Ерөнхий сайдыг иртэл Д.Зоригтын асуудлыг хэлэлцэхгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайдыг иртэл Д.Зоригтын асуудлыг хэлэлцэхгүй

Оны өмнө баталсан УИХ-ын дэгийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу байнгын хороод энэ долоо хоногоос эхлэн хаалттай хуралдаж эхэлсэн.  Өчигдөр Эдийн засгийн байнгын хороо хаалттай хуралдаж, Эрдэс баяаг, эрчим хүчний сайд Д.Зоригтын асуудлыг хэлэлцжээ. Түүнийг огцруулахаар УИХ-ын нэр бүхий гишүүдээс гаргасан шаардлагыг энэ сарын 11-ний дотор УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой ч байнгын хорооноос уг асуудлаар шийдвэр гаргаагүй байна. Учир нь Арабын орнуудад ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд С.Батболд айлчлалд явахаасаа өмнө Д.Зоригтын асуудлыг хэлэлцэх хугацааг  10 хоногоор хойшлуулж өгөхийг шаардлага гаргагчдаас хүсчээ. Тэд ч үүнийг нь ёсоор болгож, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцүүлэхийг хойшлуулжээ. Харин энэ шийдвэр УИХ-ын даргын шийдвэр биш, байнгын хорооны шийдвэр гэж УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж хэллээ.

Б.ЗАЯА 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж