Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

МАН & НАХЯ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    МАН гэдэг нэрийг хуучин цагийн Нийгмийг аюулаас хам­гаалах яам буюу НАХЯ-тай хам­татгахаас өөр арга алга. Хуучны кино, жүжиг энэ тэрд НАХЯ гэх айхтар “мангас” шиг газар гардаг даа. НАХЯ гэгч байгууллага тухайн үед Ху намын эсрэг дуугарсан, үг хэлсэн нөхдийг шууд л барив­чилж, шоронд хорихыг нь хорьж, бүр болохгүй хү­мүү­сийг нь буудан хороож бай­сан гэдэг.

    Одоогийн МАН-ынхан тэр үеийн НАХЯ-ны хийдэг байсантай төстэй үйл ажиллагааг аажмаар хийж буй бололтой. Намынхаа эсрэг дуугарч, үг хэлсэн, эвлэлдэн нэгдсэн нөхдүүдийг аажмаар замаасаа зайлуулж байна. Тэгээд бүр болохгүй байгаа нэгнийг нь мөрдөн мөшгиж, айлган сүрдүүлж, ар гэрийнхэн, найз нөхдийг нь дарамталж байгаа гэнэ. МАХН шинэчлэл хийж, МАН болохтой зэрэгцэн хуучин намаа сэргээхийн төлөө эвлэлдэн нэгдсэн Ц.Шинэбаяр, С.Молор-Эрдэнэ тэргүүтэй хүмүүсийг хэлж байна л даа. Гол дүр болох Ц.Шинэбаяр аргагүйн эрхэнд хэвлэлийнхэнд хандаж, “МАН-ынхан ингээд байна шүү дээ” хэмээн гомдоллов. Түүний хэлж байгаа үнэн бол МАН-ынхан тэртээ 60-70-аад оны үе рүүгээ буцахаар эргэлт буцалтгүй шийдсэн бололтой. Шийдсэн гэхээсээ илүү аль хэдийнэ буцаад оччихсон гэж болох нь. Хэрвээ Ц.Шинэбаярын хэлснээр Үндсэн хуулийн Цэц, УБЕГ, АТГ гээд төрийн бүхий л байгууллага МАН-ын талд ажиллаж байгаа бололтой. Тэд бүгд МАН-ын талд үйлчилж, Ц.Шинэбаярын эсрэг л бол хууль зөрчсөн ч хамаагүй хэмээн гөжүүдэлдэг болсон гэнэ. Жишээ дурьдаж болно.

    Үндсэн хуулийн Цэцэд Ц.Ши­­нэбаяр нарын хүмүүс МАХН-ын нэрийг сэргээх ту­хай хүсэлт гаргангуут бараг л таван ми­нутын дараа МАН-аас утаст­даг гэж байгаа. МАН-ынхан утсаар ярихдаа “Чи яагаад, ямар учиртай хүсэлт энэ тэр гаргаад байгаа юм” гэдэг юм байх. “Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн манаач байж, хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргахаа больжээ” хэмээн Ц.Шинэбаяр гомдоллож байна. Үүнээс гадна Ц.Шинэбаяр УБЕГ-т хандан “МАХН гэдэг нэртэй нам байна уу” гээд албан ёсоор хүсэлт гаргадаг гэнэ. Харин тэд “Улс төрийн намын нэрийг шүүн гаргаж өгөх боломжгүй” гэх хариулт өгдөг аж. Хачирхалтай нь “МАН гэдэг нам байна уу” гэж асуухаар Сүхбаатарын Батболд гэж хүн тэдэн сарын тэдний өдөр тийм регистртэйгээр бүртгүүлсэн бай­на гэдэг бололтой. МАН-ыг бол шүүж өгөөд, МАХН-ыг боломжгүй гэхээр хэн ч гайхна шүү дээ.

    Түүнчлэн Ц.Шинэбаярыг үл мэдэх хүмүүс дагадаг, мөрддөг, ар гэр, найз нөхдийнх нь эрхэлдэг компани, аж ахуйн нэгжийг нь дарамталдаг, шалгадаг болсон гэнэ. МХЕГ газар зэрэг эрх бүхий байгууллага байн байн шалгалт хийж, зөрчил илрүүлж чадахгүй болохоороо зөвшөөрлийг нь хүчингүй болгож байгаа аж. Түр штабынх нь гадаа машинтай нөхдүүд ирчихээд зөөврийн компьютер гаргаж тавиад суучихдаг гэж байгаа. Яг ямар зорилготой нь мэдэгдэхгүй. Бас болоогүй, санаандгүй автын осол нэгээр нэмэхийг хүсээ юу гэлтэй түүний машины ар өврөөс хэн нэгэн “танихгүй” жолооч мөргөх гэж оролддог болсон гэж байгаа. Аймаар биш гэж үү. Хэрэв Ц.Шинэбаярын хэлж байгаа үнэн бол  Монголын ард түмний 20 жилийн турш бий болгосон ардчиллын үнэт зүйлс үгүй болж байгаа юм шиг байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэж ярьж байгаа боловч үнэн хэрэгтээ бүх зүйл зөвхөн МАН-ын зөвшөөрөл, хяналтын дор явагдаж байгаа бололтой. Эцсийн дүндээ Ц.Шинэбаяр нарын нөхдүүд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө МАН-ын дарамтад орж, хавчигдаж байна. Энд мөн “улаан хацарт” Ц.Батбаярыг нэрлэж болно. Тэрбээр намынхаа сайдын булхайг илчилснийхээ төлөө бас хавчигдаж, мөрдөгдөж, ах дүү хамаатан садан нь хүртэл шалгагдаж эхэлсэн гэхээр айдас төрмөөр. Гэтэл Ардчилсан нийгэмд амьдарч буй хэн бүхэн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх бүрэн эрхтэй. Тэр эрхийг МАН-ынхан хааж байгаа болохоор хуучин цагаа санагалзлаа, бүр эргэн очлоо гэж дүгнээд байгаа юм. Өөрсөдтэйгөө санал нийлэхгүй байгаа хэн нэгнийг “хувьсгалын эсэргүү” нэр зүүлгэж, НАХЯ-аар дамжуулан барьж, хорьж, дарамталдаг асан 50-60-аад оны МАХН шинэ зуунд МАН болон дахин мэндэлсэн бололтой.

    МАН-ынхан энэ үйлдлээ тайлбарлаж байгаа л даа. Юу гэхээр, өнөөдөр ардчилсан нийгэмд хүн бүр хуулийн хүрээнд амьдарч, ажиллах ёстой, тийм болохоор бид хуулийн дагуу шүүхэд хандаж байна гэж. Хууль зөрчсөн болохоор албан ёсоор шүүхэд хандлаа гэж яриад байгаа юм. Үнэндээ бол хэн ч хууль зөрчөөгүй гэдгийг хуульчид нь хэлж байгаа. Татан буугдсан болон нэрээ өөрчилсөн улс төрийн намын хуучин нэрийг 24 жилийн дотор өөр хэн нэгэн ашиглах, өмчлөх, дахин сэргээхийг хориглох тухай Үндсэн хуулийн заалтыг МАХН-ынхан өөрсдөө 2005 онд аваад хаячихсан. Яг энэ зүйл, заалтын дагуу МАХН МАН гэдэг нэрийг сэргээж авсан. Тэгвэл МАХН-ыг одоо яагаад дахин сэргээж болохгүй гэж. Эсвэл МАХН гэдэг нэртэй өөр нам байгуулж болно шүү дээ. Хуулиар ямар ч хязгаарлалт, хориг байхгүй. “МАН бол МАХН-ын эхлэл бөгөөд үргэлжлэл” гэх мундаг зүйлийг МАН-ынхан дүрэмдээ оруулсан байгаа. Үүгээрээ бас халхавч хийж, МАХН гэдэг нэрийг өмчлөхийг хориглоно гэж тайлбарлаж байна. Гэхдээ аль нэг намын дотоод дүрэм улсын хуулиас хүчтэй байх үндэсгүй шүү дээ. Үүнийг МАН-ынхан мэдэж байгаа болохоор байдаг хүчээрээ Ц.Шинэбаярын эсрэг тэмцэж, айлган сүрдүүлж, дарамталж байгаа бололтой. Хамгийн гол нь төрийн байгууллагууд МАН-тай нэгдчихээд, Үндсэн хууль зөрчиж байгааг хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй. Хэрэв Ц.Шинэбаярын хэлсэн үнэн бол шүү дээ. МАХН нэрээ өөрчилж МАН болохдоо “XXI зуунтай хөл нийлүүлэх гэж уугуул нэрээ сэргээлээ” гэж байсан ч үнэн хэрэгтээ XX зуунаа санагалзсан бололтой. Тухайн үед У.Хүрэлсүх гэгч нөхөр “Ардын нам, Ардын засаг мандтугай” гэж орилоод байсан нь ч ийм учиртай байж. Ц.Шинэбаярыг өмөөрч, МАН-ыг муулах гэсэнгүй. Зүгээр л бодит байдал ийм байна. МАН-ынхан аажмаар хуучин цагийн НАХЯ болж буй бололтой.

    Л.Дэлгэр.

    Зохиогчийн эрх: “Монголын мэдээ” сонин.
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж