Хаврын чуулганы нээлт товчхон болов

Хуучирсан мэдээ: 2010.04.05-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганы нээлт товчхон болов

УИХ-ын хаврын чуулганы нээлт өнөөдөр 10.10 цагт эхэллээ. Өглөө эртлэн Төрийн ордны хойд төв хаалганы гадна дипломат дугаартай машинууд эгнэж Монгол Улсад гадаад орнуудаас суугаа дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид ирсэн байв. Чуулганы танхимын ложийг дүүргэж байдаг дипломатчид өмнөхөөс арай цөөн харагдсан нь учиртай байжээ. Тэдэнд чуулганы нээлтэд хэлсэн үгийг англи хэлээр шууд орчуулан сонсгох чихэвч өгсөн тул урьдын адил орчуулагчдаа дагуулж нүсэр бараа бологчидтой ирэх хэрэг гарсангүй. Мөн юу болж байгааг тайлбарлуулахаар эргэн тойрноосоо тусламж хүсдэг байдал давтагдсангүй.
Чуулганы нээлтэд гишүүдийн ирц сайн байлаа. Ээлжит чуулганы нээлт бүрт төрийн гурван өндөрлөг оролцдог. Гэвч Д.Дэмбэрэл дарга хаврын чуулганы нээлтийг зарлах үед Ерөнхий сайд С.Батболд байсангүй. Харин чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлж байх дундуур 15 минут хоцрон тэрбээр орж ирсэн юм.
Ерөнхий сайдын албанаасаа чөлөө хүссэнээсээ хойш чуулганы танхимд бараг орж ирээгүй С.Баяр гишүүн МАХН-ын бүлгийн суудаг хэсгийн өвөр эгнээний дээрээсээ гурав дахь суудалд тухалдаг болжээ. УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга Д.Лүндээжанцан нарын дараа С.Баяр гишүүн суудаг болсон байна. Түүний дараа Ч.Улаан гишүүн сууж байгаа юм.
УИХ-ын хаврын чуулганы нээлт товчхон болж өндөрлөлөө. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар өмнөх алдаагаа давтахгүй байх, намууд амлалтаа хэрэгжүүлэх, ирээдүйгээ харж хийж бүтээх зэрэг сэдвийг хөндсөн үг хэллээ.
УИХ-ын дарга Засгийн газарт мэргэжлийн төвшинд шуурхай ажиллах цаг ирснийг санууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч хүхдийн мөнгийг сэргээх, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах, намуудыг гишүүнчлэлгүй болгох, төрийн албаны зөвлөлийг татан буулгах, төрийн албанд орох асуудлыг чөлөөтэй болгох, Ерөнхий прокурорт  хариуцлага тооцох зэрэг чухал сэдвүүдийг үгэндээ хөндсөн юм.
Хаврын чуулган 10.55 цагт өндөрлөж байхад Төрийн ордны гадаа Иргэний хөдөлгөөнүүдийн жагсаал эхэлж байлаа.

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж