Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

О.Магнай идэвхижив

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    О.Магнай, З.Батзандан гэх хоёр эрхмийн нэрийг монголчууд хэдэн жилийн өмнөөс “холбоо үг” мэт хоршуулан ярьж, иргэний нийгмийн төлөөлөл хэмээх сүр дуулиантай тодотголоор энэ залуус олны танил болж байлаа.  

    Өнгөрсөн 2008 оны УИХ-ын сонгуульд хоёул нэр дэвшиж, эцэст нь долдугаар сарын 1-ний үймээний буруутан болж, О.Магнай нь шоронд хоригдож хүртэл үзсэн. Ямартай ч “иргэний нийгэм” гэдэг үгийг монголчуудын чихэнд хоногшуулж, ийм төлөөлөл нийгэмд хэрэгтэй гэдгийг ойлгуулсан нь яалт ч байхгүй тэдний ард түмний өмнө гүйцэтгэсэн онцлох үүрэг. Жилээс жилд хийх үйлдэл, сонгох сонголт, хэлэх үг гээд нийгмийн оролцоо, улс төрийн хэв маяг, үзэл бодол нь өөрчлөгдөх болсон “иргэний хөдөлгөөн”-ий нэрт төлөөлөгчдөөс З.Батзандан нь өдгөө “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдон, улс төрөөс хальж, уул уурхайн том бялуунаас хуваалцаж яваа бол түүний дотны анд О.Магнай олон сар чимээгүй байсны эцэст иргэний хөдөлгөөнүүдээ нэгтгэн хэвлэлийнхний өмнө гэнэт гарч ирлээ.

    Тэрбээр “Миний Монголын газар шороо”, “Амлалт нэхэх ард түмний холбоо” “Иргэний хөдөлгөөн”-ий тэргүүн гэхчлэн өөрсдийнх нь араас төрсөн эвсэл, хөдөлгөөнүүдтэй нэгдэж, сар бүр тогтмол өдөр сонгон улстөрчдөд хаягласан жагсаал, цуглаан хийх ээлжит төлөвлөгөө боловсруулжээ.

    2012 оны сонгуулийн үнэр сэнхийж, улс төрийн намууд бужигнаж, эвдрэлцэх нь эвдрэлцэж, эвлэрэх нь эвлэрч, зарим нэг нь цэцэг, навч өгч авалцан сайхан, муухай бүхнийг найруулан “жүжиг тавьж” эхэлж байгаа энэ үед О.Магнай ил гарч ирэх нь мэдээжийн хэрэгч байж болох юм.

    “Өнөөдөр манай улсад нийгмийн үнэт зүйл, зарчим нь алдагдаад байна. Энэ байдлыг засахын тулд иргэд өөрсдөө тэмцдэг байх учиртай. Ингэснээр ардчилсан нийгмийн дархлаа тогтдог. Энэ дархлааг тогтоохын тулд бидний хэсэг нөхөд чадан ядан тэмцэж байна. Дархлааг хүчтэй болгохын тулд иргэн бүр тэмцэгч байж, бидний зохион байгуулж буй “Эрх чөлөө 16” цуглаанд оролцохыг уриалмаар байна” гэсэн танил үгс О.Магнайгаас уналаа. Иргэний хөдөлгөөнүүд энэ сарын 16-наас эхлэн цаашид сар бүрийн 16-ны өдөр “ард түмний төлөө” гэх автортой цуглаанаар бидэнтэй уулзаж байх бололтой.
     

    Б.Алтансүх
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж