
Ардчилсан хүчний холбоо ТББ-аас зохион байгуулж, лхагва гариг бүр ТМ телевизээр шууд нэвтрүүлдэг “Монголоо шинэчилье” нэвтрүүлэгт өчигдөр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Ц.Батбаяр оролцов. Тэр өнгөрөгч сарын 28-ны өдөр Ардчилсан намын бүлгийн гишүүн Ц.Сэдванчиг, Д.Ганхуяг нарын хамт Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн билээ. Хуулиараа уг асуудлыг өргөн барьснаас хойш 14 хоногийн дотор УИХ хэлэлцэж, шийдвэрээ гаргах ёстой. Одоо ес хоног нь өнгөрчихөөд байгаа гэсэн үг. Энэ долоо хоногт МАН-ын бүлэг болон Эдийн засгийн байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэх ёстой байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлоод байгаа билээ. Харин үүний шалтгааныг Ц.Батбаяр гишүүн өчигдөр орой телевизийн шууд нэвтрүүлгээр орохдоо тайлж өгөв. МАН-ын дарга, Ерөнний сайд С.Батболд Арабын орнуудад хийх айлчлалд мордохынхоо өмнө “Айлчлалаас ирэх хүртэл 10 хоногийн хугацаанд асуудлыг хэлэлцүүлэхгүй байх”-ыг шаардлага гардуулсан Ц.Батбаяр гишүүнээс хүссэн байна. Нөгөөдүүл нь ч бас түүнийг нь хүлээгээд авчихсан бололтой. Сануулахад, 2004-2008 онд Их эвслийн, Эв нэгдлийн нэртэй Засгийн газрууд ажиллаж байхад УИХ-ын гишүүн Л.Гүндалай Үйлдвэр худалдааны сайд Б.Жаргалсайханыг огцруулах шаардлагыг мөн л тэр үеийн УИХ-ын даргад хүргүүлж, харин уг асуудал нэгдсэн чуулган дээр орж ирсний дараа “Би шаардлагаа буцааж татлаа, Асуудлыг хэлэлцүүлэхгүй” хэмээн зүтгэж үзсэн билээ. Тэгэхэд УИХ-ын дарга Ц.Нямдорж, “УИХ чиний тоглоом юм уу, нэгэнт шаардлага гардуулсан бол хэлэлцэх ёстой” гээд алхаа тогшиж байсан. Харин өнөөдөр МАН-ын сайдыг хэлэлцэх болохоор хууль үйлчилэхээ больчихдог юм байна. Ц.Батбаяр байр сууринаасаа буцаж эхлэв үү, эсвэл намын удирдлагуудын заавраар гэр бүлийнх нь компаниуд руу хийж байгаа дайралтаас айв уу?
Б.ГАЛ