Аудитын тайланг олон нийтэд мэдээлдэг болно

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Аудитын тайланг олон нийтэд мэдээлдэг болно

Баянхонгор аймгийн Аудитын газар 2010 онд улс, орон нутгийн төсөвт болон аж ахуйн нэгж 177 байгууллага, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбар, аймгийн төсвийн гүйцэтгэлийн нэгдсэн тайланд санхүүгийн тайлангийн хяналт хийн баталгаажуулжээ. Мөн сум, байгууллага, салбар, тусгай сан, хөрөнгө оруулалтад зориулан олгосон төсвийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнд 23 гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт зөвлөмж өгсөн байна.

Аудитаар илэрсэн алдаа зөрчлийг авч үзвэл төсвийн орлого бүрдүүлэлттэй холбоотой 1,1 сая, төсвийн хөрөнгө зарцуулалттай холбоотой 23,3 сая төгрөгийн, бүртгэл тайлагналтай холбоотой 365,0 сая төгрөгийн зөрчил илэрчээ. Аудитаар гарсан нийт зөрчлийн хэмжээ өмнөх оноос 368,1 сая төгрөгөөр буюу 52,4 хувиар, сөрөг болон хязгаарлалттай холбоотой дүгнэлт авсан байгууллага 16-аар буурсан байна. Зарим төсөвт байгууллага болон сум, татварын ба өөрийн орлогыг дутуу тооцож төлөвлөдгөөс гүйцэтгэлээр орлого давж биелэн, үүнийгээ эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр зарцуулж байгаа нь Сангийн сайдын 2009 оны 147-р тушаалаар баталсан журмын “давсан орлогын хэмжээгээр зарлагын зарцуулалтын эрхийг шууд нэмэгдүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөөр байгааг Ерөнхий аудитор С.Нэргүй онцолж байв.

Тухайлбал, аймгийн төвийн 11 жилийн дөрвөн сургууль, “Соого Сейко” сургуулиуд мэргэжлийн болон гүнзгийрүүлсэн сургалтын орлогыг 6,2 сая төгрөгөөр төлөвлөж, гүйцэтгэлээр 25,3 сая төгрөг орсныг өөрсдөө дур мэдэн зарцуулж, орлогыг бодит байдлаас дөрөв дахин бага төлөвлөсөн нь тогтоогджээ.

Аудитын газраасТөрийн аудитын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2011 оны орон нутгийн төсвийн төсөлд, аудитын дүн, судалгаа тооцоон дээр үндэслэн орлогыг 73,0 сая төгрөгөөр нэмэгдүүлэх санал боловсруулж, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд оруулсан байв.

Энэ хуралдаанаар батлагдах орон нутгийн төсвийн 2011 оны хөрөнгө оруулалтын зардлыг, 2009-2012 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, аймаг, сумдын өмнө тулгамдсан гол асуудлыг шийдвэрлэхэд зориулснаар төсвийн хөрөнгийн зарцуулалтын үр ашиг, үр нөлөө дээшлэнэ гэсэн саналыг мөн тусгажээ.

Аудитын шалгалтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор 2011 онд аудитын байгууллагын тайланг иргэд, олон нийт, сумын ИТХ-д тогтмол мэдээлж байх нь зүйтэй гэж хуралдаанаас шийдвэр гаргажээ.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж