
Эдийн засгийн таван жилийн төлөвлөгөөнд тусгаснаар Хятадын Засгийн газар ажиллах хүчний зах зээл дэх татаасаа улам нэмэх аж. Харин томоохон компаниудын ашгийн татварыг нэмэхтэй зэрэгцээд тэдний хөрөнгө оруулалтыг хязгаарлаж магадгүй байгаа юм. Ялангуяа шаардагдах хэмжээнээсээ илүү их капиталын урсгал төвлөрсөн салбарт түлхүү хязгаарлалт хийх аж. Гэхдээ улс орныхоо эдийн засгийн өсөлтийг дагаад эрэлт нэмэгдэж байгаагийн эсрэг ямар нэг алхам хийхгүй. Хятадын хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж байгаагаас олон улсын худалдаа, эдийн засгийн тэнцвэр хэтэрхий нэг тал руу хэлбийх хандлага ажиглагдаж байгааг шинжээчид хүлээн зөвшөөрөх болсон. Харин Хятадын хувьд энэ үед зарим суларсан зах зээлээ сэргээж, тогтворжуулахын тулд томоохон компаниудын татварыг нэмж эхэлжээ. Тус улсын Засгийн газраас тогтоосон гуравдахь зэрэглэлийн компаниуд нь энэ оноос эхлэн анх удаа таван хувийн татвар төлөх аж. Хятадын Засгийн газар 2007 оноос хойш томоохон компаниудаасаа татварын дараах хураамж авсан бөгөөд түүгээр хуримтлал үүсгэн эмнэлэг, сургууль байгуулах зэрэг нийгмийн ажилд зориулах болжээ. Түүнчлэн нэлээд хувийг нь дотоод болон гадаад зах зээлээс жижиг хувьцаа худалдан авдаг аж. АНУ-д үүнтэй төстэй “401К” хөтөлбөр гэж бас бий. Гэхдээ тэр нь компаниуд гэхээс илүү хувь хүмүүс, иргэдэд хөрөнгийн хуримтлал бий болгох зорилготой юм.
Хятадын төв банкнаас өнгөрсөн сард дэлхийн санхүүгийн хямралаас хойш хоёр удаа бодлогын хүүгээ нэмсэн. Өнгөрсөн онд тус улсын Ардын банк 7.5 их наяд юань буюу 1.1 их наяд ам.долларын зээл гаргажээ. Тиймээс энэ оноос эхлэн тухайн банкны өөрийн хөрөнгө болон чанаргүй зээлийн харьцааг бууруулах шаардлага тавьж магадгүй аж.
Ямартай ч энэ оны дундуур тус улсад инфляцийн түвшин зургаан хувьд хүрч магадгүй гэх таамаг байгаа юм. Энэ талаар “Credit Suisse” агентлагийн шинжээчид мэдэгдсэн байна. Өнгөрсөн арваннэгдүгээр сард хэрэглээний үнийн индекс сүүлийн 28 сард байгаагүй өндөр гарч, 5.1 хувьд хүрчээ. Хятадын эрх мэдэлтнүүдийн санааг зовоож байгаа нэг гол зүйл нь үнийн өсөлтийн дийлэнх хувь нь хүнсний бүтээгдэхүүнүүдэд ноогдож байгаатай холбоотой. Хэдийгээр эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байгаа боловч хүн амынх нь талаас илүү хувь нь нэн ядуу бүлэгт багтдаг учраас өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл тэдэнд маш хүнд тусах нь ойлгомжтой. Түүнчлэн томоохон хотуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хадаж эхэлсэн нь моргейжийн зээлтэй холбоотой хямрал үүсэх вий гэх болгоомжлол төрүүлээд байна.
Ямартай ч Хятадын Ардын банк бодлогын хүүгээ өсгөхөөс гадна юанийн ам.доллартай харьцах ханшийг чангаруулахаар төдийлөн яаравчлахгүй байж магадгүй юм. Юанийн ханш чангарснаар тус улсын экспортлогчдын өрсөлдөх чадвар сулрахын зэрэгцээ импортын бараа бүтээгдэхүүний үнэ багасна. Энэ нь Хятадын дотоодын зах зээлд инфляци хөөрөгдөхөд нэмэр болно уу гэхээс нэрмээс болохгүй юм. Тиймээс АНУ-ын шаардаж байгаачлан юаниа огцом чангаруулахыг төдийлөн яарахгүй бололтой. Гэхдээ “Securities Journal”-д мэдээлснээр энэ онд юанийн ам.доллартай харьцах ханш дор хаяж таван хувиар өснө гэсэн таамаглалтай байгаа аж.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин