Эстони еврод том итгэл хүлээлгэлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Эстони еврод том итгэл хүлээлгэлээ

Эстони улс агуу их найдвар тээсээр Евро бүсэд нэгдэн орлоо. Өрөндөө баригдаж, санхүүгийн хямралд өртсөн Евро бүс байхдаа яахав дээ хэмээн халаглах шинжээч ч цөөнгүй байна. Ямартай ч Эстони улс ч тэр, Европын холбоо ч тэр одоогийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун байгаа бололтой.

Шинэ оны эхний өдрөөс Эстони улс еврог албан ёсоор хэрэглэж, өөрсдийн мөн­гөн тэмдэгт болох кро­ноо жагсаалаас гаргасан. Ин­гэснээр хуучин ЗХУ-ын гишүүн орнуудаас анх удаа еврог хэрэглэгчдийн эг­нээнд элссэн улс болжээ. Эстони улсын хувьд 2004 онд Европын холбооны гишүүн болж байсан юм. Тус улсын Сангийн сайд Журген Лиги “Бид яг л далайд жижигхэн салаар яваа юм шиг байсан. Харин одоо том тавцан дээр гарсныхаа ачаар далайн шуурга гэх мэтийн эрсдэлээс айхгүй боллоо” гэжээ. Эс­тоничууд Евро бүсийг “том тавцан” хэмээн өргөмжиллөө.

Тус улс дахь хувийн хэвшилд олгосон зээл тус­ламжийн 90 гаруй хувийг еврогоор нэрлэж байгаа аж. Энэ талаар Лондонд төв­тэй “TAM”-ийн шинжээч Агнес Белайск “Ингэснээр эс­тоничууд Евро бүсийн эрс­дэлийг хувааж үүрч байна” хэмээн дүгнэжээ. Харин Эстонийн Ерөнхий сайд Анд­рус Ансип “Өнөөдөр Евро бүсийн нөхцөл байдал өчигд­рийнхөөс дээрдсэн. Маргааш бүр сайжирна” гэсэн юм.

Эстони бол Балтын тэн­гисийн орчимд байдаг гурван жижиг улсын нэг бөгөөд газар нутгийн байр­лалын хувьд ч тэр Евро бүсэд нэгдэн ороход ашигтай хэмээн за­рим шинжээч дүгнэж бай­на. Тус улсын өнөөгийн  нөх­цөл байдал хэдэн жилийн өмнөх Ирландтай төстэй юм. Ирланд улс 1973 онд Европын холбоонд гишүүнээр элсэх үедээ бүс нутгийн хамгийн ядуу орнуудын нэг байсан. Харин 1990-ээд оны эхээр “Майкрософт”, “Пфайзер” зэ­рэг компаниудыг 12.5 хувийн татвараараа татаж, гадны хөрөнгө оруулалтыг дэмжсэн бодлого явуулснаар эдийн засаг нь сэргэсэн гэж хэлж болно. Ирландын экспорт асар богино хугацаанд хурд­тай нэмэгдэж, 2006 оны байдлаар дотоодын нийт бү­тээгдэхүүний өсөлт нь долоон хувьтай гарсан юм.

Европын холбоо гишүүн орнуудынхаа төсвийн ал­дагд­лыг дотоодын нийт бү­тээгдэхүүний гурван хувиас хэтрэхгүй байхыг шаарддаг. Эстони улс 1999 онд л ганц удаа энэхүү шаардлагыг хан­гаж чадаагүй аж. Евро­пын комиссоос гаргасан тоо­цоогоор өнгөрсөн онд тус улсын дотоод өр дотоодын нийт бүтээгдэхүүний найман хувьтай тэнцжээ. Гэтэл Ир­ландад л гэхэд эдийн засаг хэт тэлснээс болж үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөрөгдөл үүсч, өр нь дотоодын нийт бүтээгдэхүүний 97 хувьд хүр­чихээд байгаа. Нийт эдийн засгийн хэмжээ нь 18 тэрбум ам.доллараар үнэлэгдэж бай­гаа Эстонийн хувьд Ирланд анх Европын холбоонд нэгдэн орж байсан үеийнхтэй ижил нөхцөл байдалтай гэж дүгнэж болно. Ямартай ч тус улс Евро бүсийн орнуудаас эдийн засгийн хэмжээгээрээ зөвхөн Малтийн өмнө орох юм. 

Европын холбоо, Олон улсын валютын сангаас Грект 110 тэрбум евро, Ир­ландад 85 тэрбум еврогийн санхүүгийн тусламж үзүүлсэн. Ерөнхийдөө бүс нутгийн бай­дал тогтворгүй болж, хям­ралд өртсөнөөс хойш евро хэрэглэхийг зөвшөөрсөн анх­ны орон нь Эстони болж бай­гаа юм. Евро хэрэглэж эхэлснээр Эстонид ажлын байр шинээр нэмэгдэж, гадны хөрөнгө оруулалт ихсэн, бүс нутгийн хэмжээнд чөлөөтэй худалдаа явуулах боломжтой болно хэмээн албаны хүмүүс тооцож байна.

Харин Евро бүсийн удир­дагчдын зүгээс энэ нь евро­гийн тогтвортой байдлын баталгаа болсон нэг чухал алхам гэж дүгнэж болох юм. Грек, Ирландаас эхлээд Европын олон орон гадаад өрөндөө баригдаж, банкны хямралд автаад байгаагаас еврогийн нөхцөл байдал тааруухан болсон. Өнгөрсөн онд еврогийн ам.доллартай харьцах ханш нэлээд буурсан. Үүнээс болж экспортод түшиглэсэн Герман зэрэг ганц нэг оронд ашигтай нөхцөл байдал үүсч, харин ихэнх улсын Засгийн газрын бондын өгөөж нэмэгдсэн байна. Тиймээс “Евро удахгүй хэрэглээнээс гарна”, “Евро гэдэг ганц валют хэрэглэж байгаагаас бүхэл бүтэн бүс нутгийн эдийн засгийн ачаа дарамтыг Герман ган­цаараа нуруундаа үүрч бай­на”, “Еврог хэрэглэхээ бо­лих хэрэгтэй” гэх ижил агуулгатай эх адаггүй олон яриа шинжээч, ажиглагчдын дунд бий болсон билээ. Харин энэ үед еврод итгэж, Евро бүсийн бүрэлдэхүүнд нэг улс багтан орж байгаа нь яавч эерэг нөлөөтэй гэж үзэх эдийн засагч ч цөөнгүй байна.

Эстони улсын хувьд зах зээлээ өргөтгөх сонирхолтой байгаагаас гадна “Хуучин ЗХУ-ын орон” гэдэг нэрнээсээ салж, жинхэнэ утгаараа баруун Европын улс болоход чухал үүрэгтэй гэдгийг Засгийн газрын төлөөлөгчид нь нэг бус удаа ам алдсан юм.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж