Ерөнхий сайд нар хэлэлцээ хийв

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд нар хэлэлцээ хийв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын Кувейт улсад хийж буй албан ёсны айлчлал амжилттай үргэлжилж байна. Нэгдүгээр сарын 4-ний өдөр тэрбээр Кувейт улсын Ерөнхий сайд Шейх Нассер Мохаммед Аль Ахмед Аль Сабахтай хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Хэлэлцээний эхэнд Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ айлчлал таатай уур амьсгалд амжилттай болох нөхцөл бүрдүүлсэн, тусгай хуваарийн нислэгээ илгээж Улаанбаатар-Кувейтийн хооронд шууд нислэг үйлдэх боломж бүрэн байгааг харуулсан Кувейтийн талд талархлаа илэрхийлэв. Шууд нислэг нь хоёр улсын иргэд хоорондын харилцан зорчих болон аялал жуулчлал, худалдаа бизнес хөгжихөд чухал үүрэгтэй гэж тэрээр хэллээ.

Монгол, Кувейтийн хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойг талууд өнгөрсөн онд тэмдэглэснийг дурьдаад Элчин сайдын яамдаа харилцан нээж байгаа нь харилцаа, хамтын ажиллагааны түвшинг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн үзэж байгаагаа Ерөнхий сайд С.Батболд илэрхийлэв.
Хөдөө аж ахуй, уул уурхай, байгаль орчин, эрүүл мэнд, ашигт малтмал гээд харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой салбар олон ч хоёр орны худалдааны эргэлт санасан хэмжээнд хүрэхгүй байгааг тэрээр тэмдэглэлээ.

Монгол, Кувейтийн харилцааг урагшлуулахад Арабын эдийн засгийн Кувейтийн сан чухал үүрэг гүйцэтгэж байгааг, тус сангийн шугамаар Монголд хэрэгжүүлсэн төслүүд хоёр улсын хамтын ажиллагааны билэг тэмдэг болж байгааг онцлов. Харилцаа, хамтын ажиллагааны туршлагадаа тулгуурлан Монголд 150 ортой эмчилгээний болон оношлогооны иж бүрэн тоног төхөөрөмжтэй, эмч, сургагч нараа дотроо бэлтгэх чадвартай хүүхдийн эмнэлэг барих төслийг Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх хүсэлтийг Ерөнхий сайд С.Батболд Кувейтийн Ерөнхий сайдад албан ёсоор тавилаа.

Хэлэлцээний үеэр хөндөгдсөн нэг чухал асуудал бол газрын тосны чиглэлээр хамтран ажиллах тухай байв. Газрын тосыг Монголд нийлүүлэх, өмнө нэгэнт тохирсон асуудлыг хурдавчлах, эхний ээлжинд 1 сая тн газрын тос нийлүүлэх асуудлыг Кувейтийн тал ойрын үед  шийднэ гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд хэлээд энэ нь Монгол Улсын хувьд чухал гэдгийг тэмдэглэв.

Түүнчлэн байгаль орчин хамгаалах чиглэлээр 2009 онд байгуулсан санамж бичгийн дагуу 3 лаборатори бүхий шинжлэх ухааны судалгааны төвийг Богд уулын өмнөд хэсэгт байгуулахаар ажиллаж байгаа, шонхор шувууг хамгаалах, үржүүлэх чиглэлээр хамтарч ажиллахаар хэлэлцэн тохирсон нь чухал алхам гэж Ерөнхий сайд С.Батболд хэллээ. Кувейтийн Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үг, тавьсан саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд олон улсын хэмжээнд бие биенээ дэмжсэн тодорхой алхмууд хийсээр ирсэн, одоо энэ харилцаагаа хоёр талын хамтын ажиллагаанд үр дүнтэй нэвтрүүлж хэрэгжүүлэхийн чухлыг онцлов.

Хэлэлцээний дараа талууд Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах Засгийн газар хоорондын гэрээ болон харилцан оюутан солилцох  гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монгол малыг эрүүлжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх шинэ зах зээл бий болох, Монгол, Кувейтийн боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжих таатай орчин бүрдлээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж