
Ц.Сэдванчиг нар долоон зүйл үндэслэлээр Эрдэс баялг, эрчим хүчний сайд
Д.Зоригтыг огцруулах асуудлаар 2010 оны арванхоёрдугаар сарын 27-нд
УИХ-ын даргад албан бичиг өргөн мэдүүлснээс хойш ажлын 10 хоног өнгөрөөд
байна. Хуулийн дагуу уг асуудлыг УИХ-ын бүтцийн байгууллагуудаар ажлын
14 хоногт батаан хэлэлцүүлж шийдвэрлэх ёстой. Түүгээр бол Д.Зоригт
сайдыг огцруулах эсэх асуудлыг дахин 10 хоногоор ухраалаа. Хэдийгээр
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Эдийн засгийн байнгын хороог хуваариас гадуур
хуралдуулан асуудлыг хурдавчлах үүрэг өгсөн гэж байгаа ч Монгол Улсын
Ерөнхий сайдын хүсэлтээр түүнийг гадаад айлчлалаас эгэж иртэл азнахаар
болж ийнхүү хойшлуулжээ.
Үйл явдлын өрнөл, явцаас харахад Засгийн газарт хамаатай эл асуудал одоо
МАН-ын хэрэг болж хувирчээ. УИХ-ын дарга үүрэг өгөөд, байнгын хороодоор
асуудлыг оруул гээд байхад ухраасан атлаа МАН-ын удирдах зөвлөлөөр
Д.Зоригт сайдын асуудлыг хэлэлцээд амжсан байдаг. Тэгэхээр С.Батболд
дарга Ерөнхий сайдын хувиар бус МАН-ын даргын нэрийн өмнөөс асуудлыг
хойшлуулж буй нь тодорхой болсон. Анх өргөх бичиг өгөх хэж байгаа
сэдлийг мэдүүт МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд “хэргийн эзэн”
Ц.Батбаяр гишүүнийг аргадаж нэг, шахаж нэг үзжээ. Гэвч Ц.Батбаяр гишүүн
Ардчилсан намын бүлгийн хоёр гишүүний хамт УИХ-ын даргад хандчихсан.
Түүнээс хойш МАН-ын даргын зүгээс Ц.Батбаяр гишүүнийг элдэв шахаанд
оруулж, дүүгийнх нь нэр дээрх компанийг хүртэл шалгуулахаар дарамталсан
дуулдана. Ц.Батбаяр гишүүн ч Улаанбаатарыг утаанаас салгах хөтөлбөрийн
нэрийг МАН-ын бүлгийн гишүүд өөрчилсөн гэсэн шалтгаанаар өнгөрсөн оны
зургадугаар сараас хойш бүлгийнхээ хуралдаанд суугаагүйг хэлэх үү.
Бүлгийн дарга Д.Лүндээжанцан хэдэнтээ уулзсан боловч нэмэр багатай
байгаа. Ингээд “эсэргүү” гишүүн Ц.Батбаяр намын даргынхаа шахаанд орох
шалтгаан нэг бус болжээ. Яах вэ, зүгээр суухаар гэж Д.Зоригт сайдад
Засгийн газрын хуралдаанаас бэлгэ тэмдгийн төдий анхааруулах арга хэмжээ
авч л дээ. Ц.Батбаяр гишүүний Оюутолгойтой холбоотой асуудлаар тавьсан
асуултыг үл тоосон гэдгээр Д.Зоригт сайдад ёс зүйн хариуцлага тооцохыг
УИХ-ын дарга өмнө нь Ерөнхий сайдад анхааруулж албан бичиг илгээж байсны
мөрөөр авч байгаа “арга хэмжээ” л дээ..
Уг нь нэр бүхий гурван гишүүн Оюутолгой компанийг шалгах ажлын хэсгийн
зүгээс сайдад тавьсан асуултад хариу өгөөгүй, Засгийн газрын тогтоол,
УИХ-ын холбогдох хуулиудыг хэрэгжүүлэхгүй байгаа, урт нэртэй хэмээн
цоллогдоод буй Гол мөрний ай сав, ойн сан бүхий газраас ашигт малтмал
олборлох, хайхыг хориглосон хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр нэг ч төгрөг
төсөвт суулгаагүй байж 254 тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар нийгэмд
бухимдал үүсгэсэн, Налайхад гар аргаар ашигт малтмал эрхлэгчдийг
бүртгэх, хяналт тавих ажлыг хийлгүй байсаар олон хүний аминд хүрч буй,
эрчим хүчний салбарт дорвитой өөрчлөлт, арга хэмжээ авахгүй байгаа
зэрэг шалтгаанаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах
шаардлагыг тавьжээ.
Тэнд МАН-тай холбоотой, Д.Зоригт гишүүнийг МАН-ын гишүүний хувьд
буруутгасан нэг ч үг өгүүлбэр байхгүйгээс үзвэл намд огтхон ч хамаагүй
асуудал гэдэг нь тодорхой. Тэгвэл яагаад асуудлыг зарчмаар нь шийдэхгүй,
УИХ-аар хэлэлцүүлэхээс бултуулаад байна вэ. Гол асуудал бол Эрдэс
баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтдоо ч биш, түүнийг огцруулах
үнлэслэлүүдэд ч биш. Ерөөсөө л УИХ-ын гишүүдийн зүгээс Засгийн газрын
танхимын нэг гишүүний асуудлаар бичиг өргөн барьсанд оршино.
Д.Зоригт сайдыг огцруулах санал эцсийнх ч биш, эхнийх ч биш. Өмнө нь ийм
асуудал зөндөө гарч л байсан. Улс төрийн намын бус, Засгийн газрын
хүрээнд, УИХ-ын бүрэн эрхийн хэмжээнд тэдгээрийг шийдсээр өдийг хүрсэн.
М.Энхсайханы тэргүүлсэн Засгийн газрыг 1997 оны намар огцруулах
саналыг тухайн үеийн цөөнх МАХН-ын бүлгээс тавьсныг УИХ-ын гишүүд
хэлэлцээд танхимаар нь авч үлдсэн ч дараа жилийн хавар нь сөрөг хүчин
санасандаа хүрсэн цагаас хойш сайд сэнтийгээс буух гэдэг жирийн үзэгдэл
болсон. Заавал огцруулах ч албагүй. Үндэслэлгүй гэж үзвэл албанд нь
үлдээдэг зарчим. үйлчилсээр ирсэн. Бүр өргөн барьсан гишүүн нь саналаа
татаад байхад заавал хэлэлцэж байгаад сайдыг унагаж байсан жишээ
мартагдаагүй байна.
2007 он дөнгөж гараад байхад гишүүн Л.Гүндалайг Эрүүл мэндийн сайдаас
огцруулсан. Бас л нэр бүхий гишүүдийн саналаар шүү дээ. Хариуд нь
Л.Гүндалай гишүүн хань татаж Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайханыг
огцруулах бичиг илгээчихсэн. Б.Жаргалсайханыг огцруулах хуралдаан дээр
Л.Гүндалай гишүүн саналаа буцааж татахыг хүсч хэчнээн гар өргөж
хашгираад ч тусыг олоогүй. “Бичиг өгсөн л бол гүйцээ” хэмээн спикер
асан Ц.Нямдорж алхаа тас буулгаад л сайдын хувь заяаг эргүүлчихсэн. Энэ
бол зарчим. Яг ийм зарчмаар Д.Зоригт сайдын асуудлыг энэ долоо хоногт
байнгын хороодоор ярих боломж байв. Гэвч засгийн ажлыг намьнхтай
хутгаад самарчихлаа. МАН-ын эрх мэдэл хязгааргүй болж, одоо засгийн
ажлыг намын шийдвэрээр шийддэг болох нь.
Хамтарсан Засгийн газраас нэг тоосго сугарвал стандарт бус цолтой энэ
том байгууламжийн хувь заяа эвгүйднэ. Тэгээд л Ерөнхий сайд танхимын
гишүүндээ намын хариуцлага тохож, өөрийн зүгээс анхааруулах арга хэмжээ
аваад өнгөрөх гэж байх шиг байна. Тэгвэл төр, засгийн ажилд тогтсон
зарчим яасан бэ. Хариуцлагын асуудал хазайгаад өнгөрдөг байдал үүсэх
гээд байна уу?
Д.ОЮУНЦЭЦЭГ