Ц.Жаргалсайханыг эх орноосоо урваагүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Ц.Жаргалсайханыг эх орноосоо урваагүй гэв

Улсын нууц задруулсан, эх орноосоо урвасан хэргээр анхан болон  нийслэлийн давж заалдах шатны шүүхээс 17 жилийн ял сонссон Ц.Жаргалсайханыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс эх орноосоо урваагүй, тагнуул  хийгээгүй гэж үзжээ. Ц.Жаргалсайханыг УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газарт зөвлөхөөр ажиллаж байхдаа төрийн нууцыг удаа дараа задруулж, гадаадын тагнуулын албанд шилжүүлж өгсөн гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар буюу эх орноосоо урвасан хэмээн буруутгасан юм. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Ц.Жаргалсайханыг төрийн нууц задруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн үзэж Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар 5 жил хорих ял оногдуулжээ. Эрүүгийн хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д “Төрийн нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйл, обьект, үйл ажиллагааг итгэмжлэгдэн хариуцсан буюу албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд задруулсан нь эх орноосоо урвах, тагнуул хийх гэмт хэргийн шинжгүй бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” хэмээн заасан байдаг  аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж