
Хаврын сар эхлэхтэй зэрэгцээд ой хээрийн түймэр газар авдаг. Энэ жил хүйтэн байгаа учир ой хээрийн түймэр өмнөх жилүүдтэй харьцулахад бага байсан ч энэ сарын 2-нд Ховд аймгийн Буянт сумын “Нарийн гол” багийн “Буржгарын тохой” гэдэг газарт хулсны түймэр гарч эхэлжээ. Эхэндээ бага газар уугиж байсан түймэр нэмэгдсээр одоогийн байдлаар өргөөшөө 25 км,уртаашаа 12 км- талбайг хамраад байна. Тус аймагт салхи ихтэй байгаа учир “Хашаатын далан” гэдэг газрыг хамарсан гэнэ. Аймгийн Онцгой байдлын хэлтсээс шуурхай арга хэмжээ авч 25 албан хаагч, сум орон нутгаас 84 хүн ажиллажээ. Хамгийн сүүлд ирсэн мэдээгээр түймэр унтраах ажилд нийт 121 хүн, 12 автомашин ажиллаж цурманд оруулжээ.
Түймэр гарсан газарт нэг айлын гэр, 400 гаруй бог мал шатсан юм байна. Гал түймэр гарсан газар 30 гаруй өрх байгаагаас 26 өрхийг нүүлгэн шилжүүлэн, 35 хүнийг аварчээ. Ой хээрийн түймэр яагаад гарсан нь одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд 6800 га газрыг хамарсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэгдлээ.
Х.Хангал