Тавантолгойг ”таваглахад” бэлэн болжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Тавантолгойг ”таваглахад” бэлэн болжээ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Тавантолгойн нүүрсний орд та бидэнд хамаатай болох цаг ойртжээ. Учир нь тус ордын нөөцийн 96 хувийг эзэмших “Эрдэнэс Тавантолгой” компани иргэн бүрт хувьцаа тараах, бас олборлолтоо эхлүүлэх хугацааг “2011 он” гэж тооцоолж байна.

    Эхний ээлжинд иргэдэд 1.5 тэрбум ширхэг хувьцааг ижил тэнцүү хэмжээгээр хуваан өгөх ба 4.5 тэрбум орчим хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржүүдээр арилжаалахаар Засгийн газар төлөвлөж буй. Хөрөнгийн зах зээл дээрх арилжааны явцад хувьцаа анх нэрлэсэн үнээсээ 10-20 хувиар өсөх магадлалтай гэж мэргэжилтнүүд тооцоолж буй бөгөөд иргэдийн гар дээрх хувьцааны үнэ цэн түүгээр тодорхойлогдох юм байна. Энэ нь дотоодын аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр худалдах хувьцаанд ч бас хамаатай юм. Өөрөөр хэлбэл, иргэдэд үнэгүй тараах, аж ахуйн нэгжүүдэд худалдаалах хувьцаанууд бүгд энгийн хөрвөх хувьцаанд шилжинэ гэсэн үг аж.

    Тэгэхээр хувь, ашгаас нь ийн хүртэх гэж байгаа Тавантолгойн ордын хувь заяа та бидний санаа тавих ёстой асуудлын нэг болж хувирлаа. Тэнд хөрс хуулалтын ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд ирэх оны эхний нэг, хоёрдугаар улиралд багтаан олборлолт, экспортыг эхлүүлэх боломжтой гэж холбогдох хүмүүс нь мэдээлж буй юм. Жилд 15 сая тонн нүүрс олборлох тооцоо бас хийжээ.

    Зах зээлийн өрсөлдөөн

    Тавантолгойн орд дэлхийд томд тооцогдох боловч ийм баялаг Монголоос өөр хаана ч байхгүй гэж хөөрцөглөх нь дэмий. Дэлхийн томоохон компани, корпорациуд Монголын Тавантолгойн ордыг сонирхож байгаа ч ОХУ дахь Элга, Индонезийн “Марувай”, Мозамбикийн “Моатиз”, Хятадын “Шанши”, Хойд Америк дахь “Алпалачиа”, Австралийн Боуны сав газрын зэрэг олборлохоор зэхэж буй  болон олборлолт эхэлсэн ордуудыг бас тооцоолж байна. Эдгээр ордуудын давуу тал нь бүтээгдэхүүнээ бүс нутгууд руу гаргахад далайд гарцтай.

    Тэгвэл Тавантолгойн “сул тал” нь Монгол далайд гарцгүй орон. Үүнийг нөхөх арга замыг Монголын Засгийн газар эрэлхийлж, төрийн бодлогын төвшинд авч үзэж байгааг бас хэлэх ёстой биз ээ.

    Тавантолгойн нүүрсний зорилтот зах зээл нь БНХАУ гэдгийг Монголын тал хүлээн зөвшөөрч байгаа ч бүс нутгийн зах зээлд буюу гуравдагч орнууд руу бүтээгдэхүүнээ гаргах нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн зорилго байх болно гэж албаны хүмүүс мэдэгдэж буй юм. Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын найдаж буй гарц нь Тавантолгойн нүүрсийг ОХУ-аар төмөр замын тээврээр дамжуулан далайн боомтод хүргэх. Үүнд хойд хөрш төмөр замын тээврийн тарифаа 50-60 хувиар хөнгөлөх боломжтой гэсэн нь ч нөлөөлж байгаа аж. Эхний туршилтын аялал энэхүү хөнгөлөлттэй тарифаар тээвэрлэлт хийсэн нь ч санамсаргүй зүйл биш юм. Энэ бол Тавантолгойн бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварт нөлөөлөх хүчин зүйлийн нэг.

    Тавантолгойн нүүрсний давуу тал нь гэвэл коксждог. Зургаан тэрбум тонн нөөцийн 1.4 тэрбум тонн нь коксжих нүүрс, өөрөөр хэлбэл, ган боловсруулах үйлдвэрт хэрэглэдэг. Харин 4.6 тэрбум нь эрчим хүчний нүүрс. Японы гангийн томоохон үйлдвэрлэгчид Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчийн тендерийг сонирхож байгаа нь учиртай.

    Тавантолгой-Сайншанд

    Тавантолгойн ордоос Монгол-БНХАУ-ын хил дээрх Гашуун Сухайтын боомт хүртэл 270 км. Энэ боомтыг угтуулан Хятадын тал боловсруулах үйлдвэрийн том парк барьж буй мэдээлэл УИХ-ын гишүүдийн гар дээр “нууц”-ын дардастай очоод байгаа гэдэг. Монголын Засгийн газар Сайншандад боловсруулах аж үйлдвэрийн цогцолбор барихаар бодлого төлөвлөж, үүнд найман тэрбум орчим ам.доллар зарцуулахаар тооцоолсон. Харин Хятадын тал 40 тэрбум орчим ам.доллараар боловсруулах байгууламж босгож байгаа аж.

    Сайншандад боловсруулах үйлдвэрүүдийг байгуулснаар бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, ажлын байр бий болгох гээд олон зүйл төрийн бодлогод туссан.
    Сайншандад байгуулахаар төлөвлөж байгаа нүүрс угаах үйлдвэр жилд 15 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай байх ба цагт 5000 тонн нүүрс боловсруулах аж. Эцсийн бүтээгдэхүүн нь жилд 7 сая тонн угаасан коксжих нүүрс, 4 сая тонн эрчим хүчний нүүрс,  нэг сая тонн завсрын нүүрс байх юм.

    Мөн кокс-химийн үйлдвэр Сайншандад байгуулагдана. Тус үйлдвэрт нэг тонн кокс үйлдвэрлэхэд 1.3 тонн коксжих нүүрс шаардлагатай аж. Нэг сая тонн кокс гаргах үйлдвэрийг байгуулахад 300-400 орчим ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай юм байна.

    Тавантолгойн нүүрсийг Сайншандад хүргэх нь төмөр замын төв магистралаар дамжуулан ОХУ, улмаар гуравдагч зах зээл рүү хүргэхэд бас ач холбогдолтой юм.  

    З.ОРГИЛ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж