
телевизээр шууд нэвтрүүлдэг “Монголоо шинэчилье” нэвтрүүлэгт өчигдөр УИХ
дахь МАН-ын бүлгийн гишүүн Ц.Батбаяр оролцов. Тэр өнгөрөгч сарын 28-ны
өдөр Ардчилсан намын бүлгийн гишүүн Ц.Сэдванчиг, Д.Ганхуяг нарын хамт
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах шаардлагыг УИХ-ын
даргад хүргүүлсэн билээ. Хуулиараа уг асуудлыг өргөн барьснаас хойш 14
хоногийн дотор УИХ хэлэлцэж, шийдвэрээ гаргах ёстой. Одоо ес хоног нь
өнгөрчихөөд байгаа гэсэн үг. Энэ долоо хоногт МАН-ын бүлэг болон Эдийн
засгийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч
тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байгаа билээ. Харин үүний шалтгааныг
Ц.Батбаяр гишүүн өчигдөр орой телевизийн шууд нэвтрүүлгээр орохдоо тайлж
өгөв. МАН-ын дарга, Ерөнний сайд С.Батболд Арабын орнуудад хийх
айлчлалд мордохынхоо өмнө “Айлчлалаас ирэх хүртэл 10 хоногийн хугацаанд
асуудлыг хэлэлцүүлэхгүй байх”-ыг шаардлага гардуулсан Ц.Батбаяр
гишүүнээс хүссэн байна. Нөгөөдүүл нь ч бас түүнийг нь хүлээгээд авчихсан
бололтой. Сануулахад, 2004-2008 онд Их эвслийн, Эв нэгдлийн нэртэй
Засгийн газрууд ажиллаж байхад УИХ-ын гишүүн Л.Гүндалай Үйлдвэр
худалдааны сайд Б.Жаргалсайханыг огцруулах шаардлагыг мөн л тэр үеийн
УИХ-ын даргад хүргүүлж, харин уг асуудал нэгдсэн чуулган дээр орж ирсний
дараа “Би шаардлагаа буцааж татлаа, Асуудлыг хэлэлцүүлэхгүй” хэмээн
зүтгэж үзсэн билээ. Тэгэхэд УИХ-ын дарга Ц.Нямдорж, “УИХ чиний тоглоом
юм уу, нэгэнт шаардлага гардуулсан бол хэлэлцэх ёстой” гээд алхаа тогшиж
байсан. Харин өнөөдөр МАН-ын сайдыг хэлэлцэх болохоор хууль үйлчилэхээ
больчихдог юм байна. Ц.Батбаяр байр сууринаасаа буцаж эхлэв үү, эсвэл
намын удирдлагуудын заавраар гэр бүлийнх нь компаниуд руу хийж байгаа
дайралтаас айв уу?
Б.ГАЛ