Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Гурван жил хамт

Тандем буюу хослол 2012 оны сонгуулийн асуудлыг нээлттэй үлдээв

Дмитрий Медведев, Владимир Путин хоёрын тандемийн хувьд  2010 он засгийн жолоог барьсан гурав дахь жил нь болсон юм. Засаглалыг хуваасан талаасаа энэ нь өмнөх хоёр жилээсээ амархан байж өнгөрөв. Хэвлэлийнхний хувьд энэ хоёрын хэн нь 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцох бол гэсэн гол асуудал л өнгөрсөн жилд үнэтэй байсан юм.  

Тандемийн зөрөлдөөн сэт­­гүүлчдэд сонин байлаа. Ерөн­хийлөгч ч, ерөнхий сайд нь ч энэ тухайгаа өөрсдөө эсвэл өөрсдийн хэвлэлийн төлөөлөгч нараар дамжуулан илэрхийлж байсан юм. Гэлээ ч төр, засгийн тэргүүн нар тодорхой асуудлаар ямар байр суурьтай байгаа нь сонирхолтой байсан нь мэдээж.

Тэр нь боловсон хүчний асуудал дээр тодорхой харагдаж байлаа. Минтимер Шаймиев, Муртаза Рахимов, Кирсан Илюмжинов бас мэдээж Юрий Лужков гэсэн Оросын улс төрийн аваргуудад төгсгөл ирснээр өнгөрсөн он са­наанд бууна. Энэ дөрөв Борис Ельциний үеэр өөрсдийн тушаалыг эзлээд Дмитрий Медведевын үед албаа орхив.

Лужков огцорсон нь өнгөрсөн нам­рын гол сенсаац байлаа. Мед­ведевын хувьд тэр нь Өмнөд Осе­тийн дайны адил бат бэхийн шалгалт болсон юм. Эцсийн шийдвэрийг ерөнхийлөгч л гаргах ёстой байсан билээ. Лужковыг ерөнхий сайдын командын тоглогч гэж ямагт үзэж ирсэн нь нууц биш. Тиймээс ч хотын захи­рагчийн асуудлыг  Путин ба Мед­ведевын сөргөлдөөн гэж үзэж байв.

Гэвч Лужковын ерөнхийлөгч, ерөнхий сайд хоёрын хооронд “шаантаг шаах” (Кремлийн эх сурвал­жийн хэллэг) оролдлого бүтсэнгүй. Хэвлэлээр баахан шуу­гиулсаны дараа “мөнхийн мэрийг” “ерөнхийлөгчийн итгэлийг алд­сан” гэх тодорхойлолтоор унагаад түүний оронд Засгийн газрын Сергей Собяниныг томилсон байв.

Сонирхолтой нь ерөнхийлөгч өөрийн шийдвэрээ хамгийн түрүүнд Путинд дуулгасан байлаа. Учир нь Лужков “Нэгдмэл Орос намын” дээд удирдлагад орж байжээ.

Медведевын улс төрийн бас нэг “хохирогч” нь Башкирийн ерөнхийлөгч Муртаза Рахимов болов. Түүнийг огцруулахад бас л хэвлэлээр компани явуулсан юм. Гэвч Лужковтой харьцуулахад амархан хийгдлээ.  Медведев Рахимов­той долдугаар сарын дун­дуур уулзсаны дараа 76 настай  Муртаза Губайдуллович сайн дураар огцорч, салахдаа “Эх орны өмнө байгуулсан зүтгэлийн төлөө” одонгийн нэгдүгээр зэргээр шагнагдав. Рахимовын үеийн хамтрагч Татарстаны ерөнхийлөгч Минтимер Шаймиев ч өнгөрсөн жилийн улс төрийн давалгааг гаталсангүй. Тэрээр гуравдугаар сард огцорсон байлаа.

Өөрийн захиргааны эхний жи­лээс захирагчдын корпусыг за­луужуулах чиглэл барьсан Мед­ведевт өнгөрсөн он үр дүнтэй өнгөрөв. Дээр хэлсэн гурав дээр Халимагийг 1993 оноос хойш захирагч Кирсан Илюмжинов, Карелийн захирагч  Сергей Ката­нандов (1998) хоёрыг нэмж болно. Хоёулаа гэнэтхэн огцров. Ката­нандов өөрөө огцрохоо мэ­дэг­дэж, Илюмжинов бүрэн эрхийн хугацаагаа сунгахгүй байхыг гуйжээ. Эхлээд Кремлиэс сануулга ирээд захирагч нар нь өөрсдийн шийдвэрийг гаргадаг гэхэд эргэлзэх хүн байхгүй.

Гэхдээ Кремлийн  гаргасан боловсон хүчний шийдвэр бүгд хэрэгжээгүй нь мэдээж. Спортын сайд Виталий Мутко Оросын шигшээгийн Ванкуверийн олимпийн тоглолтыг хариуцаж байлаа. Оросын шигшээг хариуцаж байсан хүмүүс бүгд огцрох ёстой гэсэн ерөнхийлөгчийн үгийг Оросын олимпийн хорооны дарга  Леонид Тягачев ба спортын холбоодын зарим дарга нар л сонссон юм. Харин Мутко оросууд олимпод муу оролцсонд өөрийгөө буруутай гэж үзсэнгүй. Үүний дараа Путин түүнийг сайдаараа үлдээсэн нь ерөнхийлөгчийн эсрэг хариу үйлдэл мэтээр харагдсан юм. Харин Муткогын хүмүүсийн зүтгэлээр оросууд 2018 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах эрхийг авснаар Олимпийн бүтэлгүйтэл нь мартагдсан байлаа.

Ийм нэг саадыг Засгийн газар нь Химкийн ой дундуур тавих авто замын асуудалд тавьсан байв. Эхлээд Медведев  дуулиантай зам бариулахыг зогсоох хэрэгтэй гэв. Дараагийн өдөр нь Путин тэр зам эдийн засагт чухал гэсэн байв. Эцэст нь шийдвэрийг Засгийн газрын комисс гаргаж, Кремль мод огтолсон бурууг Лужковын багт наагаад өнгөрөхөөс өөр аргагүй болсон байна.

Уг асуудлыг хэрхэн шийдсэн механизм ба улс төрийн шийдвэр гаргах асуудал хөшигний ард үлд­сэн ч тэр нь Оросын  ерөнхийлөгч ба ерөнхий сайдын хооронд зөрөлдөөн байсныг харуулж байна. Өнгөрсөн жил ерөнхийлөгчийн “Путинтэй тохи­рол­цож чадна” гэж хэлсэн үг мөн тэд ээлжлэн гэр орноо сахиж  бүхнийг хянана гэсэн ерөнхий сайдын шоглоом зэргээс энэ тандем үйлчилсээр байна гэж үзэж болох юм.  Оросууд ч тандемдаа хайртай байгаа нь өнгөрсөн жилийн түймрээр харагдаж, тэдний чансаа бараг зэрэгцээд иржээ. Харин хэнд нь илүү гэдгийг хэлэх аргагүй.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж