Их Британи Монголын төлөөлөгчийг мэхлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Их Британи Монголын төлөөлөгчийг мэхлэв

Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн ажилтан Б. Хурцыг шүүх хурал 2011 оны нэгдүгээр сарын 5-нд болох гэж байна. Ноён Хурцыг Их Британийн засгийн газраас хуралд оролцохыг урьсан ч, харамсалтай нь Германы засгийн газрын талд үйлчилж хоёр нүүр гаргалаа хэмээн түүний өмгөөлөгч мэдэгджээ.41 настай ноён Б.Хурц нь 2003 онд Монгол Улсын иргэн Д.Энхбатыг хулгайлж, хилс хэрэгт унагасан үндэслэлээр баривчлагдаад байгаа юм. МУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын албаны дарга ноён Хурцыг 2010 оны есдүгээр сард Лондонгийн Хитрөүгийн нисэх буудал дээрээс баривчилсан бөгөөд одоо Лондонгийн баруун өмнөд хэсгийн Вандсворфын шоронд хоригдож байна.

Хурцыг шүүх ээлжит шүүх хурал лхагва гаригт Уэстминстрт болох ажээ. Б.Хурц өөрийг нь баривчлах тухай Европын холбооны захирамж гарсныг огт мэдээгүй байсан аж. Харин Муслимын фундаментализмтай холбоотой хэрэгт тагнуулын хамтын ажиллагаагаа сайжруулах талаар Их Британийн үндэсний аюулгүй байдлын газрын зөвлөх Питр Рикэтс болон стратеги, терроризмтой тэмцэх хэлтсийн дарга Уильям Найттай уулзан хурал хийнэ гэж бодож байсан бөгөөд тус хурлын талаар урьдчилан, удаан хугацаанд хэлэлцэж тохиролцсон байжээ. Үүнээс үзэхэд Их Британийн Гадаад хэргийн яам ноён Хурцыг хууран мэхлэх замаар баривчилж, Германы засгийн газрын талд үйлчилсэн байна гэж Хурцын өмгөөлөгч Данкан МакДоналд мэдэгдсэн байна. Энэ бол гарцаагүй дипломат харилцаатай улсын дээд албан тушаалтан, иргэн хүний эрхэнд халдсан хэрэг болсон байна гэж түүний өмгөөлөгч үзжээ.

Ноён Б.Хурцыг баривчилсны улмаас МУ-ын Ерөнхий сайд С.Батболдын Их Британид хийх айлчлал цуцлагдсан бөгөөд айлчлалыг дахин төлөвлөх тухай яригдаагүй байгаа гэж Хурцын өмгөөлөгч мэдэгдсэн бол Их Британийн Гадаад хэргийн яам айлчлалыг түр хойшлуулсан, удахгүй дахин төлөвлөхөөр ярилцаж байна хэмээн мэдэгдсэн байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж