Хятад хүүхдүүд хар тугалганд хорджээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Хятад хүүхдүүд хар тугалганд хорджээ

Хятадын зүүн хэсэгт 0-16 насны 24 хүүхэд ойролцоох батарейний үйлдвэрийн хар тугалганд хордсон байдалтай эмнэлэгт хүргэгджээ. Харин Хятадын Синхуа агентлагийн мэдээллээр хордсон хүүхдүүдийн тоо хамгийн багадаа 200 хүрсэн гэж мэдэгдсэн байна. Энэ явдлын улмаас Хятадын зүүн хэсгийн Анхуй мужийн Хуанин дахь зай үйлдвэрлэдэг хоёр үйлдвэрийг хаажээ.

Хятад улс нь зай, автомашин, мотоцикл зэргийг үйлдвэрлэхэд шаардагддаг хар тугалганы үйлдвэрлэл болон хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг байна. Хэдий Хятад улсын хуулиар үйлдвэрүүдийг оршин суугчдын амьдардаг газраас дор хаяж 500 метрийн зайтай барих ёстой гэж заасан байдаг ч, хар тугалганд хордсон хүүхдүүдийн гэр үйлдвэртэй 500 метр хүрэхгүй зайд байдаг ажээ.

2010 оны арванхоёрдугаар сар гарсаар үйлдвэрийн орчимд амьдардаг 280 орчим хүүхдийг шинжилгээнд хамруулсан бөгөөд тэдний ихэнхийнх нь цусанд хар тугалгын хэмжээ маш өндөр байжээ. Зайны үйлдвэрүүдийн хар тугалгын хаягдал, бохирдлоос хордлого шууд хамааралтай байгаа нь тодорхой юм гэж тус мужийн эмнэлгийн хүүхдийн эрүүл мэндийн тасгийн дарга хэлжээ. Цусанд хар тугалга их хэмжээгээр байх нь хоол боловсруулах эрхтэн, мэдрэлийн үйл ажиллагаа, нөхөн үржихүйн системд сөргөөр нөлөөлж, цус багадалт, татах өвчний үндэс болдог байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж