Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Жагсаал эхэллээ

Ард түмний амлалт нэхэх хөдөлгөөнөөс зохион байгуулж буй жагсаал албан ёсоор эхэллээ. Жагсаалыг нээж тус хөдөлгөөний тэргүүн Д.Батцогт “Монгол Улсын нийт ард түмний 38 хувь нь ядуу байна. Нийт баялагийн 90 хувийг нийт иргэдийн 21 хувь нь эзэмшиж байна. МАХН-ын 12 төгөлдөршил, АН-ын 10 зөв бодлого бүгд хуурамч, хүүхдийн мөнгийг үгүй болголоо. УИХ-ын зарим гишүүнд 20 мянган хүүхдийг Японд явуулна, өөрсдийг нь сонгосон хүмүүст байр өгнө гэсэн худал байлаа. АН 1 сая төгрөгийн хувьцаа, МАХН 1,5 сая төгрөг өгнө гэсэн худал байлаа. Ерөнхийлөгч тэдний амласан 2,5 сая төгрөгийг олгуулахаа амласан. Бас л худал байлаа. Хоосон ирээдүй ярьдаг хуурамч тогтолцоог өөрчлөе. Засгийн газрын иргэдийг хуурах гэж буй мөнгө өгнө гэсэн амлалтад итгэхгүй. УИХ-ыг тараая. Долдугаар сарын 1-ний үйл явдлыг нуун дарсан УИХ-ыг тараая. Асуудлыг энгийн замаар шийдэх цорын ганц арга зам бол УИХ сайн дураараа огцрох” гэдгийг хэллээ. Талбайд ойролцоогоор 400 орчим хүн цугласан байна гэж цагдаагийнхан хэлж байна. Тэд УИХ-ыг тартал үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэнэ. Одоогоор “Петровис” компанийн өмнөөс Сүхбаатарын талбай хүртэлх болон Сүхбаатарын талбайн баруун, зүүн талын замыг хаасан байна. Жагсагчид өөрсдийн цуглаанаас шаардлага гаргаж УИХ-д өгнө гэж Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөний дэд тэргүүн Г.Уянга хэллээ.  Жагсаалд дээрх хөдөлгөөнөөс гадна “Соёбо”, “Миний Монголын газар шороо” болон бусад хөдөлгөөнүүд оролцож буй аж.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж