
Яармагт байх энэ сургууль замаасаа нэлээд зайдуй. Биднийг очиход тус сургуулийн сургалтын менежер М.Чимэд “Манай сургуулийн сурагчдыг хар машинд суулгаж авч явсан гэж яриад байгаа. Тийм зүйл болоогүй. Гэхдээ сурагчдын ярьж байгаагаар хар машинтай хүн чихэр өгнө, их мөнгө өгнө, гэрт нь хүргээд өгье” гэх мэт яриа тархсан. Хүүхдүүд бие биенээ дууриан сонссон зүйлээ дэвэргэж ярих тохиолдол ч байдаг. Мөн энэ хавьд 500-1000 төгрөгийн такси байдаг. Тэрийг ч бас андуураад айсандаа дэврүүлж ярьж болохыг үгүйсгэхгүй. Одоогоор манай сургуулийн сурагчид алга болсон юм байхгүй. Энэ асуудлыг үнэн зөв гэдгийг нь мэдэж байж хэвлэл мэдээллээр тараах хэрэгтэй. Хэрэв худал мэдээлэл байвал сурагчид, эцэг эхийг хий айдас түгшүүртэй болгох болно. Тиймээс зөв мэдээлэл өгөх хэрэгтэй” гэж хэлсэн юм. Харин бид “Хар, номергүй машинтай” хүмүүстэй таарсан гэх сурагчид болон ангийн багштай уулзаж энэ асуудлын талаар тодруулсан юм. Тус сургуулийн 4-ийн “е” ангийн багш З.Нэргүйгээс дараах асуултад хариулт авлаа.
-Танай сурагчдыг машинтай хүмүүс авч явахыг завдсан гэсэн. Яг юу болсон юм бол?
-Би өөрөө энэ хороонд оршин суудаг. Энэ сарын 4-нд хичээл тараад ангийнхаа хоёр хүүтэй явж байсан юм. Гэтэл тэд надаас “Багшаа хүн хулгайлаад яадаг юм бол” гэсэн. Тухайн үед би тайлбарлаад өнгөрсөн. Тэгэхэд тэр хоёр “Энэ худгийн энд номергүй хар машин дандаа зогсдог. Тэгээд хүүхдүүдийг дандаа машиндаа суулгах гэдэг. Бас станцын тэнд зогсдог” гэж ярьсан юм. Тэр үед би анзаараагүй. Маргааш нь телевизээр сургуулийн хүүхдүүдийг хар машинтай хүмүүс авч явахыг завдсан гэсэн мэдээллийн дагуу манай жижүүр багш яриа өгсөн байсан.
-Тэгээд юу болсон юм бэ?
-Гэтэл маргааш нь хүүхдүүд бидний ярьсан үнэн байгаа биз дээ. Телевизээр гарсан. Бид танд хэлэхэд та итгээгүй гэж хэлсэн юм. Тэгээд бид энэ талаар ярьж эхэлсэн. Одоогоор манай ангид ийм машинтай хүмүүстэй таарсан 11 хүүхэд байна. Тэд ярихдаа “Тэр дугааргүй машин худаг, станц гэсэн тогтсон зогсдог газартай байгаа юм. Тэгээд бага насны гэлтгүй хажуугаар өнгөрсөн хүмүүсийг хүргэж өгөе, мөнгө өгье” гэх мэтээр айлгаж байгаа юм. Хүүхэд болохоор нэг нэгнээ дууриаж ярьж байна гэж анхандаа бодсон ч олон хүүхэд яг ижил юм яриад байхаар би өөрөө ч айж эхэлж байна гэв.
Тэрээр яриагаа үүгээр өндөрлөв. Харин сурагчиддаа хандан “Ийм зүйлийг худлаа ярьж болохгүй шүү. Тиймээс асуусан хүнд үнэн зөвийг хэлээрэй. Уг нь манай хүүхдүүд худлаа хэлэхээргүй л хүүхдүүд. Гэхдээ үнэн худлыг нь би мэдэхгүй юм” гэснээр сурагчдын яриа эхэлсэн юм. Тус сургуулийн 4е ангийн хар машинтай тааралдсан сурагч Б.Анужин “Ээж бид хоёр өглөө долоон цагийн үед сургууль руу явж байхад нэг хар машинтай ах ирээд та хоёр машинд суучих хүрэх газар чинь хүргээд өгье гэсэн. Ээж үгүй гэсэн чинь суучих гээд бид хоёрыг дагаад яваад байсан. Тэгээд бид хоёр сургууль руу гүйж ирсэн” гэж ярив. Мөн У.Тосмаа “Сүүлийн долоо хоног станцын тэнд өглөө болгон хар машин зогсч байсан. Тэгээд би өглөө ирж байхад тэнд явж байсан хүүхдийг дуудсан. Харанхуй байсан болохоор хүнийх нь царайг хараагүй ч гурван ах сууж байсан” гэв. Энэ ангийн 11 хүүхэд хар, саарал, номергүй машинтай хүмүүстэй таарсан бөгөөд тэдгээр хүмүүс эрэгтэй эмэгтэй гэж ялгалгүй дууддаг. Хүүхдүүд дуудахаар нь зугатаадаг гэнэ. Тиймээс нэг ангийн хүүхдүүд бие биенээ дагаад худлаа ярьж байна гэж бодон бусад ангиудаас асуухад нэг ангид хар машинтай хүнтэй таарсан нэгээс гурван хүүхэд байсан юм. Эдгээр хүүхдүүд айсандаа машины марк, улсын дугаар зэргийг сайн харж чадаагүй аж.
Хүүхдүүдийн ярьж байгаагаар бол хар, саарал өнгийн, номергүй жийп машинтай нэгээс гурван эр Хан-Уул дүүргийн дэнжийн 5-ийн 190 дүгээр гудамжны дэргэдэх станцын хажууд, мөн сургуулиас холгүй орших нарийн гудамжтай худгийн хажууд өглөө, оройн цагаар зогсдог гэнэ. Харин эдгээр машинтай хүмүүс заримдаа “Чихэр авч идээрэй” гэж мөнгө өгөх, эсвэл чихэр өгөөд явдаг тухай ч хүүхдүүд ярилаа.
Тус сургуулийн үйлчлэгч Л.Нямсүрэн гэх эмэгтэйтэй энэ явдал бас тохиолджээ. Тэрээр “Би цагдаад өргөдөл өгөөгүй. Гэхдээ манай хүүг орой явж байхад нь машинтай хүмүүс хуурч машиндаа суулгах гэхэд нь зугатаасан гэж гэртээ орж ирсэн” гэж хүүхдүүдийн яриаг баталлаа. Мөн тус сургуулийн багш 4-ийн “д” ангийн багш Лхагвасүрэнгийн хүүхдийг хичээлээ тараад явж байхад нь “Хүмүүс чихэр авч өгье” гэж. Айсан жаал зугатаж. Гэтэл зугтсан жаалын араас хөөсөн гэж ярьж байсан. Азаар зугтсан хүү нарийн гудамжны хажууд байх айлд орсоноор баригдаагүй гэнэ.
Ер нь сургуулийн ойр орчимд гэрэлтүүлэг гээд байх юм үзэгдэхгүй. Өвлийн цагт 08,00 цагийн үед харанхуй болохоор хүүхэд байтугай том хүмүүс явахад ч эвгүй. Сургууль дээр очиход байдал ийм байлаа. Энэ үнэхээр хүний наймаачид уу, эсвэл хүүхдүүдийн айдаст автсан хий яриа юу гэдгийг тодруулахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн хүүхдийн байцаагч Ж.Батцэцэгтэй уулзаж тодруулах гэсэн боловч ажил дээрээ байсангүй.
Хан-уул дүүргийн бусад сургуулийн 20 гаруй сурагч алга болж, хоёр ч хүүхдийн амь нас эндсэн гэдэг түгшүүрт мэдээ цацагдаж байгааг цагдаагийнхан харин үгүйсгэлээ. Хан-Уулын Цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батбаяраас тодруулахад “Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын дунд сургуулиудаас 20 битгий хэл нэг ч хүүхэд алга болоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Мөн гурван хүүхэд нас барсан. Нэг хүүхдийнх нь бөөр байхгүй байсан гэдэг мэдээлэл ч ор үндэсгүй зүйл” гэв.
Ямартай ч хүүхдүүдийг авч явахыг оролдсон хэд хэдэн тохиолдлын талаар нэг бус гэрчүүд баталж байна. Харин үүнийг хэрхэн шалгасан нь тодорхойгүй хэвээр үлдлээ. Энэ удаад сураггүй болоогүй ч, үүнээс сэргийлэх хамгаалалт даанч алга.