Хүүхдийн гэмт хэргийг шүүхээр шийдэхийг эсэргүүцжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Хүүхдийн гэмт хэргийг шүүхээр шийдэхийг эсэргүүцжээ

Английн Цагдаагийн газар болон Шүүхээс гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийн хэргийг Англи, Уэльсийн Эзэн хааны шүүхээр шийдвэрлэхээ зогсоохыг засгийн газарт хандан уриалж, оронд нь хохирогчдод учирсан хохирлыг барагдуулах хурлаар хүүхдүүдийн үйлдсэн хэргийг шийдвэрлэж байхыг хүсчээ. Түүнчлэн хүүхдүүдийн үйлдсэн хүн амины хэрэг зэрэг онц ноцтой гэмт хэргийг ч Эзэн хааны шүүхээр бус насанд хүрээгүйчүүдийн шүүхээр хэлэлцэж шийдэх нь зүйтэй хэмээн мэдэгдсэн байна. Англи, Уэльсийн Эзэн хааны шүүхийн дүрэм журмын үйлчлэх хүрээ нь зөвхөн насанд хүрэгсдэд зориулсан байдаг ажээ.

Гэмт хэрэгт холбогдсон 10-17 насны хүүхдүүдийн хэргийг хохирогч, гэмт хэрэг үйлдсэн хүүхдийн гэр бүлийн гишүүд, цагдаа, нийгмийн ажилтан зэргийн оролцоотой хохирол барагдуулах хурлаар шийдэх нь илүү зохистой гэж Цагдаагийн газар, Шүүх байгууллага үзэж байгааг тус хоёр байгууллагын төлөөлөгчид илэрхийлсэн байна. Уг хоёр байгууллага хүүхдүүдийн үйлдсэн гэмт хэргийг хохирол барагдуулах хурлаар шийдэх нь гэмт хэрэгт холбогдсон хүүхдүүдийг дахин хэрэг үйлдэх боломжит хувийг бууруулж, хохирогчдод хохирлоо төлүүлэх ашигтай байдал бий болгон, шүүх байгууллагын үнэт цагийг хэмнэж, сэжигтнийг хорьж, саатуулахад гарах зардлыг хэмнэнэ гэж үзэж байгаа юм.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж