Бид хөдөлж эхэлнэ шүү

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Бид хөдөлж эхэлнэ шүү

Монголын гол нууруудын  нэгдсэн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ц.Мөнхбаяртай ярилцлаа.

-Хятадын хөрөнгө оруулалттай компанийн техник, тоног төхөөрөмж рүү буудлаа хэмээн танд эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хэрэг ямар шатандаа явна вэ?

-Дээрх компаниуд Мандал сумын нутгаар  урсах Буданчийн голыг их хэмжээгээр бохирдуулж, иргэдийг зөөврийн усаар ханган доромжилж байгаад одоо хаясан.Иргэд хол явж ундны усаа авч чадахгүй тул бохир ус уун, хордож улмаар иргэдийн биеэр элдэв зүйл туурах болсон. Хоёр дахь Хонгор сум болж байна. Энэ байдал хүүхдүүдэд бүр ч их нөлөөлж, мал хүртэл бохир ус уухгүй байна шүү дээ. Ерөөсөө Буданчийн гол бохирдоно гэдэг чинь Хараа гол цаашлаад Сэлэнгэ мөрөн бохирдож байна гэсэн үг. Сэлэнгэ мөрөн Байгаль далайд цутгадаг. Ингээд бодохоор аймаар байгаа биз дээ. Саяхан дээрх голоос дээж авч, шинжилгээ хийлгэхэд их хэмжээний хүнцэл байгаа нь тодорхой болсон. Бид “Сентерра гоулд” болон “Пураам” ХХК-ийн байгаль  орчинд учруулсан хохирлыг тогтоолгочихсон байгаа.Бэлчээрийн тэнцвэрт байдал, хөрс, гадаргын  болон газрын доорх усны экологит учируулсан хорирлын үнэлгээг тус тусад нь тогтоочихсон. Шинжээчид “Сентерра гоулд” ХХК байгаль орчинд найман тэрбум 84 сая, “Пураам” ХХК нэг тэрбум 68 сая төгрөгийн хохирол учруулсан гэсэн дүгнэлт гарсан. Дээрх хоёр компанид эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр цагдаад өгчихөөд байна. Харамсалтай нь, хуулийн байгууллагынхан Монголын баялагт шунаж, хүйтэн цэвдэг сэтгэлээр хандаж байгаа компаниудын эздэд арга хэмжээ авахгүй атлаа биднийг цагдан хорихоор шаргуу хөөцөлдөж байна. Шинэ оны өмнөхөн энэ хэргийг прокурорт   шилжүүлсэн. Бид буу дуугаргаснаар хүний амь хохироогоогүй, харин нийтийн эрх ашгийн төлөө, улс орны тусгаар тогтнол аюулгүй байдлыг хамгаалсан. Энэ бол гэмт хэрэг биш. Гэтэл манай гүйцэтгэх албаныхан хэргийг улам хүндрүүлэх гэж оролдож байгаад гайхаж байна.

-Энэ хэрэг эцэслэн шийдээгүй байхад та “Дайн болно, дахиж буудна” гэж мэдэгдсэн байгаа. Буу зэвсэг хэрэглэхгүйгээр энэ асуудлбг шийдэж болохгүй юм уу?

-Би ганцаара буудна гэж хэлээгүй. Өнөөдөр Монгол Улсад дайн гарахад бэлэн нөхцөл байдал үүсчихээд байна.Газар нутгийг маань дээрэмдэж, цөмлөж байна.Төрийн өндөр албан тушаалтнууд үндэстэн дамжсан том том луйварчдыг оруулж ирж, тэдэнд зориулан хууль хүртэл баталж өглөө. Өнөөдөр Монгол Улс мөхлийн ирмэгт ирчихлээ шүү дээ. Энэ бүхэн бидний арчаагүй байдлаас үүдэлтэй. Бид харийн хүмүүсийг биш харин өөрөө өөрсдийгөө шүүмжлэх учиртай. Тэртээ тэргүй харийнхан ядуу буурай орноос олз хайж, ард түмнийг нь өөрсдийнхөө эрхшээлд оруулахыг л хүсдэг. Харин энэ хүсэл шуналыг нь дэвэргэж, маргаашийн аюул заналыг олж харж чадахгүй суугаа нь бидний арчаагүйнх. Аюул заналыг мэдэрч чаддаггүй шигээ хэтэрхий хувиа бодож айцгааж байна.Сүүлдээ айх ёсгүй зүйлээсээ хүртэл айдаг болсон. Буу барихаас, газар нутгийнхаа төлөө тэмцэхээс хүртэл шүү дээ. Бид Монгол Улсынхаа төлөө босох цаг болсон. Буутай нь буугаа, буугүй нь ташуураа бариад босох шаардлагатай байна. Тэгж байж л бид улс орноо аварч, хамгаалж чадна. Түүнээс биш хүлцэнгүй, ноомой суугаад байвал гадныхны идэш болно.

-Танай хөдөлгөөнийхөн цэргийнхэнтэй нэгдсэн. Үүнийг сонсоод дахиад л бослого дэгдэх бий вий гэж зовох хүмүүс байгаа?

-“Улс үндэстнээ аваръя” гэсэн зорилгын дор долоон бүлгэм нэгдэж байгаа. Энэ бүлгэмд нэгдэж байгаа Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн л гэхэд найман төрийн бус байгууллагыг өөртөө нэгтгэж байгаа юм. Бидэнтэй Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө зүтгэх тангараг өргөсөн “Офицеруудын хөдөлгөөн”-ийнхөн нэгдсэн. Үүнээс гадна “Тусгаар Монголын төлөө нэгдсэн хөдөлгөөн”, төрийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон хохирогчдын эрх ашгийг хамгаалах “Монгол хүний эрхийг хамгаалах нийгэмлэг”, залуучуудын “Тэнгэрийн суудал”, “Хөх нуруут” бүлгэм, “Үндэсний үзэлтнүүдийн нийгэмлэг” гэсэн долоон хөдөлгөөн нэгдэн нийлж, “Гал үндэстэн” холбоог байгуулаад байна. Сая бид баруун аймгуудаар явж, “Гал үндэстний дуудлага” нэртэй цуглаан зохион байгууллаа. Маргааш Заамар руу явна. Бидний энэ нэгдэл, хөдөлгөөнийг мянга, мянган хүн дэмжиж байна. “Гал үндэстэн” холбооныхон УИХ-ыг тараах эсвэл Засгийн газрыг огцруулах гэж тэмцэхгүй. Харин Монголын төрийг бүхэлд нь өөрчлөхийн төлөө тэмцэх болно.

-Төрийн эргэлт хийх хэрэг үү?

-Тийм ээ. Энэ төр засгийг бүхлээр нь өөрчилж, Үндсэн хуулиа хүртэл шинэчилж, улс төрийн намуудыг устгаж байж бид хөгжинө.

-Буу зэвсэг барин тэмцэл тулаан хийнэ гэж ярихаас та айхгүй байна уу?

-Жилийн
өмнө “Хуулиа хэрэгжүүлэхгүй бол иргэний дайн болно шүү” гэж бид сануулж
байсан. Улс үндэстний язгуур эрх ашгийн төлөө хэдэн хүн үхэхэд яадаг
юм. Улс орон, тусгаар тогтнол, язгуур эрх ашгийн төлөө тэмцэж байхад
амиа алдахад харамсах зүйл байхгүй биз дээ. Монгол Улсын язгуур эрх
ашгаас илүү үнэтэй амь нас байдаг юм уу. Харин хүний цус бага урсаасай л
гэж бодож байна.
-Эмх замбараагүй байдал үүсвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ?

-Болгоомжлох шаардлага байхгүй. Харин ч баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл улс орон мөхөл сэхлийн зааг дээр байна. Монгол Улс орших уу, эс орших уу гэдэг торгон мөч дээр зогсч байгаа ийм хүнд үед нэгдэж, нягтарч, тэмцэж байгаад баярлах хэрэгтэй. Ямар нэг улс төрийн хүчинд дулдуйдаж, гадныхны мөнгөнд шунаж, цөөн хэдхэн хуульд үг үсгийн засвар хийхийн төлөө бид нэгдээгүй. Харин улс үндэстний хэмжээний том асуудлыг зорилгоо болгон тодорхойлж байгаа. Монгол Улсын түүхийг сайн унш. Бид сүүлийн 500 гаруй жил уруудаж байгаа улс. Хагас мянган жилд уруудаж, доройтож, аль нэг улсын хараанд, эсвэл хэн нэгний бөөрөнд наалдаж амьдарсан байна. Сүүлийн 20 жил л бид улс шиг улс болох гэж зүтгэлээ. Харамсалтай нь, бантан хутгаж, баялгаа цөлмүүлээд юу ч үгүй үлдэв. Энэ урхинаас гарахын тулд тэмцэхээс өөр аргагүй. Жижигхэн зүйл бодож, хувийн эрх ашгаа хамгаалах гэж зүтгэх эрх бидэнд байхгүй.

-Иргэний хөдөлгөөнүүд 2008 оны долдугаар сарын 1-нд жагсаал зохион байгуулсан. Гэвч сүүлдээ хяналтаа алдаж, эмх замбараагүй байдал үүсгэн таван хүний амь хохирсон шүү дээ. Энэ гашуун түүх давтагдахгүй гэх баталгаа бий юү?

-Зориг хүрэхгүй бол ухаан хүрэхгүй. Улс орны минь хувь заяа хутганы ирэн дээр байхад бид айж хулчийгаад суух шаардлагагүй. Заавал буудах гээд байгаа юм биш. Гэхдээ бид зэвсэглэчихсэн байгаа. Бид Мандал суманд гэхэд дөрвүүлээ зэвсэг барьж очсон. Ийм зэвсэгтэй хүмүүс хэдэн зуун мянгаараа байгаа. Уурлаж, бухимдсан иргэдийг зэвсэг барин тэмцэхээс өмнө улс орны хувь заяагаар тоглож байгаа хүмүүс сайн дураараа албан тушаалаа өгөх ёстой. Харамсалтай нь, ханаж цадахаа байсан бирдүүд айж эмээх мэдрэмжээ алдчихдаг юм байна л даа. Бид шаардлага тавьсан, жагсаал хийсэн, өлсгөлөн суулт зарласан, тэмцлийн бүхий л хэлбэрийг ашигласан. Тайван замаар хийсэн бүхий л тэмцлийн хэлбэрийг эрх баригчид хүчээр нугачин дарж байсан. Бүр сүүлдээ давраад буудсан. Машинаар дайрсан. Одоо бидэнд зэвсэг барин тэмцэхээс өөр арга үлдсэнгүй. Долоон сарын 1-нд буудсан шигээ хүч хэрэглэхий завдвал бид адилхан буудна. Газар нутгаа дээрэмдүүлж, тонуулж байгаа олон газар, халуун цэг үүсчихсэн, тэсрэлтийн байдалд хүрчихсэн байгаа. Бид хөдөлж эхэлнэ шүү.

Б.Галт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж