Анхны гол дүр минь Юндэн байсан

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Анхны гол дүр минь Юндэн байсан

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлол дуучин Э.Амартүвшинтэй ярилцлаа. Түүнийг дуурийн урлагт дуртай үзэгчид Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрээр сайн таних билээ.

    -Та саяхан Парист залуу дуучдын уралдаанд оролцсон. Бас Галина Вишневскаягийн нэрэмжит тэмцээнд оролцож байсан. Гадны дуучид Монгол дуучдаас ямар ялгаатай байдаг вэ?

    -Өнгөрсөн хавар Оросын ардын жүжигчин Галина Вишневскаягийн нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд оролцсон. Тэмцээнд 200 гаруй дуучин оролцоход Монголын таван дуучин сүүлийн шатанд үлдсэн. Уралдаанд оролцож, бас хажуугаар нь олон сайхан зүйл үзэж, гадны дуучдын дуулахыг сонсоод их зүйл сурсан. Гадны дуучид маш их зүйл сонсдог. Багаасаа хөгжмийн боловсрол эзэмшсэн, онолын мэдлэг сайтай, чадварлаг юм билээ. Манайхан ч гэсэн их гадны дуучдаас дутахгүй мундаг. Би бас саяхан Францад Парис хотоос зохион байгуулж байгаа “Paris International Opera Competition” гэх залуу дуучдын уралдаанд оролцоод ирсэн. Нэгдүгээр шатанд Монголоос бичлэгээ явуулаад 350 дуучдаас хоёрдугаар шатны 23 дуучин шалгарч, Парист очиж оролцоод ирсэн. Хэдийгээр гуравдугаар шатанд үлдэж чадаагүй ч их зүйлийг сурч мэдсэн. Сүүлийн шатанд үлдсэн 14 орны дуучид бүгд их чадварлаг байсан. Италид мэргэжил дээшлүүлсэн, шинэ залуу хүч түрэн гарч ирж байгаа сайн дуучид оролцсон. Уралдааныг алдартай гурван дуучин, мөн Францын театрын агентлагийн захирал нар шүүж байсан. Уралдааны сүүлийн шатанд найман дуучин үлдэж, 20 настай сопрано түрүүлсэн. Дэлхийг тойрсон, манайхнаар бол “од” болсон. Дараагийн байруудад Солонгосын басс, Казахтаны тенор шалгарсан. Гэхдээ тэнд байсан хүмүүс Монголын дуучдын хоолой маш хүчтэй мундаг гэж ярьж байсан.

    -Ер нь аль улсын дуучид хамгийн сайн байсан бэ?

    -Солонгосын дуучид маш чадварлаг байна. Ялангуяа эрэгтэй дуучид нь. Хоёрдугаар шатанд 23 дуучин үлдэхэд зургаа нь Солонгосын дуучин байсан. Мөн  Орос, Мексик, Америк, Хятадын дуучид бас оролцсон. “Metropolitan” театрт тоглолтоо хийж байсан Америкийн нэг дуучин байсан. Гадаадын дуучид ямар байна, биеэ яаж авч явах гээд сурах зүйл их байна. Дуурийн дуучин хүн итали, англи хэлийг дээд зэргээр судлах хэрэгтэй.

    -Уралдаанд оролцож байхад ажлын санал ирсэн үү?

    -Одоохондоо ирээгүй л байна. Гэхдээ цаашид бол санал ирэх байх аа. Одоо бол би арай болоогүй. Сайн боловсорч, сурч мэдэх хэрэгтэй байна. Дуурийн дуучин гэдэг маш хүнд мэргэжил. Хоолойгоо хайрлаж байх хэрэгтэй.  Hоолойдоо тохирсон дуу дуулах хэрэгтэй. Насаа яваад ирэхээр дуурийн дуучдын хоолой бүр гоё болдог гэдэг. Тиймээс би бүрэн боловсроогүй байна.

    -Ер нь яагаад дуурийн дуучин болсон бэ?

    -Би багадаа дуулдаг хүүхэд байсан. Хөдөө өссөн. Ер нь ичимхий хүүхэд байсан. Наймдугаар ангид ордог жилдээ дуулж эхэлсэн. Тэгээд л би дуучин болох ёстой юм байна гэж шийдсэн. Аав ээж хоёр маань “Чи өөрийнхөө сонирхлоор яв. Цаг заваа юунд хамгийн их зарцуулж байна, түүн рүүгээ яв” гэдэг байсан. Ингээд би Соёл урлагийн их сургуульд орох ёстой юм байна гэж бодсон. Гэхдээ яг ямар чиглэлийн дуучин болохоо тухайн үед мэдэхгүй байсан. Ес, аравдугаар ангидаа дуурийн дуучин гоё гэж сонирхож байсан. Ер нь бол дуурийн дуучин болно гэж байгаагүй. СУИС-т орж ирээд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ерөө багшийнхаа шавь болоод дуурийн урлаг гэж ямар агуу, сайхан болохыг мэдэрч эхэлсэн. Одоо театртаа ажиллаад хоёр жил болж байна.

    -Ингэхэд таны хамгийн анх үзсэн дуурь?

    -Миний хамгийн анх үзсэн дуурь “Учиртай гурван толгой”. Анх үзэхэд бүх дүр нь гоё санагдаж байсан. Нэгдүгээр дамжаанд байхдаа дуурь үздэггүй байсан.  Хоёрдугаар дамжаан ороод бямба гариг бүр дуурь үздэг болсон. Театрт тоглолт үзэхийн тулд “туулайчилдаг” байлаа, театрын ажилчдын хаалгаар ороод л…  Театрын эгч нар бас загнана. Тэгээд хамгийн сүүлд хүмүүс орсны дараа ор гэдэг болохоор бид хүлээгээд зогсчихно. Тэгж байж нэг орж байгаа юм.  Дуурийн урлагт тэгтлээ их дурласан даа.

    -Одоо таны хамгийн их тоглохыг хүсч байгаа дуурь гэвэл?

    -Зөндөө. Хамгийн их хүсдэг дүр гэвэл Дж.Вердийн  дуурийн Риголеттад дуулах. Би өөрөө их дурладаг. Риголеттагийн дүрийг гаргана гэдэг асар хүнд. Бид одоо л үүнийг мэдэрч байна. Анх бол би чадна, дуулна гээд л бор зүрхээрээ тэмүүлдэг байсан. Гэтэл тийм биш, гэдгийг одоо мэдэрч байна. Риголетта өндөр настай, алиа салбадай,. Би өөрөө залуу хүн. Дээр нь би том том дүрүүдэд тоглосон туршлагатай дуучин биш. Тийм болохоор олон талаас нь судлаад л байна.

    -Та урын сандаа хичнээн дуурьтай болсон бэ?

    -Анх театрт орж ирээд “Учиртай гурван толгой” дуурьд гол дүр бүтээсэн. Юндэнгийн дүрд. Жижиг жижиг дүрүүдэд бол тоглож байсан. Энэ жилээс хэд хэдэн дуурьд гарах санаа байна. Шалгуулна. Дотроо бол Б.Шаравын “Чингис хаан”, Дж.Вердийн “Риголетта”, Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн дүрд дуулах юм сан гэж бодож байна.

    -Тайзан дээр гарах бүртээ сандардаг уу?

    -Тэгэлгүй яахав. Сандарна, айна. Хамгийн анх тайзнаа гарахад бол бүр хэцүү. Юу болоод өнгөрснийг мэдэхгүй. Тоглол дуусаад тайзны ард ороход л амармаар санагддаг.

    -Дуурийн дуучин гэдэг дуулахаас гадна жүжиглэх ур чадвар их чухал санагддаг?

    -Тийм ээ. Жүжиглэх ур чадвар эзэмших шаардлагатай. Бас дуурийн дуучин асар өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Хөгжмийн сонсгол сайтай, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, авхаалжтай байх ёстой гэж би боддог. Мэдрэмж л хамгийн чухал. Манай багш нар “Дуулж байхдаа удирдаач руу морин хараагаар харж байх хэрэгтэй” гэж хэлдэг юм. Урагшаа хараад дуулж байхад нүднийхээ булангаар удирдаач руу харж л байх ёстой. Тайзан дээр юу ч болж болно. Тэр бүгдийг дор бүр нь засаад явах хэрэгтэй байдаг. 

    -Зарим дуучид, дэлхийн сонгодог дуурьд дуулахаас илүү үндэсний дуурьд дуулах нь хэцүү байдаг гэсэн?

    -Надад бол үндэсний дуурьд дуулах нь илүү дөхөм санагддаг. Учир нь би Монгол хүн. Тиймээс монгол ёс заншлаа мэднэ, үндэсний хувцас маань ямар ч монгол хүнд сайхан зохидог. Тэгээд бодохоор илүү дөхөм юм шиг санагддаг. Харин дэлхийн сонгодог дууриуд бол хэцүү. Гадаад хэл дээр дуулна, дүрээ маш сайн судалсан байх ёстой. Гадаад хүний төрх царай, нүүрний хувиралт, алхаа гишгээ гээд бүгдийг нь судлах хэрэгтэй байдаг. Гэхдээ аль аль нь амаргүй.

    -Аав ээж хоёр тань таны тоглосон “Учиртай гурван толгой” дуурийг анх үзээд юу гэж хэлж байсан бэ?

    -Анх үзээд миний хүү сайхан дуулж байна л гэсэн. Өөр юм хэлээгүй. Манай аав ээж хоёр байнга тоглолтыг маань үзээд байх боломжгүй. Хаяахан л үздэг юм.

    -Дууриас өөр дуу дуулж байв уу?

    -Монгол хүн юм чинь ардын дуу, уртын дууг дуулчихна. Багадаа уртын дууг их хөөрхөн дуулдаг байсан. Одоо бол аялаад л өнгөрч байгаа юм.

    М.Дөлгөөн
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж