Тас шувууг тагнуулч хэмээн баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Тас шувууг тагнуулч хэмээн баривчилжээ

Саудын Араб нэгэн тас шувууг Израилийн тагнуул хэмээн барьж, саатуулжээ. Учир нь тэрхүү тас шувуунд Тель Авивийн Их сургуулийн нэр бүхий GPS дамжуулагчийг зүүсэн байжээ. Харин Израилийн ан амьтдын холбооны ажилтан энэ хэргийг утгагүй хэрэг гэж үзээд шувууны хувь заяанд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

Өнгөрсөн сард Шарм Эль Шейхийн далайн эрэгт аварга загас ойртож, хүмүүс рүү дайрсанд Израилийн тагнуулын Моссад агентлагийг буруутай гэж Египетийн холбогдох албаны хүмүүс үзжээ. Хоёр далавч нь нийлээд 265 см урттай тас шувууг хэдэн өдрийн өмнө цөлөрхөг Хаяал хотод буух үед нь барьж авсан байна.

GPS дамжуулагч тээж явсан тас шувууны тухай мэдээлэл тэр даруйдаа Саудын сонин болон вэбсайтанд “шувуу тагнуулын ажиллагаанд оролцжээ” гэх мэт гарчигтайгаар нийтлэгджээ. Харин дамжуулагч гэж үзсэн төхөөрөмж нь “шувууны байгаа газар, нисэх өндөр, хурд зэргийн талаар л мэдээлэл хадгалж, дамжуулах чадамжтай хэрэгсэл юм. Уг мэдээллийг амьтдыг аюулд өртөх эрсдлийг багасгах үүднээс ашигладаг юм” гэж Израилийн шувууны мэргэжилтэн мэдэгдсэн байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж