300 саяын зээлэнд шахаа бий юу?

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

300 саяын зээлэнд шахаа бий юу?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Яаж авах нь чухал болохоос хэрхэн зарцуулах нь чухал биш

    Хөнгөлөлттэй зээл авах талаар Засгийн газар баталгаа гарган оруулж УИХ-д ирнэ. Зээлийн хугацаа урт, хүү бага, зээл өгөх талаас тавих нөхцөл боломжийн гээд олон давуу талыг танилцуулж УИХ-аар батлуулдаг. Ийнхүү батлуулчхаад ёроолгүй хүүдий рүүгээ шидэж орхино. Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк гээд олон улсын байгууллагуудын 224 сая ам.доллар, Япон улсаас 50 сая ам.доллар, ОХУ хөдөө аж ахуйг дэмжих 300 сая ам. доллар, БНХАУ-аас авах 300 сая ам.доллар гээд олон зээлийг өнөөх хүүдий рүүгээ шидсээр л байна. Тэд зээлж бид зээлсээр л байна. Мэдээж тодорхой хугацааны дараа бид төлж тэд авах болно.

    Гэтэл Монгол Улс энэ бүх зээлийг хэрхэн ямар байдлаар төлөх тухай нэгдсэн төлөвлөгөө битгий хэл энэ хугацаанд хичнээн улсаас хэдий хэр хэмжээний зээл, тусламж авсан юунд зарцуулсан талаар нэгдсэн судалгаа ч байхгүй.

    Өнгөрөгч оны сүүлээр Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороогоор “ээлжит  зээл” батлуулахаар орж ирсэн юм.  Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Хөгжлийн бодлогын санхүүжилт-2″ хөтөлбөрийн Санхүүжилтын хэлэлцээрийн дүнд 12 сая ам.долларын зээлийг Монгол улс авах зорилготой аж. Гэтэл нийт авах зээлийн 30 сая ам.долларыг сургалт, семинарт зориулахаар төлөвлөж. Өөрөөр хэлбэл гарын авлага, нийгмийн ажилтнуудын сургалт семинар гэх мэтийн зүйлд нийт зээлийнхээ 30 гаруй хувийг зарцуулахаар зураг зуржээ. Уг зээлийн зарцуулалтын талаар тухайн үед шүүмжилсэн хэдий ч  Сангийн сайд С.Баярцогтын “Энэ зээлийн нөхцөл сайн уч-раас дэмжих нь зүйтэй. Мөнгийг нь авчхаад зарцуулахдаа яаж ч ашиглах боломжтой. Зарцуулалтын загварыг өөрчилж болох талаар Хөгжлийн ассосиацийнхантай бүхий л түвшинд зөвшилцсөн байгаа. Бид зээлийн зарцуулалтыг тухай үед нь өөрчлөөд танилцуулах болно” гэх амлалтыг авсан болоод батлав. Зээлийн зориулалт хангалтгүй байгаа талаар шүүмжилсээр байгаа ч дараа дараагийн зээл яг адилхан нөхцөлтэйгөөр орж ирсээр.

    Хөнгөлөлттэй зээл үү, шахааны зүйл үү?

    Хятадын тал манай улсад 1991 оноос хойш 382 сая юанийн  буцалтгүй тусламж олгожээ. Мэдээж бэлгийн морины шүдийг үзэхгүй байхын учир үүнд нь талархаад өнгөрье. Харин одоогийн байдлаар Хятад улс манайд 330 сая юанийн зээл, хөнгөлөлттэй зээл олгочхоод байна.  Энэ бол өөр асуудал. 2003 оноос хойш яригдаж эхэлсэн 300 сая ам.долларын зээл, үүн дээр нэмэгдэх 500 сая. ам.долларын зээлийн ам, шүдийг нь татаж үзэхгүй байх аргагүй. Учир нь бид үүнийг эргэн төлнө.

    Өнгөрсөн хугацаанд Монгол Улс буцалтгүй арилжааны зээлээс бусад байдлаар тусламж, хөнгөлөлттэй зээлийг л авч байсан. Хөнгөлөлттэй зээлэнд хүү, хугацааны олон давуу тал байдаг ч сул тал бий. Энэ нь тухайн зээлдэгчээс тавих нөхцөл шаардлага юм.

    Зарим тохиолдолд 0,5 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл маань зургаан хувийн хүүтэй арилжааны зээлээс хүнд нөхцөлтэй болох нь ч бий. Арвайхээрийн элеватор авахаар Засгийн газар 40 жилийн хугацаатай зээлийг хорин хэдэн сая ам.доллараар 0,5 хувийн хүүтэй авсан. Хөнгөлөлттэй зээл гээд баярлаад авсан зүйл үнэн хэрэгтээ дөрвөн сая ам.долларын үнэтэй элеваторыг хорин хэдэн саяар шахсан зүйл байв. Түүний оронд зургаан хувийн хүүтэй зээл аваад өөрсдөө зах дээр гараад дөрвөн саяар авсан нь хамаагүй ашигтай гэдгийг хэн ч тооцоод гаргачихна.

    Хятадын талаас 2003 оноос хойш яригдсан 300 сая ам.долларын зээлэнд нэг шаардлага тавьжээ. Тэр нь зээлийн 50 нь хувьд Хятад улсад vйлдвэрлэсэн бараа бvтээгдэхvvнээс авах vvрэг аж. Магадгүй зээлдэгчийн ийм шаардлага нь хөнгөлөлттэй зээлийн сул тал юм.

    Төслийн хүрээнд хятад улсад үйлдвэрлэгдсэн 20-25 морины хүчтэй, хадлангийн зориулалттай бага оврын 1,100 трактор, 30-35 морины хүчтэй, хүнсний ногооны зориулалттай дунд оврын 170 трактор, жилд 1000 ширхэг бага оврын тракторыг иж бүрдлийн хамт угсрах хүчин чадалтай үйлдвэр байгуулагдана. Мөн сургууль бүрт хоёр цахим хөдөлгөөнт лаборатори нэвтрүүлж, 60 хүртэл зөөврийн компьютер нийлүүлэн интернетээр холбоно. Мөн багш бүрт зөөврийн компьютертай болгож сурагч, багш, эцэг эхчүүдэд зориулсан цахим номын сан, бичил цахим эрүүл мэндийн шинжилгээний төв бий байгуулахаар төлөвлөжээ.

    Хэдий Монгол улсад зориулан зээл өгч буй боловч өөрсдийн үйлдвэрлэл, ажилчдыг дэмжсэн бодлогыг мөн барих сонгодог жишээ бол энэ. Хятад улсад үйлдвэрлэгдсэн трактор үнийн хувьд боломжтой ч чанарын хувьд ямар баталгаа гаргах нь тодорхойгүй аж. Өөрөөр хэлбэл, зээлийн давуу тал хямд үнэтэй трактораар хангагдах боломж бол,  илүү чанартай Японы зэрэг тракторs авах сонголтыг ч энэ төслөөр хааж байгаа нь сул тал юм.

    300 сая.ам долларын хөрөнгө оруулалт бүрэн шийдэгдэж амжаагүй байхад дараагийн 500 сая ам.долларын зээлийг мөн олгохоо амласан. Засгийн газрын энэ цагаан мэдээний сүүдэрт энэхүү зээл хятадын “EXIM” банкаар дамжин орж ирэх, уг зээлийн 80 хүртэл хувьд  Хятадын тоног төхөөрөмжийг авах. зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслүүд дээр заавал 60-80 хувьд нь хятад боловсон хүчин ажиллах ёстой гэх шаардлагагууд харагдаж эхлэв.

    Хятадууд бидэнд буцалтгүй тусламжаар өгөх 50 сая юанаасаа Бээжингийн гудамжийг тохижуулахад зарцуулах болохоос биш өөр гудамжны тохижилтод хэзээ ч зориулахгүй. Хэн ч юм аа зүгээр өгөөд байхгүй. “Хүн бүхэн хожих гэж тоглодог. Хэрэв тэр хожигдохоор тоглож буй бол өөр нэгэн тоглоомоор давхар тоглож буй хэрэг” гэх үг бий шүү дээ.

    Б.МАНДАХ

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж