Кувейтийн эрхэм дээд Эмир өөрийгөө монгол гэв

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Кувейтийн эрхэм дээд Эмир өөрийгөө монгол гэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Кувейт улсын эрхэм дээд Эмир Шейх Сабах Аль Ахмад Аль Жабер Аль-Сабах-т бараалхсанаар албан ёсны уулзалт эхэллээ.

Кувейт улс ардчилсан, хаант засаглалтай орон бөгөөд тус улсыг эрхэм дээд Эмир удирддаг. Ерөнхий сайд С.Батболд уулзалтын эхэнд Монгол, Кувейтийн харилцаа, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж ирснийг тэмдэглээд цаашид  шинээр олон салбарт хамтрах өргөн боломж байгааг дурдлаа.

Монголын хүн амын 70-аад хувийг эзэлдэг  залуучууд, хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалахад Засгийн газар онцгойлон анхаарч байгаа бөгөөд энэ салбарт Кувейттэй хамтран ажиллах, тухайлбал 16 хүртэлх насныханд зориулсан хүүхдийн эмнэлгийг Кувейтийн сангийн буцалтгүй тусламжаар барьж байгуулах хүсэлтэй байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв.  Мөн газрын тосны салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, өмнө нь ярьж тохирсоноо бодит ажил хэрэг болгохын чухлыг тэрээр тэмдэглэлээ.

Эрхэм дээд Эмир Монгол Улсын Ерөнхий сайдын Кувейт улсад хийж байгаа анхны айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлээд, Кувейтчүүд бол Монголчуудын найз, анд нөхөр гэж зөвхөн дээд түвшинд төдийгүй Кувейтийн ард түмэн үздэг гэлээ.

Эрхэм дээд Эмир хэлэхдээ ‘’Ерөнхий сайд С.Батболдын санал, хүсэлтийг дэмжиж байна. Бид хэд хэдэн чиглэлд төсөл амжилттай хэрэгжүүлсэн, цаашид хамтын ажиллагаагаа шинэ салбаруудад үргэлжлүүлэх саналыг дэмжиж байна. Монгол Улс сайн боловсруулсан төслөө гаргавал бид хүүхдийн эмнэлэг барихад туслахад бэлэн. Уул уурхай, эрчим хүч, байгаль орчин, хөдөө аж ахуй болон бусад харилцан сонирхож буй салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг хүсч байна” гэв.

Кувейтийн Эмир манай улсад 2 удаа айлчлалаар, 1 удаа амрахаар ирж байсан учир өөрийгөө бараг Монголын иргэн гэж боддогоо хэлж Ерөнхий сайдтай дотнослоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж