Замбараагүй зарлагадах сургалтын зээлийг зогсооё

Хуучирсан мэдээ: 2011.01.07-нд нийтлэгдсэн

Замбараагүй зарлагадах сургалтын зээлийг зогсооё

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Төр засгаас оюунлаг иргэд бэлтгэн гаргахад анхаарч багагүй хөрөнгө зарцуулдаг ч үр дүн муутай байгаа талаар хаа сайгүй ам уралдан ярьцгаадаг. Тэр ч үнэн. Энэ бүхнийг бусдаас буруу хайдаг овилгогүй зангаар салбар хариуцсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны хэсэг удирдлагуудын зохисгүй үйл ажиллагаа мэтээр ойлгох нь цөөнгүй. Яг үнэндээ өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгчээр төрийн сангийн зээл, тусламж дэмжлэгээр дээд боловсрол эзэмшигчид эргээд  төрдөө төлөх ёстой гэдгийг мартдаг байдал сүүлийн хэдэн жилд  давтагдсаар байгааг тоон судалгаа харуулж байна. Тухайлбал, сургалтын төрийн сангийн зээлийн эргэн төлөлт 1994-2000 онд 56 мянга 562 оюутнаас  2.3 тэрбум төгрөг төлсөн бол хоёр удаагийн шийдвэрээр 11 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн байна. Харин 30 мянга 542 төгсөгчөөс 10.3 тэрбум төгрөгийн авлагатай байгаа аж. Гадаадын өндөр хөгжилтэй оронд 1997 оноос өнөөг хүртэл 33 оронд 88 мэргэжлээр 1065 оюутанд 24.6 сая ам.долларын зээл олгосон ч зээлийн эргэн төлөлт нь 2008 оны эцсийн байдлаар 40.7 тэрбум төгрөгийн авлагатай. Гадаадад төр засгийн зардлаар сурчихаад эх орондоо эргэн ирдэггүй хүн ч олон бий гэнэ. Нийт оюутнуудын 20 хувь нь эргэж ирээгүй аж. Ааш нь барагдахгүй хүүхдээ аргадах шиг төрийн зардлаар суралцсан эрхмүүдээ мэргэжилтэн дутагдалтай орон нутагт ажиллавал хөнгөлөлт, урамшилд хамруулна гэх зэргээр бишгүй санал тавьдаг ч тусыг эс олно.

    Өнөөдрийн байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулдаг 140 гаруй их дээд сургуульд150 мянган гаруй оюутан суралцаж байна. Түүнээс энэ жилийн тухайд 42 мянган оюутан сургалтын төрийн сангийн хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжаар суралцаж байгаа аж. Ойролцоогоор нийт суралцагчдын дөрөвний нэг гэсэн үг. Дээрх байдлаас үүдэн төрийн сангаас олгож буй хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжийн үр дүн, хэрэгжилтэд салбарын удирдлагууд анхаарч, БСШУЯ-наас Сургалтын төрийн сангийн журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Учир нь энэхүү зээл, тусламж хэт халамж тал руугаа хавтгайрч байгаад хэн хүнгүй шүүмжлэлтэй хандаж байгаа. Тиймээс зээл олгох журмыг өөрчилж, сурлагаар тэргүүлсэн болон авьяаслаг оюутнуудад буцалтгүй тусламж хэлбэрээр олгох тал дээр журмаа шинэчлэхээр ажиллаж байгаа сурагтай.

    “Оюутны тэтгэлэг тэтгэмжийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа. Уг хуулийг  УИХ-аар хэлэлцэн баталсны дараа харилцан уялдуулах зорилгоор шинэ журам боловсруулах ажлын хэсэг харзнаж байгаа тул төрийн сангийн зээл, тусламжийг түр хугацаанд зогсоогоод байгаа” гэж БСШУЯ-ны холбогдох мэргэжилтэн хариулт өгч байна. Сурлага, урлаг, спортоор тэргүүлсэн оюутнууд буюу хэдий чинээ сайн сурна, төдий чинээгээр тэтгэмж нь нэмэгдэх боломжтой хувилбараар журмыг боловсруулж байгаа гэнэ. Төрөөс оюунлаг иргэн бэлтгэхэд оруулж буй хөрөнгө оруулалтын гол зорилго нь чадвартай мэргэжилтэн бэлтгэж, нийгэмд нэмэр тусаа өгөх учиртай гэдгийг өчнөөн хөрөнгө үр дүнгүй зарцуулсны хүчинд холбогдох салбарынхан сая л ухаарсан бололтой.

    Д.Долгор

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж