
Б.Лхагважав өнгөрсөн оны сүүлчээр буюу шинэ жилээр Ардын намаас зохион байгуулсан шинэ жилийн ёслолын ажиллагаан дээр очсон. Бас тэр ёслолын ажиллагаанаас хоосон гараагүй. Шагнал өвөртлөөд харьсан. Гэтэл үүнээс хэдхэн өдрийн дараа тус намын дарга С.Батболдыг, түүний хэрэгжүүлсэн үйл ажиллагааг шүүмжилсэн. Ардын намын үйл ажиллагаа түүнд таалагдахгүй байгаа юм байх. Ямартай ч тэр иймэрхүү зан гаргахдаа хэнийг ч дагуулахгүй. Учир нь Б.Лхагважав өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр болсон Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын даргыг сонгох сонгуульд өрсөлдөж, С.Дэмбэрэл даргыг унагаахын төлөө бүхий л хүчээ дайчилсан. Гэхдээ амжилт олоогүй. Үүнээс хэдхэн сарын өмнө С.Дэмбэрэл, Б.Лхагважав нар бусад нөхдийн хамт нэгэн ширээнд сууж хамтран ажиллах талаар санал солилцож байсан юм. Уг нь тэрбээр бизнесийн салбарт амжилт гаргаж яваа чадварлаг бизнесмэн. Харин ойрноос карьераа өсгөхийн тулд юу ч хийхээс буцахгүй болсон гэнэ шүү. Зарим хүн түүнд “Эсэргүүцвэл эсэргүүцсэн шиг эсэргүүц. Нэг зангаараа бай л даа” хэмээн зөвлөхийг хүсч байгаа гэнэ лээ.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин