МАХН-ын түр штабыг ”Үл ойлгогдох бүлэглэл” гэж харж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

МАХН-ын түр штабыг ”Үл ойлгогдох бүлэглэл” гэж харж байна

Б.Даш-Ёндон: МАХН-ын түр штабыг "Үл ойлгогдох бүлэглэл” гэж харж байна

МАХН-ын дарга асан Б.Даш-Ёндонг “Ярил­цах тан­хим”-даа урьж ярилцлаа.

-Танаас МАХН-ыг Мон­гол ардын нам болгох шинэч­лэлийг эхлүүлсэн анх­ны эрдэм шинжилгээний хур­лын үеэр ярилцлага авч байсан. Тэр үед санаа­чилгын түв­шинд  ярьж бай­сан шинэч­лэлийн са­наа өнөөдөр бодит байдал болсноос үүдээд таны зорил­го биелжээ гэж хэлж болох байх?

-Зөвхөн миний хүсэл зорил­го болоод бодож байс­наар маань намын шинэчлэл хийгдлээ гэж хэлж болохгүй. Энэ шинэчлэлийн цаана на­мын олон түмэн бий. Намын удирдлага бий. МАХН бол Монгол ардын намын үргэлж­лэл, Монгол ардын нам бол МАХН-ын эхлэл гэдгийг бүгд хүлээн зөвшөөрсөн. Цаашид үйл ажиллагааны шинэч­лэлийг эрчимжүүлэх хэрэгтэй. Тэр бүхнийг шууд хийх нь бас амаргүй. Гишүүд бүгдээрээ шууд хүлээн зөвшөөрнө гэж байхгүй. Иймд сэтгэлгээний шинэчлэлийг эрчимжүүлэх шаардлага гарч байна. 

-Аливаа шинэчлэлийн дараа эрч хүч, урагш тэмүү­лэх урам зориг бадрах нь бий. Танд энэ өөрчлөлт ан­заарагдаж байна уу?

-Ан­заарагдаж байна. Мөн МАХН-ын төлөө явж байсан хүмүүс угтаа Монгол Ардын намын төлөө явж байсан гэдэг итгэл үнэмшил ч батжиж байна. Саяхан МАН-ын шинэ­чилсэн бат илэрхийлэхийг гишүүд­дээ олгож эхлэх ёслолын ажиллагааг та харсан биз дээ.

-Тийм ээ. Их л сүр дуулиантай арга хэмжээ болох шиг болсон. Тэр өдөр шинэ батлах гардсан гишүүд бол Монголын Ардын намын удирдлагууд, спорт урлагийн салбарын нэр хүндтэй шигшмэл гэж хэлж болохуйц төлөөлөгчид байсан. Тэгвэл тэдний ард байгаа 160 гаруй мянган гишүүн та бүхний адил тэгж их баяр хөөртэйгөөр, МАХН бол Монгол Ардын нам юм гэж итгэж шинэ үнэмлэхээ гардаж авах болов уу. Та юу гэж бодож байна?

-Итгэж байна. Нэгд, ийм ёслолын ажиллагаа намын бүх анхан, дунд шатанд адилхан болно. Шинэчилсэн бат илэрхийлэх бол намын гишүүдэд үзүүлж байгаа хүндэтгэл. Иймд тэр мянган гишүүнийг 160 гаруй мянган гишүүнээс шигшсэн шигшмэл хүмүүс гэж хэлж болохгүй. Тэдний цаана манай намын 160 гаруй мянган шигшмэл хүн бий. Нийслэлийн арга хэмжээнд зөвхөн тэдний төлөөлөл л оролцсон хэрэг шүү дээ. Тэгээд ч би Улаанбаатарт шинэ бат илэрхийлэхээ гардаагүй юм чинь орон нутагтаа авахгүй гэх гишүүн манай намаас гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа.

-Та анх хэдэн онд намд элссэн бэ?

-1968 онд.

-Тэгвэл тэр үеэс хойш намын үнэмлэхийг шинэчилсэн энэ удаагийн арга хэмжээ өөрийн тань сэтгэлийг хөдөлгөсөн үү. Намын гишүүн хүний итгэл үнэмшил гэдэг тухайн намын өөрчлөлт, шинэчлэлтэй холбоотойгоор дагаж баярлах, догдлох, гутрах гэх мэт хөдөлгөөнд ордог юм шиг байсан?

-Тийм ээ, надад шинэ уур амьсгал, эрмэлзэл гарч байна гэдэг сэтгэгдэл төрсөн. Зөвхөн би ч бус бүгд л намынхаа ууган нэрийг сэргээсэнд баярлаж, сэтгэл нь хөдөлсөн байх. Их л өндөр сэтгэгдэлтэй хүлээж авах шиг болсон.

-“Би одоо ардын журамт цэрэг” гэж хэлэх залуус ч олон байх шиг байсан шүү?

-Одоо бүгд л Ардын намын “журамт цэрэг” болж байгаа хэрэг шүү дээ. Тэр дунд  залуус тэгж хэлнэ гэдэг сайхан хэрэг. Яагаад гэхээр залуус үүх, түүхээ сайн мэдэж байх хэрэгтэй шүү дээ. Ер нь, МАХН уугуул нэрээ сэргээн авсан нь түүхийн ухамсрыг тодотгоход ч чухал ач холбогдол бүхий бодлого юм.

 -Гэхдээ Монгол Ардын намын жирийн гишүүдийн хувьд МАХН гэсэн нэр рүү итгэл үнэмшил нь чангаагаад байгаа бололтой?

-Тийм зүйл байгааг үгүйсгэхгүй. МАХН анхны 1921 онд авч байсан ууган нэрээ сэргээснээр цаг хугацааны хувьд ухарчихав уу даа гэсэн сэтгэгдэл зарим хүнд төрсөн нь үнэн. Гэхдээ цаг хугацааны тооллоор өнгөцхөн харахад л ийм бодол төрж байгаа болов уу. Иймд ууган нэрээ сэргээх болсон хүчин зүйлийг намын удирдлагын зүгээс олон нийтэд ойлгуулахын тулд маш их ажиллаж байна.

-Тэгвэл Монгол Ардын намын удирдлагын зүгээс хамтарсан Засгийн газрыг байгуулсан атлаа бие дааж Монгол Улсын ирээдүйн 20 жилийн эдийн засгийн стратегийг зарласан нь улс төрийн соёл талаасаа хэт ноёрхсон хандлага биш үү?

-Манай нам байгуулагдсан цагаасаа л Монголын хөгжлийн зорилтыг тодорхойлж, түүнийгээ хэрэгжүүлж ирсэн. Өнөөдөр хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа нь үнэн. Гэхдээ Монгол Ардын нам энэ том зорилтыг дэвшүүлсэн нь өөрөө шалтгаантай. Яагаад гэхээр өнөөдөр энэ нам эрх барьж байгаа. УИХ-д олонх болж, намын дарга нь Ерөнхий сайдын алба хашиж байна. Энэ утгаараа бүтээн байгуулалтыг зарлах бүрэн эрхтэй гэсэн үг. Нөгөө талаасаа аливаа улс төрийн хүчин улс орны хөгжлийн бодлогыг алсын зорилтынхоо хамт тодорхойлж болно. Энд ямар ч хориг байхгүй. Парламентад суудалгүй нам ч ийм зорилт зарлаж болно шүү дээ. Улс оронд бий болоод байгаа санхүүгийн нөхцөл боломж дээр тулгуурлаж хийх ажил, бүтээн байгуулалт руугаа шууд орох нь зөв. Онолын хувьд шилжээд л байна, шилжилт үргэлжилж байна гэсэн ойлгомжгүй зүйлийг яриад зүгээр сууж болохгүй болчихоод байна гэж манай дарга хэлсэн нь зүйн хэрэг юм.

-Таны хувьд Монгол Ардын намын төлөө гэсэн тэр итгэл үнэмшлээ хэзээ ч өөрчлөхгүй нь тодорхой. Энэ утгаараа нэрээ сольсон улс төрийн хүчин ихэнх тохиолдолд асар их эрсдэл хүлээдэг гэдэг бодит гаргалгаанд та санаа зовохгүй байна уу?

-Манай нам нэрээ солиогүй шүү дээ. Унаган нэрээ л сэргээсэн. Энэ хамгийн гол тайлбар нь. Хэрэв Хөдөлмөрийн нам, Социалист нам гэх мэтээр сольсон бол нэр сольсон гэдэг утгаар нь ойлгож болно. Тэгэхээр энд нэг их айгаад байх эрсдэл тулгарахгүй гэж итгэж байна.

-Удирдлагын түвшинд ийм тайлбар таатай санагдах нь тодорхой. Гэтэл жирийн иргэдийн хувьд энэ шинэчлэл нь өөрөө хувьсгал гэж харагдаж байгаа. Наад зах нь “МАХН-ын Түр штаб” гэсэн улс төрийн идэвхтэй бүлэг энэ санаан дээр тулгуурлаж байгуулагдсан шүү дээ?

-Нэр сольсноор хувьсгал болдог гэж байдаггүй. Тэр бол хийсвэр ойлголт.

-Харин ч прагматик сонсогдох тайлбар биш үү?

-Үгүй биз дээ. Би хувьдаа бодитой бус хийсвэр гэж харж байгаа. Хүний зах дээр зарж байгаа барааг гаднаас нь хараад сонголт хийдэггүй биз дээ. Дотор талыг нь, чанарыг нь хэн ч гэсэн хардаг шүү дээ. Тэгж харвал өнөөдрийн Монгол Ардын нам өмнөх МАХН хэвээрээ л харагдана. Энд чанарын ямар ч ялгаа байхгүй. Би үнэндээ “МАХН-ын Түр штаб” болон тэнд орсон хүмүүсийг гайхаж байгаа. МАХН-ын байрыг шатаахад уриалан оролцож байсан хүмүүс эргээд хуучин нэрийг нь сэргээх нь зөв гэж яриад байгаад би эргэлздэг. Тэнд үл ойлгогдох бүлэглэл бий боллоо л гэж харж байна.

-Гэхдээ тэд өөрсдөө орон нутагт их хүчтэй дэмжлэг олж авч чадаж байна гэж ярьж байгаа. Орон нутгийн иргэдийн дэмжлэг тэднийг тойрон хүрээлбэл танай намын нөхцөл байдал эвгүйдэж мэдэх юм шүү дээ?

-Мэдэхгүй ээ. Би сая Хөвсгөл аймагт явж байгаад ирсэн. Орон нутагт тэднийг дэмжсэн гэх байдал лав анзаарагдаагүй. Харин “Одоо сонгууль болох гэж байгаа юм уу. Зах дээр очоод л нам яриад байх юм” гэсэн асуултыг тавих иргэд байсан. Захын нөхцөл байдал МАХН-ын үед ч, Монголын ардын намын үед ч адилхан л байгаа шүү дээ. Тийм улстөр байж болохгүй л дээ.

-Гэхдээ “Нэгэнт УИХ-ын сонгуульд оролцсон МАХН нь өнөөдөр байхгүй учраас Ардчилсан намд засаг барих эрх нь нээлттэй бий” гэдэг гаргалгаа хүмүүст бас их зөв санагдах шиг болсон шүү?

-Би наад тайлбарыг чинь гаргалгаа гэж хэлэхгүй. Гаргалгаа биш. Гаргалгаа гэдэг чинь хууль зүй, логик, тайлбар талаасаа нэг мөр болсон зүйлийг л хэлдэг. Улс төрийн үүднээс тэгж яриад нэмэргүй. Улс төрийн маргаанаар энэ асуудлыг шийдэхгүй. Эцсийн бүлэгт хууль, шүүх дээр л энэ маргаан очно байх. МАХН байхгүй болоогүй, харин уугуул нэрээ л сэргээж авсан гэдгийг хичнээн ч хэлмээр юм дээ.

-Таны хувьд асуудал шүүх дээр очлоо гэхэд Монгол Ардын намын талд ялалт байгаа гэдэгт зуун хувь итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байна. Итгэлтэй байгаа учраас л би намын Их хурал дээр энэ шинэчлэлийн төлөө гараа өргөсөн.

-Гол нь энэ шинэчлэл зарим нэг хүнийг танигдахгүй болтол нь өөрчиллөө. Бүр өмнөх алдаагаа ухамсарлаж, одооноос л ард олны төлөө зүтгэх болно гэх хүн ч гарч ирж байна. Та эндээс улстөрчдөд цаг үеийн урсгалаар ингэж өөрчлөгдөх нь зүй ёсны үзэгдэл гэж хүлээн зөвшөөрч чадах уу?

-Хүнээсээ л болно шүү дээ. Улс төр тогтвортой л байвал зүгээр. Улс төрийг улстөрчид хийдэг. Улстөрчид чинь өөрөө хүн. Тэр хүнд янз бүрийн сонирхол байдаг л байх. Чухам ямар сонирхлыг нь хөндчихөөд, ямар тахилыг нь буруу өргөсөн болоод тэгж хувирч байгааг нь миний хувьд мэдэх юм алга. Манай намд огт хамаагүй хүмүүс хүртэл тэр “МАХН-ын Түр штаб” гэгчид орчихсон яваа биз дээ.

-Намыг нэгэн цагт удирдаж байсан хүн тэгж өөрчлөгдөх нь нийгэмд аюултай юу?

-Яах вэ дээ, би энэ ярианы далимд нэг зүйлийг харин ёстой тодорхой хэлчихье.

-Юуг тэр вэ?

-Улс төр рүү эрх мэдлийн донтой, эд хөрөнгийн шуналтай, философи руу өөрийн эрх ашгийн төлөө худлаа ярьж, олон нийтийн толгойг эргүүлдэг хүн олон ороод байвал нийгэмд ихээхэн хортой. Үүнийг Аристотелиэс авахуулаад үе үеийн том сэтгэгчид хэлсэн байдаг нь тэдний зохиол бүтээлийн хуудаснаа тархсан байдаг. Тэгэхээр иймэрхүү хүмүүс зөвхөн өнөөдрийн Монголд ч бус бүхий л цаг хугацааны турш дэлхийд байсаар л ирсэн шиг байгаа юм даа.

-Та намайг дээрх гурван асуултаар дамжуулж, Н.Энхбаяр гэдэг хүний талаар байр суурийг тань сонирхсон гэдгийг гадарлаж байгаа байх. Тийм үү?

-Тийм ээ. Би гадарлаж байна. Бас ер нь л ийм юм байдаг аж гэдгийг хэлж байна.

-Яг үнэндээ сүүлийн үед нийгэмд Н.Энхбаяр нь хамгийн сайн хүн, МАН-ын удирдлагууд хамгийн муу хүмүүс, эсвэл Н.Энхбаяр хамгийн муу, харин МАН-ын удирдлага хамгийн сайн нь гэсэн хоёр туйл руу хагалсан сэтгэгдэл бий болж байх шиг санагдсан. Үзэл бодлын хагарал бий болох нь ч гэж хэлж болох юм?

-Энэ ойлголт чинь үнэн. Н.Энхбаярын өөрийнх нь хийгээд байгаа юмнаас ийм үр дүн гарч байна. Чи зөв ажигласан байна. Олон нийтэд ийм ойлголт төрөх алхмыг намын шинэ удирдлагууд огт гаргаагүй. Олон түмэнд ч тэр нь харагдаж байгаа. Н.Энхбаяр намд зогсохгүй, нийгмийн сэтгэл зүйд улс төрийн будилаан, хагарал гарахад хүргэж байна. Н.Энхбаяр ганцаараа үзэл бодлоо хэлж байгаа бол нэг хэрэг. Гэтэл олон нийтийг турхирч, хөдөлгөөн байгуулах, байгууллага бий болгох арга хэмжээг удирдаж, санхүүжүүлж, зохион байгуулж байгаа нь хортой үйлдэл юм. Бүр ямар ч мэдээлэлгүй хүн бол өөр хэрэг. Гэтэл Н.Энхбаярт хангалттай мэдээлэл байгаа биз дээ. Манай намыг, УИХ-ыг, Засгийн газрыг толгойлж байсан. Ерөнхийлөгчөөр ажилласан. Ийм хүн улс төрийн үймээн, самуун улс оронд ямар их хортой байдгийг уг нь мэдэж л байх ёстой. Үүнд нь намын удирдлага эмзэглэж байгаа биз.

-Гэхдээ одоо Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр жирийн иргэн болсон шүү дээ?

-Үгүй дээ, Н.Энхбаяр намын буянаар, Монголын ард түмний итгэлээр төрийн өндөр дээд хариуцлагатай алба хашиж нөлөөтэй байсан хүн. Ухаантай ч хүн. Иймд тэр хүн намынхаа өмнө, улс орныхоо өмнө сул байгаа үедээ ч хариуцлага хүлээж байх учиртай.

-Өөрийнх нь хэлж буй үгнээс анзаарахад өнгөрсөн хугацаанд хийсэн үйлэндээ гэмшиж, одооноос л ард түмний эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ гэж өөрөө өөртөө амласан хүн бололтой юм билээ. Бас байж болох л ухаарал юм биш үү?

-Ийм ухаарал, гэмшил байж болно, байх ёстой. Гэхдээ гэмшил, ухаарлаа яаж илэрхийлэх вэ гэдэг чинь гол зүйл.

-Та өндөр албан тушаал хашиж байсан үеийг нь хэлж байна уу. Аль эсвэл албанаасаа бууснаас хойшхи энэ богино хугацааны өөрчлөлтийг нь тодотгов уу?

-Түүний өндөр албан тушаал хашиж байх үед Монгол Улс ямар болсон бэ. Үнэхээр улс орны хөгжил удирдлагаасаа хамаардаг юм бол Н.Энхбаяр холбогдохгүй байна гэж байхгүй. Түүнийг төр удирдаж байх үед авилга газар авч, ядуурал нэмэгдэж, сонгуулийн гаж тогтолцоо бий болсон. Ард түмэн ч Ерөнхийлөгчөөр дахиж сонгосонгүй шив дээ. Энэ бол бодит баримт.

-Гэсэн ч Монгол Ардын намын одоогийн удирдлага Н.Энхбаярын эсрэг бүх хүчээ төвлөрүүлчихжээ гэсэн ойлголт олон хүнд төрсөн байгаа. Магадгүй тэд түүнийг энэ их хүчний өмнөөс боссоных нь төлөө өрөвдөж байж болох юм?

-Хэдэн хүн дураараа зохиож, цаад хүнийг чинь муулсан юм байхгүй ээ. Намын удирдлага их хурлынхаа шийдвэрийг хамгаалж байгааг ингэж ойлгож, ингэж тайлбарлах хэрэггүй дээ гэж тэр хүмүүст хэлмээр байна. Нэг л хүн Ерөнхий сайд байвал Монгол Улс Ерөнхий сайдтай байх ёстой, нэг л хүн Ерөнхийлөгч байвал Монгол Улс Ерөнхийлөгчтэй байх ёстой. Нэг л хүн намын дарга байвал манай нам даргатай байх ёстой гэх маягаар бодох хэцүү байна шүү дээ.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхий сайд байвал Монгол Улс Ерөнхий сайдтай байх ёстой” л гэж хэлээд байна гэж үү?

-Н.Энхбаярын явуулга бусдыгаа ингэж бодоход хүргээд байна. Хэрэв тийм биш бол хувь хүнд өөрт нь ч, нийгэмд ч тустай.

-Ярилцсанд баярлалаа.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж