Албан тушаалын ”Терминал”-д УИХ-ын даргыг урьж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Албан тушаалын ”Терминал”-д УИХ-ын даргыг урьж байна

УИХ-ын дарга Д.Дэм­бэрэлийг С.Баяраар солих ту­хай     яриа нууц хү­рээнд үүссэн  хэдий ч “өлгийдөө” байхад нь “гэрэл цохисон”, дараагийн кандидат ичингүйрсэн зэрэг шалтгаанаар хойшилсон билээ. Хэдийгээр МАН-ын Удирдах зөвлөл гэж хүчирхэг “машин” ажиллаж буй ч парламент дотор бол “Матар хэзээ ч хэлээ гаргаж чаддаггүй” шиг эрхэм гишүүд спикерээ аваад хаячихад амаргүй л дээ. Анхнаасаа сайдын суудал гоё харагдаад алх тогших эрхийг тоогоогүй. Харин одоо сонгууль дөхөөд ирэхийн цагт улс төрийн асар том нэр хүнд бүхий үнэ цэнэтэй энэ суудлыг насны намбыг нь хүндлэн тавьж өгсөндөө сэм  халаглах хүн  цөөнгүй. Хангалтгүй ажиллаж байна, гишүүдээ ч удирдаж дөнгөхөө байж гэсэн улс төрийн хатуу шүүмжлэлийг  Д.Дэмбэрэл дарга тунгааж л байгаа. Таван парламентад дараалж суусан гавьяа бий ч 60, 70-аад оныхны мэдлэг боловсрол хийгээд сэтгэлгээний хурдыг гүйцэхгүй байгаа нь бас үнэн. Гэвч Ц.Нямдорж шиг өөрийн хүсэлтээр алхаа шилжүүлж түргэдэхгүй, алдаагаа засъя гэж шийдээд ойрын үед нэлээд ширүүлэх болсон.  Гэнэт Д.Зоригт сайдын асуудлыг хэлэлцэхээр байнгын хороог дарамталж хуралдуулаад л, УИХ-ын Дэгийн тухай хуулийг сэмхэн хэлэлцүүлж сэтгүүлчдийн эрхийг хаах зэрэг  жигтэй саналуудыг ч нягтлахгүй батлуулаад байгааг ойлгохгүй юм.

Тухайлбал, Дэгийн тухай хуулийн төслийг батлахад “Сэтгүүлчдийн мэргэжлийн ур чад­варыг шүүнэ” гэсэн үг, өгүүлбэрийг уншиж танилцуулсан нь лавтай. Тэр үед “Хүүе, энэ чинь юу вэ, мэргэжлийн сэтгүүлчдийг би шүүх үү, гишүүд шүүх үү” гээд асуучих мэдрэмжгүй байгаагаас харахад ардчилсан парламент толгойлж байгаагаа гүйцэд ухамсарлалгүй хорин жилийг өнгөрүүлжээ. Эсвэл үзгийн үзүүр хүргэвэл Ц.Нямдорж шиг суудлаа өгөх болно гэж айгаа юу. “Мал маллахаа марксизмаар заалгахгүй” гэгчээр Монголын сэтгүүлчид ур чадвараа Д.Дэмбэрэл зэргээр шүүлгэхгүйгээ бас мэднэ. 

“Эргэж харах шаардлагатай” гэсэн шүүмжлэл дагуулсан хуулиуд олширч байна. Цоорхой хууль гэсэн нэр томьёо байсныг ингэж зөөлрүүлсэн хэрэг л дээ. Зарим хуулийн нэрийг ч оноогоод өгч чадахгүй байгаагаас “Урт нэртэй хууль” гэж дуудах болсон нь биш үү. Ийм баялаг монгол хэлнээс 22 үгийг базаад товчилчихож чадахгүй хэрнээ ашиг сонирхлын зөрчлөө шургуулахаар оролдох “оюуны ядуурал”-д автсан гишүүдийнхээ санаачилсан төсөл болгоныг шалгуур шүүлтүүргүйгээр батлахаар цаг хугацаа, хөрөнгө хүч гарздаж байх ч гэж. Улсын төсвөөс нь хэт томдсон гарз дагуулсан хууль хэлэлцүүлж суухдаа мань Д.Дэмбэрэл сэрүүн байсан гэдэгт эргэлзээтэй.  Дээр нь иргэний хөдөлгөөнийхний үймээн, бослого гаргах аятайхан далим болов. УИХ-ын энэ удаагийн намрын чуулган удахгүй завсарлана. Гол хүлээлт,үүрэг хариуцлага нь Сонгуулийн тухай хууль байсан. Хэлэлцэж амжилгүй хойш тавьсан нь үнэлж баршгүй хор холбогдолтой, уучилж болшгүй алдаа гэдгийг спикер өөрөө мэдэхгүй байх шиг байна.

Нэрт зохиолч, их бичгийн хүн Б.Ринчен “Далан настанд даруулга хэрэгтэй” гэж зүгээр ч нэг хэлээгүй л болов уу. УИХ-ын сонгуулийн мөчлөг дундаа орж, “хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо” хэмээн намын идэвхтнүүд хашгиралдаж, ахмад гишүүн Д.Дэмбэрэлийг албан тушаалын “терминал” хүлээж буй нь яах аргагүй үнэний хувьтай. Дээхнэ үед төрсөн өдрийг нь сайхан тэмдэглэж өгөөд тэтгэвэрт нь гаргахаар ёслол төгөлдөр үддэг байсан бол орчин цагт “лааз өшиглүүлэх” гэгч шинэ нэр томьёо гарсан. Харин УИХ-ын даргын хувьд үүнээс эмээх юмгүй. Эрхэм гишүүнийхээ үүргийг гүйцэтгэн амар тайван “улс төрөө хийх” бүрэн боломжтой. Одоогоос хоёр жилийн өмнө 66 насанд нь итгэл хүлээлгэсэн сонгогчиддоо, татаад гаргаад ирсэн намдаа, тэр үеийн намын дарга байсан С.Баяртаа ч баярлах хэрэгтэй.

Улс төрийн их зүтгүүр урагшлах, бүр яаравчлах шаардлагатай байна. Нэгэн сэтгэгч “Би боловсролын сайдаас айхгүй байна. Харин сайдын боловсролоос л айж байна” хэмээсэн байдаг. Өнөөдөр УИХ-ын даргаас жирийн иргэн юундаа айх билээ. Гагцхүү түүний  мэдлэг чадвар, хурдаас олон хүн “эмээж” байгаа нь лавтай.

Ховдынхон хорин жил түүнд боломж олголоо. Таван парламентыг тасралтгүй нээж  байсан ахмад парламентач Д.Дэмбэрэлийн хувьд төрдөө хангалттай “зүтгэлээ”. Одоо терминал буюу эцсийн цэгт тулж ирлээ. Үүнийг хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй.  Хэрэв энэ мөчид түүнийг өөрийнх хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгвөл Монголын ард түмэн хайрлана уу гэхээс муу хэлэхгүй нь лав.  Тэгээд ч Төрийн тэргүүнээс эхлээд Төв банкны ерөнхийлөгч хүртэл Ховдынхон байхад нутгийнхаа фракцид санаа зоволтгүй. Үүнийг танай парламенттай тэмцэл зарлаад байгаа чөлөөт сэтгүүлчдийн хэн нь ч хэлэх биз ээ. Харин чуулганы дугуй танхимд өөдөөс тань ширтэн суугаа эрхэм гишүүд одоохондоо бодохоос хэтрэхгүй л байгаа даг.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж