Монголын нүүрс дэлхийн зах зээл рүү “урсах” нь

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Монголын нүүрс дэлхийн зах зээл рүү “урсах” нь

Хятад бол дэлхийн хамгийн том нүүрсний үйлдвэрлэгч бас хэрэглэгч орон. Харин Монгол  Хятадын хөрш. Жилдээ хэдэн сая тонноор нь залгидаг энэхүү идэмхий “мангас”-аар дамжуулан дэлхийн зах зээлд нүүрсээ гаргах боломжийн талаар өнөөдөр төрийн болоод хувийн хэвшлийнхэн  санал бодлоо солилцлоо. Манай улсын хувьд урьдчилсан болон нарийвчилсан хайгуулаар 22.3 тэрбум тонн нүүрсний нөөц тогтоогджээ. Үүний 12.2 тэрбум нь эрчим хүчний зориулалттай нүүрс гэнэ. Эрчим хүчний зориулалттай нүүрсний нэг тэрбум тонн нь коксжих болон чулуун нүүрс аж.

Монголд нүүрсний 200 орчим орд илрэл илрээд байгаагийн 50-д нь геологийн хайгуул, судалгаа хийсэн байна. Ямартай ч манай улсын нүүрсний геологийн нөөц нь 150 тэрбум тонн гэнэ. Монгол орон бол далайд гарцгүй орон. Энэ сөрөг талаа нөхөж, нүүрсээ зарж дэлхийн зах зээлээс мөнгө босгохын тулд хүссэн ч эс хүссэн ч Хятадтай хамрахаас өөр аргагүй нь бололтой. Монголын нүүрсийг Тяньжиний боомтоор дамжуулан дэлхийн зах зээлд гаргах таатай нөхцлийг шуурхай бүрдүүлэх ажлын хүрээнд  Монголын нүүрсний аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчид Үндэсний хөгжил шинэтгэлийн хороонд ажлын уулзалт хийгээд байна. Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Монгол нүүрс ассоциаци хамтран энэхүү уулзалтыг зохион байгуулж байгаа бөгөөд тун удахгүй Тяньжин хотноо очиж Хятадын талтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулах  гэнэ. Мөн тус боомтын нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцахаар төлөвлөж байна. Монгол Улс өнөөдөр 162,3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Энэ хэмжээ цаашид ч өснө гэж судлаачид хэлж буй. Дэлхийд нүүрсний хэрэглээ өндөр байдаг бөгөөд  жилд 7,5 тэрбум тонн нүүрс хэрэглэдэг аж.  Үүний 40 хувийг нь эрчим хүч гаргахад зарцуулдаг гэсэн статистик бий.  Харин монголчууд олборлож байгаа нүүрснийхээ 93 хувийг эрчим хүч гаргаж авахад зориулдаг байна. Түүнчлэн манай улсын ашигт малтмалын экспортын 28 хувийг нүүрс эзэлдэг бөгөөд гол экспортлогч орон бол Хятад. Тус улс  жилдээ 20 сая тонн нүүрс гаднаас экспортлодог аж. “Монгол нүүрс” ассоциациас гаргасан мэдээгээр бол урьд өмнө нь зэсийн үйлдвэрлэл манай дотоодын нийт бүтээгдэхүүний гол жинг дардаг байсан. Сүүлийн жилүүдэд нүүрс манай улсын эдийн засгийн хэтийн төлөвийг тодорхойлох боллоо. Урьд өмнө нь экспортын 40 орчим хувийг зэс эзэлдэг байсан бол ирэх  жилүүдэд нүүрс  Монгол Улсын ДНБ-нд тодорхой хувь оруулна хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Нүүрс үйлдвэрлэл ирэх жилүүдэд 40 сая тоннд хүрэх баримжаатай байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд  Тяньжин боомтоор бүтээгдэхүүнээ гаргасан тохиолдолд нүүрснээс Монгол Улсад орж ирэх ашиг чамгүй өсөх бололтой. Юутай ч төрийн дэмжлэг, их гүрний боломжийг ашиглаад манай аж ахуйн нэгжүүд нүүрсээ валют болгоход сэтгэл дүүрэн байгаа аж.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж