Японы Төрийн стратегийн бодлогын сайдтай уулзав

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Японы Төрийн стратегийн бодлогын сайдтай уулзав

Ерөнхийлөгч эрдэс түүхий эдээ нэмүү өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн болгох сонирхолтойгоо илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Японы Төрийн стратегийн бодлогын сайд К.Гэнбаг өнөөдөр хүлээн авч уулзав. Сайд К.Гэнба гадаадад хийх анхны айлчлалаараа Монголыг сонгосноо дурдаад өнгөрсөн оны арван нэгдүгээр сард гарын үсэг зурсан хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэхээр зорьж ирснээ хэллээ. Мөн Ерөнхийлөгч таны Японы парламентад хэлсэн үг япончуудын сэтгэлийг ихээхэн татсан бөгөөд тэгэхэд та Монголд ашигт малтмал байна, Японд эрдэс баялаг нийлүүлдэг орон хэрэгтэй хэмээн хэлсэн билээ. Япон ч стратегийн бодлогоо боловсруулсан. Энэ бодлогын хүрээнд Ази, тэр дундаа Монгол Улстай тусгай харилцаатай байж, Япон улс хөгжих болно. Стратегийн түншлэлийн шатанд харилцан ашигтай болох энэ бодлогыг хэрэгжүүлэхээр ирж, Монголын сайд нартай ярилцаж байна. Хоёр дахь гол асуудал бол эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах явдал. Хамтарсан судалгааны дүн гуравдугаар сард гарчихвал дөрөвдүгээр сараас хэлэлцээ хийж эхлэх бодолтой байна хэмээн сайд ярилаа.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн арван нэгдүгээр сард Япон Улсад төрийн айлчлал хийх үеэр Япон Улсын Эзэн хаан, парламент, Ерөнхий сайд нараас өндөр хүндэтгэл үзүүлсэнд нэн талархалтай байгаагаа илэрхийлээд Монгол, Японы  харилцааг шат ахиулан Стратегийн түншлэлийн зарчмаар хөгжүүлэхээр тохиролцож, Хамтарсан мэдэгдэл гаргасан нь  хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал үйл явдал болсныг онцлон тэмдэглэв.

Төрийн сайд таны айлчлалыг  Монгол Улс, Япон Улсын хооронд Стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай Хамтарсан мэдэгдлийн агуулгыг ажил хэрэг болгоход Японы Засгийн газар ач холбогдол өгч буйн илрэл гэж ойлгож байна. Ирэх 20 жилд хоёр орны харилцаа чанарын шинэ шатанд гарах ёстой. Манай хоёр орны харилцаа, эдийн засгийн түншлэл Зүүн хойд Азид үлгэр жишээ болж хэрэгжээсэй гэж бодож байна. Харилцааг цаашид уул уурхай, тухайлбал уран, газрын ховор элемент, технологийн салбарт хөгжүүлэх, ингэхдээ эрдэс түүхий эдээ нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн болгож гаргах сонирхолтой байна гэж Ерөнхийлөгч хэллээ. Эцэст нь Ерөнхийлөгч Япон Улсын Ерөнхий сайд  Н.Каныг Монгол Улсад айлчлахыг урьснаа дурдаад үүнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллахыг сайдаас хүсэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж