Японы стратегичийн нэхэл хатуутай асуулт

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Японы стратегичийн нэхэл хатуутай асуулт

Зочид хаалга тогшиж байна. Монголчууд тулгар төр, тусгаар тогтнолоороо бахархаж, бардамнаж буй энэ цагт хар, цагаан, бас шар арьст зочид “Орд газар, аль эсвэл төмөр зам” гэсэн хэдхэн үгтэй урилга, тийз барьсаар нааш зорчицгоох нь эрс олширчээ. Энэ оны хамгийн анхны содон зочин нь Японы Төрийн стратегийн бодлогын сайд К.Гэнба. Эрхэм зочин маань сүр дуулиан багатай, цомхон бүрэлдэхүүнтэй ирсэн ч энэхүү айлчлал их гүрнүүд Монголын талд стратегийн бодлогоор өрсөлдөх томхон дохио өглөө. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев өнгөрсөн арваннэгдүгээр сард өмнөд Курилд хөл тавьсан нь Японы эрх баригчдыг эгдүүцүүлээд зогсохгүй Ерөнхий сайд Наото Каны рейтингийг навс унагасан удаатай. Д.Медведев Оросын үе, үеийн Төрийн тэргүүнүүдээс анх удаа маргаантай бүсэд ийнхүү хөл тавьсан нь япончуудыг “Хаант засаглалын үеийн түрэмгий бодлого дахин хүчээ авч эхлэх шив” хэмээн ширвэ татахад хүргэсэн юм. Үнэхээр ч Зөвлөлтийн цэргүүд 1945 онд Номхойн далай дахь дөрвөн арлыг эзлэн авч, өдгөөг хүртэл “Энэ бол Оросын газар нутаг” хэмээн өмчирхөж байгаа нь Москва, Токиогийн хооронд боссон хана хэрэм мэт. Курилын дөрвөн арал гэдэг орос, япончуудын аль алины эмзэг цэгийг хөнддөг эвгүй сэдэв.

Харин одоо Орос, Япон улсын геополитикийн өрсөлдөөн дунд Монгол хэмээх улс тодорч байна. Монгол, бас уран гэдэг үг тэдний хувьд Курилын дөрвөн арал лугаа адил уур амьсгалыг бүрдүүлэх аж. Ерөнхий сайд С.Батболдыг өнгөрсөн арванхоёрдугаар сард Москвад айлчлахад Ерөнхий сайд В.Путин “Энэ бол эцсийн удаад шүү. Тохирлоо” гэмэгцээ их өрийн үлдэгдэл, төмөр зам, зээл тусламжийн “галт тэрэг”-ийг хөдөлгөх тушаал өгсөн бол ноён К.Гэнба “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оо, та Токиод саатахдаа “Монголд ашигт малтмал байна. Харин Японд эрдэс баялаг нийлүүлдэг орон хэрэгтэй” гэж мэдэгдсэн. Бид стратегийн бодлогоо боловсруулчихлаа. Энэхүү бодлогын хүрээнд Ази, тэр дундаа Монгол Улстай тусгай харилцаа тогтоож байж, Япон улс хөгжинө. Ерөнхий сайд Наото Кан та хоёр хамтран Стратегийн түншлэлийн харилцааны тухай Монгол, Японы хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Үүнээс гадна эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь чухал байна. Судалгааны дүгнэлт гарчихвал ирэх дөрөвдүгээр сард хэлэлцээр хийх бодолтой байгаа. Ер нь бид олон зүйл дээр хамтран ажиллахаар тохирсон биз дээ” хэмээн В.Путины школыг дагав. В.Путин монголчуудаар “Тохирлоо шүү” гэдэг үгийг монголоор хэрхэн хэлдгийг заалгамагцаа ийн айлдсан бол К.Гэнба сайд “Бид тохиролцсон биз дээ” хэмээн асууж байна. Тийм ээ, улс гүрнүүд тохиролцсон. Тэр дундаа Орос, Япон улс Монголын ураны салбарт технологийн ид хавыг гайхуулахаар 2008 оны дөрөвдүгээр сард хамтран ажиллах гэрээг үзэглэж байсан. Чухам эл үйл явц 1900 оны эхэн үеийг санагдуулж байв. Учир нь Монгол орныг хамтран өмчлөх гэсэн Орос, Манжийн бодлогоос гадна оросууд япончуудтай энэ газар оронд геополитикийн “тоглоом” тоглох гэрээ байгуулж байсан нь яах аргагүй түүхэн үнэн. Гэвч тэр цагаас хойш нэг их удалгүй монголчууд үндэсний эрх чөлөөгөө тунхаглаж, Орос, Япон улс ч хувьсгал, дайн, газар нутгийн маргаан гэхмэтчилэн цөвүүн явдлуудын хөлд дарагдсан билээ. Хоёр орны зүгээс Монголыг ширтэх “харц” ийн нэг хэсэгтээ саринасан ч олон жилийн дараа газар зүйн нэгэн цэгт дахин нүүр тулгарсан нь энэ.

Гэвч В.Путины япончуудтай хамтран Монголын ураны салбарт ажиллах гэрээний үр дүн яагаад гарсангүй вэ. Евроазийн бүс нутагт эдийн засгийн ноёрхлоо тогтоох гэсэн өрсөлдөөн нь элдэв гацааг үүсгэв үү. Үүний гол зангилаа нь Курилын дөрвөн арлын талаарх маргаан уу. Эл асуултад оросуудын зүгээс “Тийм” гэх тодорхой хариултыг өдгөөг хүртэл өгөөгүй. Харин япончууд Францын “Арева” групптэй хамтран ажиллахаа мэдэгдсэн нь “Мөнөөх гэрээгээ яах болов” хэмээн гайхшрахад хүргэсэн. Гэхдээ Сибирийн эрчүүд цөс ихтэй, дарагдашгүй хор шартай л даа. Япончуудыг өөр тийш хармагц тэд “Орос улс уран олборлолтоороо тэргүүлэгч гүрнүүдийн нэг.Уран боловсруулалтын 40 хувийг дэлхийд дангаараа даачихна. Технологи ч сайтай” хэмээн бардамнаж байлаа. Кремль ч “РосАтом” компанийг санхүүгийн хувьд тусгайлан харж үзэж, Канадын “Uranium one” корпорацийг хяналтдаа байлгадаг орд газруудынх нь хамт худалдаж авахад ихээхэн нөлөө үзүүллээ. Оросууд өдгөө Африк, Дундад Азийн газар нутагт ураны төлөөх давшилтаа үргэлжлүүлж байна. Харин хуучнаар ЗХУ-ын үед ашиглахад бэлэн болгоод орхичихсон байсан Дорнодын сав газар дахь ураны ордуудыг Монголтой хамтран эзэмших талаар санал нэлээд зөрөлдсөн ч Ерөнхий сайд С.Батболдыг В.Путинтэй таван үг солих зуур “Дорнод уран” хамтарсан компанийг 51:49 хувиар хамтран эзэмшихээр болсон нь халуухан хэвээр сэдэв. Оросууд монголчуудтай ийн тохиролцохоосоо өмнө буюу өнгөрсөн онд ураны нөөцөө 70 мянган тонноор нэмж, Украйныг гол хамтрагчаа болгожээ.

Хойд хөршийнхнийг “Монголын ураны төлөө бусад оронтой ямар ч хэлбэрээр өрсөлдөх шаардлага бидэнд байхгүй. Орос, Хятад улс уул уурхайн салбарт олон жил хамтран ажиллаж байна. Мэргэжилтнүүд маань Тяньванийн цөмийн станцын барилгын дөрвөн блокийг барьж байгаа. Уг бүтээн байгуулалтын гол суурь нь Оросын технологи. Монголчуудын хувьд ч ялгаагүй. Дорнодын ураны ордыг хамтран ашиглахдаа бид ОХУ-ын Приаргунскийн комбинатыг түшиглэнэ” хэмээн мэдэгдсэний дараа буюу шинэ он гармагц Ерөнхий сайд Наото Каны багийнхан “Японы Засгийн газрын тэргүүн ирэх хавар Хятадад айлчилна” гэлээ. Токиогоос ийн мэдээлсний дараахан Төрийн стратегийн бодлогын сайд К.Гэнба Узбекстаны парламентчидтай уулзсаныхаа дараа Монголд яаран ирсэн нь “Бид тохиролцчихсон биз дээ” гэх асуултынхаа хариуг албан ёсоор авах гэсэн хэрэг. Японы “тархи”-ийг гартаа атгадаг нөлөө бүхий улстөрч ийнхүү хүйтэн өвлөөр Улаанбаатарт морилсон нь Орос, Японы тал нутаг дахь өрсөлдөөн улам сонирхолтой болохыг илтгэж байна. Тэд одоогоос 100 жилийн өмнө Монгол орныг ашиг сонирхлын нэгдмэл “харц”-аар харж байсан бол өдгөө өмнийн говь, Дорнодын сав газар дахь эрдэнэсийн сангийн зүг геополитикийн аян дайнаа зарлалаа. Тиймээс оросууд япончуудтай, аль эсвэл япончууд оросуудад газар нутгийн талаарх маргаанаа эцэслэн шийдэх болзол тавих нь тодорхой болж байх шиг  байна. Учир нь Японы Гадаад хэргийн сайд Сэйжи Маэхара саяхан энэ тухай стратеги бодлогоо шинэчлэн боловсруулахаар ОХУ-тай хэлэлцээр хийхээ мэдэгдлээ. Түүний хувьд, ирэх сард Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой зоог барих үед асуудлыг нааштай шийдэх боломж бүрдэнэ гэдэгт ихээхэн найдаж байгаа бололтой. Гэвч Токио үүнээс урьтаж, Солонгосын хойг, Курилын асуудлаас гадна Америктай цэрэг, батлан хамгаалахын салбарт хамтран ажиллах стратегийн бодлогыг гартаа атгадаг сайдаа Монголд илгээжээ. Монгол Улс баялагтай. Харин их гүрнүүдийн элдэв асуултад хариулах их хариуцлагыг бас хүлээсэн билээ. “Аяганы хариу өдөртөө” гэж. Уран, төмөр зам, Тавантолгой… Энэ сэдвээр япончууд эцсийн хариуг сонсохоор яарч байна.    

С.БАТТУЛГА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж