
Зудын гамшиг нүүрлэсэн сумдад цасны нягтаршил хэт их байгаагаас малын хөл шалбаран зүсэгдэж бэлчээрлэх боломжгүй байгаа учраас малчдад өвс тэжээл нэн тэргүүнд шаардлагатай байгаа аж.
Иймд Аймгийн Засаг даргын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 580 дугаар захирамжаар өвөлжилт хүндэрсэн сумдууд болон нийт малчдад зайлшгүй шаардлагатай хэд хэдэн арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна.
Цаг агаарын хүндэрч болзошгүй үед хэрэглэх зорилгоор нөөцөлсөн нөөцийн өвснөөс Баруун-Урт суманд 1 боодлыг нь 3500, хөдөөгийн бүх сумдад тээврийн зардлыг нь оруулаад 4500 төгрөгөөр түгээхээр болжээ.
Өвөлжилт хүндэрсэн газрын малчдад үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээ, хүнс өргөн хэрэглээний барааны зохих нөөцийг бүрдүүлэх, шатахууны нөөцийг бүрдүүлж бэлэн байдалд байх зэрэг цаг агаарын нөхцөл байдөл хүндэрсэн тохиолдолд малчид ард иргэдэд зайлшгүй шаардлагатай өргөн хэрэглээний бараа материалыг нөөцөлөхийг сум багийн засаг дарга нарт үүрэг болгосон байна.
Мөн сум бүр сумын засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан бүх суурь малчдаараа явж, өвөлжилт хүндэрсэн зашлгүй нүүлгэх шаардлагатай айл өрхийг нүүлгэх, дараагийн буулгах өвөлжөөг нь сонгож өгөхийг даалгажээ.
Аймгийн хэмжээнд өвс тэжээлийн нөөц хангалттай байгаа бөгөөд Баруун-Уртад 28000 боодол, Наран 7000 боодол, Дарьганга 5000 боодол, Дарьгангын Баянцагаанд 30000 боодол зэргээр аймаг татан авч чадаагүй байгаа өвсний нөөцөөс сумдууд өөрсдийн шаардлагатай хэмжээгээр татан авахад хүрэлцэхүйц байгаа аж.
Улсаас манай аймагт 1200 тн өвс хадлан тэжээл бэлтгэх даалгавар өгснөөс одоогийн байдлаар энэ хэмжээнээс 5 дахин их хэмжээний өвс хадлан тэжээлийг бэлтгэж чадсан байна.
Мөн нөөцөнд байгаа 5000 тн халтар арвай буудай, тэжээлийг хужир шүүтэй хавсран малын тэжээл бордоо үйлдвэрлэж эхлэхэд бэлэн болоод байгаа аж.