Энэ хэргээс болж нэр төр, амьдрал минь сүйрч байна

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Энэ хэргээс болж нэр төр, амьдрал минь сүйрч байна

Өвөрхангай аймгийн Баянгол сумын VII багийн харъяат Ц.Жимсээ гэх эмэгтэйтэй уулзлаа. Тэрбээр жил гаруй хугацаанд хулгайн хэрэгт хардуулан сэтгэл санааны хүнд дарамтанд яваа бөгөөд сониноор дамжуулан нутгийн ахан дүүстээ үнэн зөв ойлголт  өгөхөөр ирсэн аж. Хэзээ ямагт ард иргэд, уншигчдынхаа талд бат зогсох зорилго агуулдаг бид түүний хүсэлтийг хүлээн авч ярилцлаа.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу? Тэгээд ямар учраас манай редакцид хандах болсон талаар ярилцаж эхлэе?

– Намайг Ц.Жимсээ гэдэг. Баянгол сумын VII багт амьдардаг. Хийгээгүй хэргийн төлөө хэрэгтэн болж жил гаруйн хугацаанд сэтгэл санааны хүнд дарамттай амьдарч байна. Баянголчууд, нутгийн таньдаг хүмүүс ч бидний талаар юу бодож яваа билээ. Тэдэндээ өөрсдийн үнэн байдлыг ойлгуулж, болсон явдлыг учирлая гэж бодоод ярилцлага өгөхөөр зорьж ирлээ.

-Ямар асуудал үүсээд байгаа талаар тодорхой ярьж өгөхгүй юу?

– Өнгөрсөн жилийн 12 сард нөхөр бид хоёр хулгайн хэрэгт хардагдаад маш их дарамттай амьдарч байна л даа. Батцэнгэл гэх нутгийн айлтай манайх 2-3 жил айл амьдарч байгаад төв рүү нүүх зайлшгүй шаардлага гарч 12 сарын 09-ний өдөр нүүсэн юм. Тэр үед Цэнгэл гуайнх /Батцэнгэл/ Баруунбаян-Улаан сум руу отроор явчихсан гэр нь эзэнгүй, харин сахиул айлынхан нь бүгдээрээ байсан ч манайхыг гэрээ ачаалаад зөөгөөдбайхад нэг нь ч гарч ирж туслаагүй. Туслах нь яахав. Айлын эд хогшлыг харж хамгаалж байгаагийнхаа хувьд эргэж, тойрч, бидний үйл хөдлөлийг хянаж байх ёстой биз дээ. Гэтэл очих газраа буугаад гэрээ барьж байтал саахалт айлын Хангай гэх залуу Батцэнгэл гуайн том байшингийн цоож, түлхүүрийг асуусан. Нүүх үедээ би сахиул айлын Пүрэвээ эгчид “том байшин онгорхой байна” гэж хэлэхэд “аан” гэчихээд ер тоогоогүй болохоор нь хүнд муу санаж үзээгүй хүн чинь ер элдэв юм бодолгүй толийг нь тавьчихаад, ташуур, тамга хоёроо аваад гарсан байхгүй юу. Тэгэхэд тэр Хангай гэх залуу ч өдөржингөө л тэднийд байж, гэрээс нэг нь ч гарч ирэхгүй болохоор нь идэш уушаа янзлаад завгүй байна даа л гэж бодож байсан. Хаалга үүд нь онгорхой байна гэж гэрийн эзэд нь дуудагдаж ирээд  юмаа үзтэл найман мөнгөн аяга, хоёр мөнгөн бүс нь алга болчихсон байсан гэнэ лээ. “Яалт ч үгүй танайх авсан” гээд улаан цайм дайраад байхаар их хэцүү юм аа.

– Та эзэнгүй гэрт нь орж толь тавьчихаад, ташуур, тамга хоёроо аваад гарсан юм уу?

-Тэднийх том, жижиг хоёр байшинтай. Жижиг байшинд нь манайх зарим зүйлээ хийсэн байснаа нүүх үед зөөгөөд л аваад байхад сахиул айл нь нэг ч удаа гарч ирж хараагүй. Гэртээ тавьдаг байсан толийг нь аваачиж өгөхдөө сахиулаас нь “Зуны том байшин нь онгорхой байна. Оруулаад тавьчих уу” гэтэл “тэг тэг” гэсэн байхгүй юу. Тэгээд би оруулж тавьчихаад өөрийнхөө ташуур, тамга хоёрыг ил байхаар нь авсан. Тэр үед манай нөхөр хаалгыг нь онгорхой түшээд л зогсож байсан. Өөр юу ч болоогүй. Хаалга нь онгорхой байна гээд хэлээд байхад ер тоогоогүй хэрнээ сүүлд нь бид хоёр руу зэрэг зэрэг дайрч дарамтлаад байгааг ойлгохгүй байна. Хүний амьдралд сайн, муу зүйл аль тохиолдохыг тэр гэхэв. Гэхдээ би ийм муухай явдалтай учирч байсангүй. Хурдхан шиг үнэн учрыг нь олчихоод сэтгэл амармаар байна.

-Цагдаад мэдээж хандсан л байх. Эзнийг нь олчихож чадахгүй байна уу?

-Баянгол сумын цагдаа нэлээн л дуудаж байцаасан. Гэвч “чи аваа биз дээ” гэж өөдөөс дайраад байхаас биш хөөцөлдөж шалиагүй байх аа. Цаад хүмүүст үйлчлээд байна гэж би ойлгосон учраас тэр цагдааг Шүүхэд өгч мэдүүлсэн. түүнээс хойш надтай нэг ч уулзаагүй. Энэ хэрэг аймгийн Цагдаагийн газарт шилжиж ирсэн байна лээ. Бид чинь хуулийн ямар ч мэдлэггүй болохоор эхэндээ их айж, сандарч байсан. Тэгээд хүмүүсийн зөвлөснөөр хуулийн газруудаар явж өмгөөлөгчтэй боллоо. Ард түмэн бид хуулиа л дагаж, итгэж найдахгүй өөр яах ч билээ. Үнэн учрыг нь олж, нэр төрөө сэргээлгэхсэн гэж их хүсэж байна. Асар их гомдолтой байгаа. Юмаа алдсан гээд байгаа хүмүүс хотод мэргэлдэг хүнээс асуутал “ямар сонин гартай хүн авчихсан юм бэ?” гэж хэлсэн гэнээ. Манай нөхөр хөрөө раманд гараа тайруулаад мухар л даа. Тэгээд л “гарцаа байхгүй танайх л авсан байна” гээд л дайрчихсан. “Ламд үзүүлэхэд нөхрийн чинь гар гарсан” гээд байгаа мөртлөө намайг авсан гээд яриад яваад байгаа юм. Муулсан ч учраа мэдэж туйлбартай юм ярьж баймаар даа.

-Та хоёр ч бас хүмүүсээр мэргэлүүлэв үү? Юу гэж байх юм?

-Авсан хүн нь ойрхон байна. Өөрсдийн ах дүү, төрлийн хүн нь авсан байна. Хагас нь байна, хагас нь алга гээд л… Лам бүр өөр өөр хэлэх юм, мэдэхгүй. Тэр сайн, энэ сайн гэж явсаар байтал… Тэр тоолонд зүгээр оролтой биш хэдэн төгрөгөө ч гарлагадаж дуусч байна. Сэтгэл санааны дарамтнаас гадна санхүүгийн хохирлыг бүрэн үзэж байна. Нөхөр маань Замын-Үүдэд ажиллаж байтал бас дуудагдаад  ажлаа хаяж, мөнгө төгрөг үрж үрж л ирлээ. Гарсан зардал мөнгө, хохирлоо бүрэн барагдуулахын тулд энэ хэргийг илэрнэ гэдэг талаас нь явж байна даа.

-Та хэдүүлээ амьдардаг вэ?

– Манайх хоёр хүүхэдтэй. Том нь 1 дүгээр анги. Хоёр хүүхэд ч байсхийгээд өвчин ороогоод… Хүнээс асуухаар хэл ам л гэх юм. Энэ хэргээс болж нэр төр, амьдрал минь сүйрч байна. 

-Нутгийнхандаа хандаж үг хэлэхгүй юу?

-Тэр алдсан эд зүйлийг нь бид хулгайглаагүй шүү гэдгээ батлан хэлье. Арай ч хулгай хийх дээрээ тулаагүй. Хэзээ нэгэн цагт үнэн учир олдоно биз дээ. Хамгийн гол нь гарцаагүй танайх авсан гээд тулгаад байх нь үнэхээр хэцүү юм. Нүүдэл таарсан нь гай болсон болохоос биш тэр байшин нь цоож цуургагүй, хэзээнээс онгорхой байсан юм бүү мэд. Сахиул айлынхан өөрсдөө нэг удаа ч болов гарч ирж бидэн дээр ирээгүй, тэгээд ч тэднийхээр байнга л хүн амьтан орж гарч байсан шүү дээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж