Намууд ухаанаа уралдуулах цаг болсон

Хуучирсан мэдээ: 2011.01.06-нд нийтлэгдсэн

Намууд ухаанаа уралдуулах цаг болсон

АН-ын ээлжит бус Их хурал хуралдуулах хөдөлгөөны тэргүүн Т.Хасбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өчигдөр танай хөдөлгөөний зүгээс Ардчилсан намын даргатай уулзалт хийсэн байна. Энэ уулзалтаар АН-ын дарга та бүхний хооронд ямар асуудал яригдсан бол?

-Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай албан ёсоор уулзалт хийлээ. Энэ уулзалтаар АН-ын ээлжит бус их хурал хурал хуралдуулах хөдөлгөөний гишүүд, Мөн АН-ын ЕНБД нарын харилцан тохиролцож үзэглэсэн санамж бичгийг хүчин төгөлдөр бус гэж мэдэгдэж байсан тухай ярилцсан. Үүний улмаас бид намын даргад зохих шаардлага хүргүүлээд байсан. Энэ удаагийн уулзалтаар бидний тавьсан шаардлагыг хүлээн авч ЕНБД Д.Эрдэнэбат болон манай хөдөлгөөний төлөөлөгчидтэй өнгөрсөн 12 сард үзэглэсэн санамж бичигт хүндэтгэлтэй хандаж байгаагаа илэрхийлж хүчинтэй хэмээн албан ёсоор мэдэгдсэн. 

-Санамж бичгийг хүчинтэй гэж мэдэгдсэн бол АН-ын ээлжит бус хурал хуралдах боллоо гэсэн үг үү?

-Өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлаар энэ нэгдүгээр сард болох Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар намын ээлжит бус Их хурал хуралдуулах асуудлыг хэлэлцэхээр болсон байгаа. Тийм учраас одоо бид тухайн цаг үеийг хүлээж байна. Ер нь бол хөдөлгөөнийхөө үйл ажиллагааг бид цааш нь үргэлжлүүлнэ.

-Та бүхэн УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн байр суурьтай байсан энэ тухайд?

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй гэсэн 2000 онд үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг УИХ дахь ардчилсан намын бүлгээр дамжуулж хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байгаа. Монгол Улсад засаглалын хямрал нүүрлэсэн энэ хямрал нь өнөөдөр ч үргэлжилсээр байна. Засаглал хүчтэй байж Монгол Улсын төр байх ёстой, үүний тулд Ардчилсан нам идэвхтэй байр суурьтай ажиллах ёстой гэсэн байр суурьнаас хандаж байгаа.

-Намын даргатай уулзсан уулзалтаар цаашид хамтран ажиллах тухай ярьсан байсан. Мөн өнөөдөр ярилцсан үйл ажиллагааны тухайд хэрэгжилт ямар байх бол?

-Намын даргатай хамтран ажиллана гэдэг бол намын гишүүний үүрэг, байдаг л асуудал. Харин хойшид хөдөлгөөний зүгээс бидний тавьсан шаардлагыг биелүүлэхийн төлөө  ажиллаж байгаа эсэхийг бид харах ёстой. Хэрвээ биелүүлж ажиллаж чадахгүй бол бид бүгдийн тавьсан шаардлага хэвээрээ байгаа гэдгийг санах ёстой.

-Та бүхний үйл ажиллагаа, нөхцөл байдлыг намын удирдлагатай хагаралдсан байна гэх хэсэг байдаг. Энэ талаар ямар байр суурьтай байна?

-Энэ нь нам хагаралтай байна гэсэн үг биш. Нам өөрөө улсын хөгжлийн үйл явцтай холбоотой бодлого боловсруулдаг аливаа зүйлийг олон өнцгөөс нь харж ажилладаг учир энэ үйл явцыг хагарал гэж харж болохгүй юм. Хэдий чинээ ард түмэндээ ойрхон үзэл бодлоо ил тодоор илэрхийлэх нь хамгийн ардчилсан байгаа илрэл. Ер нь битүү зүйл дотроосоо  өтдөг. Ардчилсан нам бол ард түмэндээ илүү ойрхон байх тусмаа ард түмнээс тэр чинээгээрээ дэмжлэг авна. Тэр нь хагаралтай гэж харагдаж байвал тэр асуудал гол нь биш, гол нь зарчмын асуудал.

-Ардчилсан нам намын залуучуудаа дэмжихийн тулд хэрхэн ажиллах ёстой гэж үзэж байна?

-Энэ талаар улс төрд насны хязгаар байдаггүй. Харин залуучууд өөрсдөө идэвхтэй байж АН бодлогын хүрээнд үйл ажиллагаа явуулж дүрмээ өөрчлөх хэрэгтэй. Залуучуудад үйл ажиллагаа явуулах орон зай гаргахын тулд дүрмэндээ өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Манай нам бол МАН шиг босоо удирдлагатай байж болохгүй. Түүний оронд ард түмэндээ ойрхойн олон нийтэд үйлчилдэг байхын тулд намын дүрмэндээ өөрчлөлт хийх ёстой, түүнээс биш хэн нэгэн хүнийг солилоо гээд нам өөрчлөгдөнө гэж байхгүй.  Одоогийн байдлаар намын удирдлагын явуулж байгаа үйл ажиллагаанд сэтгэл хангалуун бус байгаа. Үүний нэг шалтгаан нь 2010 он анхан шатаа сонсох жил болгосон боловч харамсалтай нь олигтой үр дүн гараагүй. Намын удирдирлага хариуцлагатай байх ёстой, яг одоогийн байгаа намын удирдлагуудад сэтгэл хангалуун байдаггүй. Энэ нэг сард болох ҮЗХ-ны хурлаар өнөөгийн намын дарга албан ёсоор өөрийгөө намын дарга гэдгийг баталгаажуулах ёстой. Мөн АН авилгал хээл хахууль гэх зэрэг бодитоор нүүрлээд байгаа олон асуудалтай тэмцэх хэрэгтэй. Жишээ нь 2008 оны 7 дугаар сарын 1 нд болсон үйл явдал таван хүний халуун амь үрэгдсэн тохиолдол гарсан. Энэ асуудалд зарчимтай хандах хэрэгтэй. Намын дүрмийн дагуу намын эрх барих дээд байгууллага буюу намын их хурлаа хуралдуулж тухайн хурлаараа 2000 онд үндсэн хуульд өөрчлөлт оруулсан тэр өөрчлөлтийг буцаах хэрэгтэй. Энэ асуудлаар олон нийтийн дэмжлэг авч УИХ дахь гишүүдээрээ дамжуулан үндсэн хуульд халдсан явдлыг буцаах шаардлагатай. Ардчилсан намд иргэд төрд хяналт тавь гэж дэмжиж сонгуулиар санал өгсөн болохоос биш хамтраад мөрийн хөтөлбөр хэрэгжүүл гэж санал өгөөгүй. Энэ асуудал нь бас үндсэн хууль зөрчиж байгаа хэрэг. 2000 онд МАХН үнэмлэхүй олноороо УИХ-д орж ирээд тэр үед дарангуйллын систем –тогтоож байсан Н.Энхбаяр үндсэн хуульд хүчээр халдсан энэ явдлыг өнөөдрийн УИХ-ын гишүүд, хууль тогтоогчид өнөө хэр нь хадгалаад байгаа явдал бол өнөөдрийн парламент өөрөө хүч хэрэглэсэн шинж чанартай байгаа юм.

-Тэгвэл өнөөдрийн ус төрийн үйл явцыг хэрхэн харж байгаа бол?

-Их мөнгөний амсар дээр ирээд байна. Үндэстэн дамнасан томоохон компаниуд Монгол Улсад орж ирж байна, ийм үед улс төрийг яаж тунгалаг байлгах талаар бодох цаг болсон. Энэ асуудлаар төрийн эрх барьж байгаа хоёр нам ухаанаа уралдуулах цаг аль эрт болсон. Хамгийн гол нь энэ асуудал нь олон ядарсан зүдэрсэн ард түмэндээ хэрэгтэй, Монголын үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолтой холбоотой асуудал юм.

Б.Алтансүх   
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж