
Мөн далайд гарцгүй зах зээл хязгаарлагдмал орны хувьд 2 том хөрштэйгээ худалдааг хөнгөвчлөх, транзит тээврийн тарифийн асуудлаар гэрээ хэлцэл идэвхтэй хийж байгаа гэдгээ ч хэлээд дэд бүтэц, уул уурхай, хөдөө, аж ахуй, эрүүл мэнд, газрын тос, банк санхүү, хөрөнгийн зах зээл гээд олон салбарт хөрөнгө оруулалт хийх өргөн боломж Монголд байгааг Ерөнхий сайд хэлээд ирэх зургадугаар сард Улаанбаатар хотод Монгол Арабын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулахаар талууд ажиллаж байгааг дуулгав. Монгол Улсын Ерөнхий сайдын энэхүү айлчлал хурдтай хөгжлийнхөө гараан дээр ирээд байгаа Монгол Улсыг Арабын булангийн орнуудад таниулан суртчлахад чухал үүрэг гүйцэтгэлээ гэж хоёр талын ажил хэрэгч хүмүүс дүгнэв. Монгол-Кувейтийн бизнес форумаас харахад газрын тосны худалдаа, хайгуул олдворлолт, Хөдөө, аж ахуй тэр дундаа мах болон махан бүтээгдэхүүний экспорт, дэд бүтэц, банк санхүү зэрэг чиглэлээр Кувейтийн хөрөнгө оруулагчид манайтай хамтарч ажиллах сонирхол байна. Энэ сонирхлыг бодит ажил болгоё гэвэл манай бизнес эрхлэгчид чиглэл чиглэлээрээ хамтраад ганц сайн төсөл боловсруулаад Кувейтийн талд саналаа тавибал тэд шууд дэмжихэд бэлэн байгааг Ерөнхий сайд С.Батболд Монголынхоо бизнесменүүдтэй Эль-Кувейт хотноо уулзахдаа хэллээ.
Кувейтууд асуудлаа төрөлжүүлээд маш цэгцтэй, тодорхой ярьдаг хүмүүс болохоор тавьж буй асуудлаа биднээс мөн адил тодорхой гаргаж өгөхийг хүсч байна. Үүнийг манай албаны хүмүүс ч, бизнес эрхлэгчид ч анхаарах хэрэгтэйг Сангийн сайд С.Баярцогт хэллээ. Манай улсын хувьд Кувейтийн талд хоёр асуудлыг тавиад байгаа юм. Үүнд Эрдэнэтээс Мөрөн хүртэлх хатуу хучилттай авто зам барих, 150 ортой хүүхдийн төрөлжсөн эмнэлэг байгуулахад хамтрах тухай юм.
Ерөнхий сайд С.Батболд энэхүү хүсэлтээ Кувейтийн Эмир, Үндэсний ассамблейн дарга, Ерөнхий сайд болон Кувейтийн сангийн тэргүүнтэй уулзахдаа тавьсан бөгөөд тэдний зүгээс дэмжиж туслахад бэлэн байна гэсэн нааштай хариулт аваад байна. Кувейтүүдийн хувьд Иракийн дайралтын хүнд, хэцүү үед жинхэнэ андын ёсоор дэмжиж уриалга гаргаж байсан Монголын ард түмэнд талархаж явдгаа, ойр дотнын найзаа гэж үздэгээ бүхий л түвшиндээ илэрхийлж, Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалд өндөр ач холбогдол өгч байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.