Иргэний байгууллагууд төрийн яамны ажлыг үнэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Иргэний байгууллагууд төрийн яамны ажлыг үнэллээ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны хамт олныг “Сурагч” сониноос “Монголын хүүхдийн төлөө” хүндэт өргөмжлөлөөр, Монголын “Саран ээж” нийгэмлэгээс “Эх үрсэд ээлтэй байгууллагаар” тус тус өргөмжилж өнөөдөр шагналыг гардуулан өглөө.
Өнгөрсөн онд тус яам хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийг урлагаар дамжуулан нийгэмшүүлэх зорилгоор “Хөгжим-Хүүхдийн хөгжилд” төслийг амжилттай хэрэгжүүлж, UBS телевизтэй хамтран “Гэртээ харих зам” зорилтот нэвтрүүлгийг бэлтгэн хүүхдүүдийг хэрхэн нийгэмшүүлж байгаа талаар олон нийтэд хүргэсэн нь дээрх шагналын эзэн болгосон байна.

“Сурагч” сонины хамт олноос “Гэртээ харих зам” төслийг амжилттай хэрэгжүүлэн тэнэмэл хүүхдүүдийг нийгэмшүүлэхэд үр дүнтэй ажил санаачлан хэрэгжүүлснийг өндрөөр үнэлээд “Хорвоогийн хором бүрийг хүүхдийн төлөө зориулваас хожмоо бид амар амгалан байх бөлгөө…” хэмээсэн сайхан үгээр урам хайрласан юм. Тус сонин нь төсөлд хамрагдсан хүүхдүүдэд сониноо үнэгүй захиалан унших эрхийг олгож, тэднийг амьдралд итгэлтэй болгох зорилгоор тусгай булан гаргаж, хүүхдүүдийг эрдэмд суралцахад хамтран ажиллахаа илэрхийллээ.

Шагнал гардуулах үеэр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди “Бид хүнтэй ажилладгаараа бусад яамдаас онцлогтой. Тиймээс ард түмэнтэй илүү ойр ажиллаж, нийгэмд хуримтлагдаад байгаа асуудлын гүнд нь орж ажиллахыг зорьдог. “Хөгжим-Хүүхдийн хөгжилд” төслийг хэрэгжүүлэхдээ бид ямар нэг шагнал, алдар нэр, ашиг хонжоо харсангүй. Хамгийн гол нь хүн бүрийн траншейны гэж хэлдэг хараа хяналтгүй хүүхдүүдтэй ажиллаад үзье, гудамжны гэгддэг хүүхэдгүй болъё” гэдэг зорилгыг тавьж төслөө хэрэгжүүлсэн нь олон хүнд хүрч, бидний төсөөлж байгаагүй үр дүнг авчирсанд баяртай байна. Гэхдээ энэ бол эхлэл. Цаашид нийгэмд тулгараад байгаа асуудлаар ашиг хонжоо, нэр алдар харалгүйгээр нэг нь дуугарч байхад нөгөө нь дэмждэг, бодитой үр дүнтэй ажлуудыг хамтын хүчээр хийх хэрэгтэй байна” хэмээн онцлон хэллээ.
Монголын “Саран ээж” нийгэмлэг энэхүү саналыг дэмжээд төрийн яамдаас анх удаа “Эх үрсэд ээлтэй байгууллагаар” шалгарч олон хүүхдүүдийн ирээдүйн амьдралыг гэрэл гэгээтэй болгож, бусдыг уриалан дуудсан ажлаа улам өргөжүүлэн үр дүнтэй хэрэгжүүлэхэд амжилт хүслээ.

З.БОРГИЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж