Өнгөрсөн оны дуулиант эмэгтэйчүүд

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн оны дуулиант эмэгтэйчүүд

Зөвхөн Франц төдийгүй дэлхийн хэмжээнд
танил болсон францын Лө Фигаро сэтгүүлийн хавсралт Мадам Фигаро-ийн
хуудсанд өнгөрсөн 2010 оны хамгийн содон дурсагдах үйл явдлын эзэд болох
эмэгтэйчүүдийн жагсаалтыг гаргасан байна.  Энэхүү жагсаалтад улстөрч
эмэгтэйчүүд болон, нэр алдартай улстөрчдийн эхнэрүүд, хүний эрхийн
тэмцэгчид,баялгийг эзэмшигчид болон уран бүтээлчид бас энгийн
эмэгтэйчүүд ч багтжээ.

Гайхалтай бүжигчин:
АНУ-ын Ерөнхийлөгчийн Энэтхэгт хийсэн айлчлалын үеэр уян хөдөлгөөнт
энэтхэг бүжигчдийг даган тэднээс дутуугүй бүжиглэн гайхуулж байсан
тэргүүн хатагтай Мишель Обамаг энэ жагсаалтын эхэнд тавьсан байна.
Тэгэхдээ түүний бэлхүүсний бүжигт гайхалтай эвсэлтэй байснаар нь биш
харин өмнөхөн нь Форбес сэтгүүл дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй
хэмээн өргөмжилж байсан нь энэ сонголтод нөлөөлсөн аж. Мишель Обама
өөрийн чансаагаар Крафт Фүүдс компанийн эздийн нэг тэрбумтан хатагтай
Ирене Розенфельд, телевизийн нэрт хөтлөгч Уинфри Опра нарыг ч ардаа
“хаяан” тасархай түрүүлж байсан гэнэ.

Дуулиант “хэрүүлч”:
Дэлхийн алдар цуут L`Oreal пүүсийг хамтран эзэмшигч, дэлхийн хамгийн
баян эмэгтэйчүүдийн нэгэн болох хатагтай Лилиан Бертраныг өнгөрсөн оны
хамгийн том шуугиан таригч хэмээн өргөмжилж жагсаалтын 3-т бичсэн байна.
Тэрээр өөрийн компаниас Францын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр одоогийн
ерөнхийлөгч Николя Саркозийн санхүүжилтийг хариуцаж байсан Эрик
Войертод 150 мянган еврог шилжүүлсэн гэсэн зарга мэдүүлж нэхэмжлэл
гаргасан нь дэлхий даяар дуулиан тарьсан билээ. Франц улсын хуулиар бол
улстөрийн намд жилдээ дээд тал нь 7500 еврогийн, харин нэр дэвшигчид
ердөө л 4600 еврогийн хандив өгч болохоор заасан байдаг тул дээрхи
асуудал одоогийн ерөнхийлөгчийг хууль бус санхүүжилт авсан гэх хэрэгт
унагаж мэдэхээр байгаа юм. Мөн хэдийнээ Францын хөдөлмөрийн сайд болоод
байгаа Эрик Войертийн нэр хүндэд ч халтай болж байгаа аж. Дашрамд
дурдахад хатагтай Бертран Форбесийн 2005 онд гаргасан жагсаалтаар бол 17
тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж зарлагдаж байсан аж.

“Хүүхэдтэй тэмцэгч”:
Европын парламентад Италиас сонгогдон гарч ирсэн улстөрч эмэгтэй Лисия
Ронзули эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэлдээ өөрийн нялх хүүхдийг
“ухуулах хэрэгсэл” болгон ашигласнаараа том дуулиан тарьжээ.Гүчин таван
настай Европарламентийн гишүүн эмэгтэй өөрийн нялх охин Викториг
парламентийн хуралдаан дээр авчирч эмэгтэйчүүдийн ажлын байрны эрхийг
өргөжүүлэх, хүүхэдтэй эхэд тавих халамжийг нэмэгдүүлэх талаар “лобби”
хийжээ. Тэрээр эхчүүд хүүхдээ ажлын байрандаа авчрах боломж болон хүүхэд
төрүүлсэн эмэгтэйд 20 хүртэл долоо хоногийн амралт олгож байх боломжийг
нэмэгдүүлэхийн төлөө тэмцэж байжээ. Түүний нэрийг жагсаалтын 4-т
оруулсан байна.


Бразилийн “анхдагч”:
Америк
тив сүүлийн үед эмэгтэй лидерүүдийнхээ тоогоор бусаддаа үлгэр үзүүлэхээр
болж байгаагийн хамгийн сүүлийн тод жишээ нь болсон Бразилийн анхны
эмэгтэй ерөнхийлөгч хатагтай Дильма Роузеф жагсаалтын айргийн тавд орж
байгаа билээ. Нийт сонгогчдын 58-аас илүү хувийн саналыг дангаараа авч
чадсан тэрээр өдгөө 62 настай. Болгарын цагаачийн гэр бүлд төрсөн бөгөөд
эдийн засагч боловсрол эзэмшиж, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийнхөө
өмнө Эрчим хүч,уул уурхайн сайдаар ажиллаж байсан аж. Тэрээр өрх
толгойлсон нэгэн бөгөөд нэг охинтой юм байна.

Эрчүүдийг ялагч:
Америкийн кино академийн шагнал Оскарыг олгож эхэлснээс хойш 2010 он
хүртэл шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байсан нэг ч эмэгтэй
найруулагч гарч ирж байсангүй. Харин өнгөрсөн жил түүхэн эргэлт болж
хатагтай Кэтрин Биглов Оскарын шагналт шилдэг найруулагчаар тодроод
зогссонгүй Оскарын 6 алтадсан баримлыг эрчүүдээс булааж дөнгөсөн юм.
Тэгэхдээ туйлын тарчиг зардлаар бүтсэн түүний “Hurt locker” хэмээх
саперч залуугийн тухай кино хамгийн их зардалтай дуулиант Аватар киног
амжилтаараа давсан нь бүр ч их шуугиан тарьж байв. Бас дээр нь хатагтай
Биглов “Аватар“-ийг бүтээгч алдарт найруулагч Жеймс Кэмеронийн хуучин
эхнэр байсан гээд гайхалтай гэхээр олон тохиолдлуудын эзэн болсноороо
тэрээр жагсаалтын 6-д бичигдэж байгаа ажээ.

Эр зоригтон:
Мексикийн хамгийн аюул дагуулсан хотоос ердөө 35 км-ийн зайд орших
Праксиди Гуерера суурингийн цагдаагийн газрын даргын албыг хаших болсон
23 настай Мэрисол Гарсиаг дуулиант эмэтгэйчүүдийн жагсаалтын 7-д бичжээ.
Гурван жилийн хугацаанд хар тамхины наймаачдын дарангуйлал дор
хүчирхийлэлд байнга өртөх болсон энэ бүс нутагт 28 мянган хүн тэрхүү
хүчирхийллийн золиос болон алагдаж байсан бөгөөд одоо ч аюултай газар
нутагт тооцогдсоор байгаа юм. Хуулийн сургуулийн криминологийн ангийг
дүүргэж хараахан амжаагүй байгаа залуу мексик бүсгүй байнгын хоёр ч бие
хамгаалагчтай явдаг бөгөөд харин өөрөө ямар нэгэн зэвсэг биедээ  авч
явдаггүй гэнэ. Тэрээр өөрийн хариуцаж байгаа цагдаагийн хэсгийн 13
офицерийн гурав нь л эмэгтэй байгааг нэмэгдүүлэх зорилготой байгаа аж.
Харин түүнийг амжилт олно гэдэгт орон нутгийн удирдлагад ажиллаж байгаа
эрчүүд төдий л итгэхгүй байгаа бөгөөд “хүүхнүүд юу хийж чаддагыг нь
харцгаая” гэж ярилцлага өгсөн байна.

М.Наст
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж