Монгол ”Моод”-нд орох уу

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Монгол ”Моод”-нд орох уу

Хятад газрын ховор элементийнхээ экспортыг хязгаарласнаар монгол "Моод"-нд орох уу

Дэлхий нийтээр худалдан авах, өдөр тутамдаа хэрэглэхийг хүсэх болсон iPad, iPhone, Hybrid engine буюу цэнэ­гээр ажилладаг тээврийн хэрэгсэл зэр­гийн зарим чухал эд ангийг газрын ховор элементийн орол­цоо­тойгоор бүтээдэг. Харин газрын ховор элементийн үйлдвэрлэлийн 97 хувийг Хятад улс эзэлдэг байна. Тиймээс тус улс энэ давуу байдлаа ашиглаж оны өмнөхөн ховор элемен­тийнхээ гадаадад гаргах квотыг огцом бууруулсан. Мөн ингэж багасгаснаас гад­на экспортын татвараа нэмсэн нь дэл­хийн зах зээлийн үнэд нөлөө­лөх нь тодорхой болоод байна. Ту­хайл­бал, нэн ховорт тооцогддог 18 элементээс нео­диумын татварыг гэхэд л 25 хувиар нэмсэн аж. Үүнээс шалтгаалж уг элементийн килограмм тутмын үнэ 19 доллараас 88 доллар болж өссөн байна. Улмаар Хятад улс дээрх хязгаарлалтаа энэ оны эхний зургаан сар хүртэл барихаа мэдэгдээд байгаа юм. Мэдээж ийм алхам хийхийг нь өндөр технологи шингэсэн бараа үйлдвэрлэгч улсууд урьдаас мэдэж байсан тул ховор элемент импортлох гурав дахь улсыг хайж эхэллээ. Японы Засгийн газар гэхэд газрын ховор элементийг хайх, тогтвортой хангамжийг бий болгох зорилгоор энэ оны төсөвтөө их хэмжээний мөнгө суулгасан. Мөн ховор металлын болон ураны хүдрийн шинэ орд газар хайх ажиллагааг дэмжих зорилгоор тус улс ажиглалтын хий­мэл дагуулыг манай улсад худал­­дахаар шийдсэн байгаа. Энэ нь Дэлхийн банкны шинжээчид манай улсын газрын ховор элементийг 10 тэрбум ам.доллараар үнэлсэнтэй холбоотой байж мэдэх юм. Түүнээс гадна АНУ-ын Батлан хамгаалах яамны “GOA” институтээс гаргасан судалгаагаар Японы Хятадаас худалдан авсан ховор элементийн нөөц гуравхан сарын хугацаанд л хүрэлцэхээр үлдсэн аж. Уг нь газрын ховор элемент дан ганц Хятадад их хэмжээгээр байдаггүй юм. Харин эдгээрийг газрын гүнээс олборлоход эдийн засгийн үр ашиггүй байдал үүсэх эрсдэлтэй тул энэ төрлийн олборлолт явуулахыг хүсэгчид ховор байдаг бололтой. АНУ-ын Калифорни мужид 1960-аад оны үед “Mountain Pass” хэмээх ордоос олборлолт хийдэг байж. Тухайн үедээ газрын ховор элементийн 80 гаруй хувийг энэ уурхайгаас хангадаг байсан. Харин технологийн хөгжил АНУ-д гэхээсээ илүү Азид, тэр дундаа Японд хүчтэй хөгжиж байснаас үүдэн энэ зах зээлд хожуу орж ирсэн Хятад улс илүүрхэх болсон байна.

Нөгөө талаар хятадууд дэлхий дахины өндөр технологи шингэсэн бүтээгдэхүүний хэрэгцээг цаашид хангалаа гэхэд 30 жилийн дараа ховор элементийнх нь нөөц дуусах эрсдэл бий аж. Хэрэв ингэвэл Хятад ховор элемент экспортлогч биш импортлогч улс болж хувирна. Тиймээс Хятад улс ойрын таван жилээс ховор элементийн зах зээлд ноёрхох байдлаа баталгаажуулахын тулд Япон, Герман, Өмнөд Солонгос зэрэг улсын адилаар өөр улсад олборлолт явуулж магадгүй болоод байгаа аж. Ер нь уул уурхайн салбарт Хятадууд нэлээд туршлагатай бөгөөд 1960 оны дундуур Африк тивд ашигт малтмалын олборлолт хийж эхэлсэн байдаг. Улмаар 1980-аад оны дундуур энэ салбарт барууныхныг ардаа орхижээ. Зөвхөн ашигт малтмалын салбар гэлтгүй технологийн салбарт Хятадын нөлөө давамгайлсан бөгөөд ганцхан жишээ дурьдахад Хятадын Haier брэндийн агааржуулагч тус тивийг 100 хувь дангаараа “ноёлдог” аж. Ийнхүү ноёрхохоос гадна Хятад улс Африк тивээс их хэмжээний төмөр, нефть зэрэг түүхий эдээ авч, өөрийн орондоо бүтээн байгуулалт явуулж байгаа юм. Тиймээс Япон, Өмнөд Солонгос, Герман зэрэг өндөр технологийн ба­раа үйлдвэрлэгчид Африк ти­вээс газрын ховор элементээ хайж зүрх­лэхгүй байгаа аж. Иймээс манай улсын газрын ховор элементийн олборлолтод Хятад улс оролцохыг үгүйсгэх ар­гагүй. Манай ховор элементэд идэвхтэй анхаарах болсон Японы мэр­гэжилтнүүд ч ийм байдал үүсэх вий гэсэн бол­гоомжлолтой явдаг аж.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хо­роо­ны Хувийн хэвшил, инновацийн бодлогын хэлтсийн дарга Б.Арвин­баяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Газрын ховор элементээ хята­дууд үнэлэх боллоо. Үүнийг дагаад манайд тодорхой боломжууд нээг­дэж байна уу?

-Газрын ховор элементийг тээж зөөвөрлөхөд их амархан. Нүүрс, зэс шиг галт тэргээр зөөх шаардлагагүй. Бага хэмжээтэй болохоор онгоцоор зөөгөөд аваад явчихна. Тэгэхээр манай уул уурхайн салбарт давуу байдал, алтернативыг бий болгож байна. Хоёрхон сарын өмнө бид Германы мэргэжилтнүүдийг урьж газрын ховор элементийн талаар санал солилцлоо. Цаашид хамтран ажиллах боломж харагдаж байна. Бас Ерөнхийлөгчийн Японд хий­сэн айлчлалын дараагаар япончууд ма­най улсын газрын ховор элементийг со­нирхох боллоо. Сонирхох нь ч арга­гүй. Манай улсын хил дээр шахуу Хятадын Баян-Овоо гээд дэлхийн зах зээлийн 50 хувийг бүрдүүлдэг орд байгаа юм чинь.

-Сонирхож байгаа улс зөвхөн Япон, Германаар зогсохгүй байх аа?

-Ер нь сонирхож байгаа улсууд байгаа. Солонгосчууд хүртэл сонир­хож байна. Япончууд нэлээд анхаа­рал хандуулж байна. Ер нь ховор эле­ментийн зах зээл байгаа өөр улсуудыг ч ажиглаж, судалж л бай­гаа байх. АНУ гэхэд Калифорни му­жид “Mountain Pass” хэмээх ордоо дахин ашиглахаар болж байна. Япон зөвхөн манайд биш Вьетнамын Засгийн газарт хүртэл хандсан гэсэн. Солонгосчууд ч бас Бирм гэдэг цэргийн дарангуйлагчтай улсын Засгийн газарт хандаад байна.

-Ховор элементтэй холбоотой эрх­зүйн зохицуулалт ямар бай­далтай байна?

-Энэ асуудал нэг их яригддаггүй байсан. Бид “Эрдэнэт” үйлдвэрээс гарч байгаа зэстэй хамт маш их ховор элементийг гадагшаа гарга­чи­хаж байгааг саяхнаас л анхаарч эхэл­сэн. Энэ чиг­лэлээр бид уул уур­хайн судалгаа шин­жилгээний хүрээ­лэнгүүдийг хөг­жүү­лэх, бодлогын чиг­лэлийн арга хэм­жээг нэн түрүүнд авах хэрэгтэй байна.

Т.ЕСӨН-ЭРДЭНЭ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж