“Эрүүл ахуйн зөв дадал” аян зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

“Эрүүл ахуйн зөв дадал” аян зохион байгуулна

“Эрүүл ахуйн зөв дадал” аян зохион байгуулнаБаянхонгор аймагт халдварт А гепатит буюу шар өвчин 2-3 жилийн давтамжтайгаар нэмэгдэж, 2010 оны есдүгээр сараас дэгдэлт хэлбэрээр гарч байгаа бөгөөд өвчлөлийн тохиолдол 740 гаруй болжээ. Аймгийн төвийн хүн амын нягтрал ихэсч, сургууль цэцэрлэгийн ачаалал нэмэгдсэнээр стандартаар ноогдох бие засах суултуур цөөн, иргэд гар угаах дадалд бүрэн хэвшээгүй, гар зөв угаах нөхцөл боломж бүрдээгүй, усны эх үүсвэрүүдийн аюулгүй байдал алдагдсан, ундны усны хүртээмж хангалтгүй, хатуулаг их байгаа зэрэг нь халдварт шар өвчний дэгдэлт болоход нөлөөлсөн гэж ЭМГ-ын дарга Д.Алгаа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны үеэр мэдээллээ. Хуралдаанаас аймгийн хэмжээнд 2011 оны нэгдүгээр сараас эхлэн “Байгууллага иргэдийн оролцоо- Эрүүл ахуйн зөв дадал” хоёр жилийн аян зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт даалгасан байна. Мөн иргэдийг стандартын шаардлага хангасан ундны усаар хангах, худаг, усан сан, ус тээвэрлэх автомашины тоог нэмэгдүүлэх, төвлөрсөн усан хангамжийн байгууламжид тавигдах нэмэлт тоног төхөөрөмжид шаардагдах зардлыг тооцож  2011,2012 оны төсөвт суулган холбогдох арга хэмжээг ээлж дараагаар авч хэрэгжүүлэхийг аймгийн засаг даргад даалгаж, сумын төвийн нийт айл өрхүүдийг 2011 онд багтаан стандартын бие засах газар, бохирын нүхтэй болгож, хог хаягдлын дэвшилтэт технологийг нэвтрүүлж ажиллахыг сумын засаг дарга нарт үүрэг болголоо. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн нягтралыг багасгаж хүүхдийг стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд сурч хүмүүжих нөхцөлийг хангаж ажиллахыг Боловсрол, соёлын газар, халдварт өвчнөөс сэргийлэх мэдээлэл сурталчилгааг мэдээллийн бүх хэрэгслийн ашиглан явуулж, үр дүнг нь тооцож ажиллах, бага насны хүүхдийг эрүүл ахуйн зөв дадал заншилд сургах ажлыг ерөнхий боловсролын сургуулиудтай хамтарч зохион байгуулахыг Эрүүл мэндийн газарт үүрэг болгов. Халдварт шар өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхэд аймгийн төв буюу Баянхонгор сум, Мэргэжлийн хяналтын газар, Стандартчилал хэмжил зүйн хэлтсүүд мөн үүрэг хүлээн ажиллахаар тусгагдсан байна.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж