Баянхонгор аймаг төсвөө баталлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Баянхонгор аймаг төсвөө баталлаа

Баянхонгор аймаг 2011 оныг  “Үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх  жил байх болно” хэмээн зарлалаа.  “Үйлдвэрлэлийг хөгжүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх ” гэсэн тодолголтой жилд аймгийн төсвийн нийт орлого 4045,550,3 мянган төгрөг. Харин зарлага нь 6855,829,5 мянган төгрөг байх аж. Өнгөрөгч оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуралдсан аймгийн ИТХ- ын ээлжит  VII чуулганаар хэлэлцэн баталсаны үр дүнд дээрх шийдвэрийг гаргасан юм. Чуулган дээр “АИТХ, АИТХ-ын дарга Г.Батжаргал, түүний тэргүүлэгчдээс 2010 онд хийсэн ажил”-аа тайлагналаа. Аймгийн Засаг дарга Д.Амарсанаа “Засаг даргын 2009-2012 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан зорилтуудаас 2009-2010 онд хэрэгжсэн байдал болон аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2010 оны үндсэн чиглэлийн биелэлт”-ийн тухай танилцуулав. Баянхонгор аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэчилсэн хөтөлбөрийн хэрэгжилт, явц үр дүнгийн тухай аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Ж.Дондог илтгэл тавив. Мөн 2011 оны үндсэн чиглэл батлах, оны төсвийн тухай хуралдаанаар хэлэлцэв.

Хуралдааны эхэнд Баянхонгор аймгийн Ардчилсан намын дарга Д.Жаргалсайхан “Аймгийн ИТХ-ын энэ удаагийн хуралдаан нь Монгол оронд өрнөсөн Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн жилд болж байгаагаараа онцлогтой юм. Баянхонгор хот өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэг, орон сууц, үйлчилгээний барилгууд  олноор  баригдаж, хатуу хучилттай зам, талбайнуудын хэмжээ нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслийн хүрээнд ч олон  ажлын байрууд шинээр бий болж байна.Гэхдээ бүх зүйл сайн сайхан биш байгаа гэдгийг ч бас хэлмээр байна. Дэлхий нийтэд нүүрлэсэн эдийн засгийн хямралын сүүдэр манай аймагт ч хүнд туссан.  Ажилгүйдэл ядуурал буурахгүй байна. Орон нутагт дорвитой ажлын байр гарахгүй байна. Шилжилт хөдөлгөөн их байна. Олон жижиг бизнесүүд хаалгаа хаахад хүрч байна. Байгаль дэлхий улам бүр цөлжиж, олон сум багийн нутаг элсэнд хучигдахад хүрээд байна. Нийгэмд эдийн засгийн дорвитой өсөлт, хангалттай орлого, хуримтлалыг зөвхөн үйлдвэржилт, түүнийг дагасан ажлын байр л авчирч чадна. Энэ нь ардчиллын эдийн засгийн баталгаа болно. Та бидний хамтран хэрэгжүүлж байгаа мөрийн хөтөлбөр хэрэгжиж дуусахад богинохон хугацаа үлдэж байна. Чинээлэг иргэдтэй, чинээлэг хонгор нутгийн төлөө хамтдаа урагшилцгаая“ гэлээ. 

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж