
“Амлалт нэхэх ард түмний холбоо”-оос зохион байгуулж байгаа жагсаал одоо Сүхбаатарын талбайд болж байна.Тайван жагсаал хийхийг цагдаагийнхан удаа дараа анхааруулж, санамж өгч байсан ч ямар нэгэн үймээн гарахгүй гэх баталгаагүй учир хүчний байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ бэлэн байдалд ажиллаж эхэлжээ. Тухайлбал Замын цагдаагийн газрын 1000 гаруй ажилтан өглөөнөөс эхлэн замын хөдөлгөөнийг зохицуулж, нийтийн тээвэр гэсэн бичиггүй, олноороо бага оврын автобусаар явж байгаа иргэдийг саатуулан шалгаж байгааг иргэд мэдээллээ. Мөн 22-ын товчоогоор нийслэл рүү ирж байгаа машин бүрийг бүртгэж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын арын хашаанд 500 гаруй цагдаагийн ажилтан, хөл гарын хамгаалалт зүүж, дуулга, бамбай, каскаа өмсч команд өгөхөд бэлэн байдалтай хүлээж байна. Төрийн ордны баруун талд яг одоо Ус сувгийн удирдах газар гэсэн бичигтэй дөрвөн усны машин зогсч харагдлаа. Ордны ойролцоох зогсоолд машин зогсоохгүй байгаа ч усны машиныг хориглолгүй зогсоож байгаа нь ямар нэг үймээн болоход тараах ажилллагаанд хэрэглэхээр зэхсэн бололтой. Жагсаалд оролцож байгаа иргэдийн ихэнх нь ахмад настан байгаагаас гадна жагсаал эхлээд хоёр цаг гаруй болж байхад ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гараагүй гэж цагдаагийн байгууллага мэдэгдлээ.
Х.Хангал