Тэгэхээр ямар эрх ашгийн зөрчил байх ёстой гэж.
-Та УИХ-ын даргад өргөдөл өгснөөсөө хойш Д.Зоригт сайдтай уулзсан уу?
-Уулзаагүй. Уулзах ч шаардлага байхгүй.

-Д.Зоригт сайдын тендер будилаантуулдаг мэтээр ярьж байхаар шалгуулж болдоггүй юм уу?

-Буруу зүйл хийсэн бол огцрох л ёстой. Огцорсных нь дараа шалгуулж болно. Огцруулна ч, шалгуулна ч. Д.Зоригтыг огцруулах долоохон үндэслэл гаргасан. Өөр олон асуудал байгаа. Эхний ээлжинд өргөдөлд дурьдсан асуудлынхаа хүрээнд л яръя.

-Та нэг ярилцлагадаа “Би М.Энхболдын хүн гэдгээсээ ичдэггүй” гэж ярьсан байсан. Уучлаарай, таныг ийм шийдвэр гаргахад М.Энхболд нөлөөлсөн юм биш биз?

-Би өөрийнхөөрөө л байх дуртай хүн. Тиймээс ч УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд өөрийнхөө шийдвэрээр л явж байна. Улстөрч хүн хэн нэгний турхирснаар явж болохгүй гэдгээ мэднэ шүү дээ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж