-Энэ хичээлийн жилд “Хүний хөгжил сан”-гаас сургалтын төлбөр хэлбэрээр олгох 500 мянган төгрөгийн хувь хишгийг хичнээн оюутан хүртэх вэ?
-Төрийн болоод хувийн их, дээд сургуульд энэ хичээлийн жилд суралцаж буй 150 гаруй мянган оюутан суралцаж байна. Дээд боловсрол эзэмшиж буй өдрийн ангийн бүх оюутан сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг авах эрх нь нээлттэй байгаа гэж хэлж болно.
-Зөвхөн магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцагчдад олгоно гэх юм. Энэ үнэн үү?
-Тийм зааг ялгаа огт байхгүй. Их, дээд сургуульд суралцаж байгаа л бол оюутан бүр заасан дүрэм журмын дагуу хамрагдах ёстой.
-Их, дээд сургуулийн зөвхөн өдрийн ангид суралцаж буй оюутнууд хамрагдахаар Засгийн газрын журам баталсан байна. Эчнээ, оройн ангийн оюутнуудыг хамруулахгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?
-“Хүний хөгжил сан”-гаас эх орны хувь хишиг гэдэг утгаар нь бүх хүн авах ёстой ч тодорхой шат дараалалтай хийж буй ажлын эхлэл. Өдрийн ангийн оюутнууд өглөөнөөс орой хүртэл хичээлтэй, ажил хийх боломжгүй байдаг бол харин эчнээ, оройн ангийн оюутнууд санхүүгийн хувьд арай боломжтой байдаг. Мөн эчнээ ангийнхны нэгдсэн тодорхой бүртгэл байдаггүй.
-Хэзээнээс сургуулиудын дансанд орох вэ? Оюутан хаанаас ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?
-Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яаманд сургууль болон орон нутгаас ирүүлсэн оюутнуудын материалыг нэгтгэн тулгаад, хоёрдугаар сарын 25-нд нэгдсэн мэдээллийг гаргах юм. Тулгалт бүрэн хийгдсний дараа буюу тухайн сургуулиудын дансанд 500 мянган төгрөг шилжинэ. Өөрөөр хэлбэл, ирэх гуравдугаар сарын нэгэн гэхэд бүх сургуулиудын дансанд шилжүүлсэн байх юм. Засгийн гараас журам баталж, их, дээд сургуулиуд болон оюутан ямар бичиг баримт бүрдүүлэхийг заасан байгаа. Тухайлбал, оюутан өөрийн харьяалал бүхий үндсэн захиргаанд хүсэлтээ гаргах хэрэгтэй. Энэ хүсэлтдээ овог нэр, регистрийн дугаар, аль сургуулийн хэддүгээр дамжаанд ямар мэргэжлээр сурч буй талаараа тодорхой бичээд, энэ мөнгийг сургалтын төлбөртөө зориулахыг зөвшөөрч байна гэх утга бүхий хүсэлт гаргах юм. “Хүний хөгжил сан”-гаас халамж хэлбэрээр олгогдох болохоор Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яам хариуцаж байгаа юм. Яамнаас гаргасан журмынхаа дагуу тусгай маягт баталж өгөх ёстой.
-Сургуулийн зүгээс ямар ямар материал бүрдүүлэх вэ?
-Тухайн мэдээлэлд оюутны овог нэр, регистрийн дугаар, харьяалал, сурч буй дамжаа, мэргэжил, сурлагын дэвтрийн хуулбар, сургуульд элссэн захирлын тушаал зэргийг сургуулийн зүгээс бүрдүүлж, Сургалтын төрийн санд хүргүүлэх юм.
-Орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд хүсэлтээ заавал харьяалалтай аймаг, сумандаа очиж хүсэлтээ гаргах уу?
-Заавал өөрөө биеэр очихгүй ч, эцэг эх, ах дүүгээрээ дамжуулан харьяа засаг захиргаандаа хүсэлтээ гаргаж болно. Тухайн хүсэлт аймаг, сумдын халамж үйлчилгээг хариуцсан мэргэжилтнээр дамжин Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яаманд ирэх юм. Харин их, дээд сургуулийн захиргаанаас оюутнуудынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл гарган Сургалтын төрийн сангаар дамжин Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яаманд хүргэгдэх юм. Дараа нь эдгээр материалуудыг нэгтгэж, шалгаад Сангийн яамны Төрийн сангаар дамжуулан олгоно.
-Хэдий хугацаанд бичиг баримтаа бүрдүүлж өгөх ёстой вэ?
-Их, дээд сургуулиуд хоёрдугаар сарын нэгнээс өмнө Сургалтын төрийн санд оюутнуудынхаа талаар мэдээлэлээ хүргүүлэх ёстой. Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн яаманд сургууль болон орон нутгаас ирүүлсэн оюутнуудын материалыг нэгтгэн тулгаад, хоёрдугаар сарын 25-нд мэдээллийг гаргах юм. Тулгалт бүрэн хийгдсний дараа буюу тухайн сургуулиудын дансанд 500 мянган төгрөг шилжинэ гэсэн үг.
-Зарим их, дээд сургуулийн оюутнууд төлбөрөө бүтнээр төлсөн тохиолдол цөөнгүй байна. Ялангуяа төгсөх курсын оюутнууд. Энэ тохиолдолд буцаан олгох уу?
-Их, дээд сургуулийн оюутнуудын дийлэнх нь сургалтын төлбөрийг эхний дөрвөн сараар тооцож авсан байгаа. Тухайн оюутны сургалтын төлбөрөөс 500 мянган төгрөг нь илүү гарсан тохиолдолд дараа жилийн төлбөрт суулгана. Харин төгсөх ангийн оюутнууд төлбөрөө төлсөн байвал сургуулиасаа 500 мянган төгрөгөө авах учиртай.