Автобусны үйлчилгээг сайжруулах сарын аян зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Автобусны үйлчилгээг сайжруулах сарын аян зарлажээ

2009 оноос эхлэн нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлд анхаарч, өнгөрсөн оны сүүлийн улирлаас  бага оврын автобусны үйлчилгээг хязгаарлах болсон. Гэвч нийтийн тээврийн үйлчилгээ тойрсон госдол санал тасрахгүй байна. Тиймээс Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг том оврын автобустай аж ахуйн нэгж байгууллагын захирлууд болон Нийтийн тээврийн газрын удирдлагуудыг хүлээн авч уулзсан. Уулзалтаас хотын захирагч үйлчилгээний чанар соёлыг дээшлүүлэх талаар тодорхой үүрэг чиглэлийг өгсөн. Энэ дагуу нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах сарын аяныг өнөөдрөөс эхлүүлж байгаа аж.  Аяны хүрээнд нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүд өөрсдийн үйл ажиллагааг сайжруулахаас гадна бусад компанийн ажил үйлчилгээг шалгаж дүгнэх, алдаатай байгаа зүйлсийг нь засуулах болно. Өөрөөр хэлбэл харилцан хяналт тавьж бас туршлагаасаа хуваалцан салбарынхаа ажлыг сайжруулна гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ. 

Аян үргэлжлэх нэг сарын хугацаанд шугамын үйлчилгээнд явж байгаа их багтаамжийн автобус бүрийг шалгах аж. Өглөө, өдөр, оройн цагуудаар, ялангуяа оргил ачаалллын үед авто тээврийн хяналтын улсын байцаагч нар болон аж ахуйн нэгжийн төлөөлөл шалгалт хийж, өдөр бүрийн дүнгээ нэгтгэн сарын ажлыг дүгнэх гэнэ.  Энэ хугацаанд автобусны жолооч нар кабиндаа тамхи татдаг байдлыг таслан зогсоох, зорчих тасалбарыг байнга  тасалж, буудал зогсоолыг зарлаж хэвших, ажлын хувцсаар жигдрэх, харилцааны соёлдоо ахиц дэвшил гаргахыг нийтийн тээврийнхэн зорьж байгаа ажээ.  

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж