Б.Хурцыг батлан даалтад гаргах уу?

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Б.Хурцыг батлан даалтад гаргах уу?

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх шүүх хурал  Лондонгийн “Court of Magistrate of Westminster” шүүх хурлын танхимд   энэ сарын 5-ны өдөр монголын цагаар уржигдар  18.00 цагийн орчимд болсон билээ. Энэ талаар  Хуульзүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэр дараахи асуултад хариулт авсан юм.

    -Б.Хурцын шүүх хуралд Засгийн газрыг төлөөлж оролцох Д.Цогтбаатар оролцож амжаагүй гэсэн мэдээлэл байна?

    -Ташаа мэдээлэл байна.  Энэ сарын 5-ны өдөр Лондонд болсон шүүх хуралд манай талыг төлөөлж ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд Ц.Болор, Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, ЭСЯ-ны Зөвлөх консул Н.Батаа болон Б.Хурцын эхнэр Сарнай  нар оролцсон.  Английн өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Мак Доналтсын биет төлөөлөгч Алан жонс өмгөөлөгчөөр оролцсон.

    -Энэ сарын тавны өдөр хоёр цаг үргэлжилсэн шүүх хурлаар ямар асуудлаар мэтгэлцсэн бэ шүүх бүрэлдэхүүн?

    -Монгол Улсын иргэн Б.Хурц нь Тусгай үүргийн олон улсын конвенцийн хүрээнд халдашгүй эрх ямба, дархан эрхийг эдлэх ёстой бөгөөд үүний дагуу түүнийг суллах бүрэн үндэслэлтэй гэж  монголын талын өмгөөлөгч Алан Жонс нотлох баримтыг үндэслэн шүүхэд танилцуулсан. Өмгөөлөгч Алан Жонсын тайлбар, үндэслэлийг мэтгэлцэн хэлэлцэж, дараагийн шүүх хурлыг үргэлжлүүлэн ирэх хоёрдугаар сарын 3-ны өдөр шүүх хурал хэлэлцэхээр болсон.

    -Элчин сайд ноён Диксонтой холбоотой тайлбарыг шүүх хурлаар манай талаас тавьсан гэсэн. Энэ үнэн үү?

    -Уржигдар болсон шүүх хурлаар зөвхөн Б.Хурцын дипломат эрх ямбатай холбоотой асуудлаар мэтгэлцээн явагдсан. Элчин сайдтай холбоотой баримт тайлбарыг гаргаж тавиагүй.

    -Батлан даалтад гарах асуудлын  талаар тодруулаач?

    -Сая болж өнгөрсөн шүүх хурлын үеэр Б.Хурцыг батлан даалтад гаргах асуудлыг шүүгчид энэ сарын12-ны өдөр хэлэлцэхээр болсон.

    -Мэтгэлцээнээр асуудал манай талд шийдэгдэх үндэслэл байв уу?

    -Их Британийн тал тайлбараа гаргаагүй. Өчигдөр шүүх хурал хоёр цаг үргэлжилж үргэжлүүлэн хэлэлцэхээр хойшилсон байгаа.

    Н.Түвшин

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж