Гадны хэт санхүүжилт нүүдэлчин монголыг мөхөлд хүргэнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.05-нд нийтлэгдсэн

Гадны хэт санхүүжилт нүүдэлчин монголыг мөхөлд хүргэнэ

Төв Азийн нүүдэлчид буюу Хүннү төрийн
2220 жилийн ой энэ онд тохиож буй. Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү их
ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх тухай зарлигаа өнгөрсөн
аравдугаар сарын 15-нд гаргасан билээ. Гэтэл их ойн өмнөхөн гадаадын
зарим сайтад “Голдманы шагналтан гадаадын компани руу буу шагайлаа”
гэсэн нэртэй өгүүлэл нийтлэгдсэн байна. Үүнийг Америкийн чөлөөт сэтгүүлч
Кейт Хармон Сноу бичсэн бөгөөд www.montsame.mn сайтад “Барууныхны
хууран мэхлэлт ба нүүдэлчид мөхөж буй нь” гэсэн гарчигтайгаар орчуулан
цувралаар хүргэж байгаа нь анхаарал татав.

Уг өгүүллийг зохиогч шударга ёс, итгэл найдварыг үгүй хийж, нүүдэлчдийн
амьдралын хэв маягийг мөхөөж буй байгууллага, хүмүүсийг гол сэдвээ
болгожээ. Монголд уулын дугуйгаар ирж малчидтай уулзаж ярилцан хөндлөн
гулд аялсан гадаадын сэтгүүлч нутаг нэгтнүүдийнхээ болон олон улсын
бусад байгууллагын булхай луйврыг ийнхүү илчилсэн нь Монголд элэгтэй
хандаж байгаа төдийгүй чөлөөт сэтгүүлзүй үүргээ хэрхэн биелүүлдгийг
харуулсан явдал юм.

Монголчуудын сайн мэдэх нэр хүнд бүхий олон улсын төсөл, хөтөлбөрүүдийн
талаар сэтгэл сэртхийм бараан мэдээллийг түүний өгүүлэлд баримттайгаар
дурьдсан байна. Олон улсын төсөл, хөтөлбөр, сан, судалгааны
байгууллагуудыг зөвхөн Монголд буян үйлдчихээд яваад өгдөг гэсэн өнгөц,
гэнэн ойлголтыг уг цуврал нийтлэлээр үлдэн хөөсөн юм. Хэрэв энд
нийтэлсэн бүхэн үнэн бол гоё нэр, сайхан зорилготой гадны байгууллагууд
нүүдэлчин монголчуудын эх нутагт мөнгө угаадаг аж. 

Сэтгүүлч нийтлэлийнхээ эхний фокусыг Азийн сан руу чиглүүлжээ.  АНУ-ын
Засгийн газрын санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллага Онги
голын хөдөлгөөнийг 2004-2008 онд 10 мянган ам.доллараар санхүүжүүлж,
мөн Монголын байгаль орчныг хамгаалах нийгэмлэгийг  2007 онд байгуулахад
оролцогч 11 байгууллагад нийт 120 мянган ам.долларын дэмжлэг үзүүлсэн
байна. Улмаар 2007 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбар дахь
Голдманы шагналд бидний сайн мэдэх “Онги голын хөдөлгөөний” буюу
Монголын гол нууруудыг хамгаалах хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярын
нэрийг  дэвшүүлжээ. “Ногоон Нобель” гэгдэх уг шагналыг 125 мянган
ам.доллар дагалддаг бөгөөд Сан-Франциско хотын иргэний хөдөлгөөний
удирдагч Ричард Голдман эхнэрийнхээ хамт анх санаачилсан түүхтэй аж.

Эдүгээ www.pacificfreepress.com, www.minegolia.com,
www.consciousbeingalliance. com зэрэг нэр бүхий сайтуудад Ц.Мөнхбаярын
үүх түүх, гавьяаг дөвийлгөн магтаж, үндэсний баатар болгох шахсан нь
бахархалтай ч юм шиг. Гэвч цаанаа өөр учиртай юмсанж. Тухайлбал, Азийн
сан, түүний захирал Билл Инфанте, гэргий Бетинна нар “манай”
Ц.Мөнхбаярыг сурталчлах замаар Засгийн газраасаа олж авсан мөнгөний
багахан хэсгийг Монголын байгаль орчныг хамгаалах нийгэмлэгт өгөөд
ихэнхийг нь гадаад ажилтнуудыг цалинжуулах зэргээр хувьдаа завшсан гэнэ.
Мөн “Ирээдүйг баталгаажуулах нь” нэртэй төслөө санхүүжүүлэхийн тулд
Голландын Засгийн газраас 2.7 сая евро салгасан боловч мөнгөө авахын
өмнөхөн Монголын байгаль орчны нийгэмлэгийг татан буулгаснаар уг
нийгэмлэг тэрхүү санхүүжилтээс сохор зоос ч олж аваагүй байна. Түүнчлэн
уг өгүүлэлд Азийн сан Монголд 2008 онд болсон УИХ-ын сонгуульд
ажиглагчаа илгээсэн бөгөөд мөнөөх “эрхэм ажиглагчид” нь “Чөлөөт,
шударга, сайхан сонгууль болж өнгөрсөн” гэх тайлан гаргаж өгсөн, нэр
дэвшигчдийн пиарыг хийх зорилгоор компани байгуулан бизнесээ эхэлсэн
гэхчлэн олон баримтыг дурьджээ.

Азийн сангаас гадна СИДА /Канадын олон улсын хөгжлийн агентлаг/, ДФИД /
Их Британий олон улсын хөгжлийн агентлаг/, ДАНИДА, Дэлхийн банк, Азийн
хөгжлийн банк зэрэг байгууллага, сан, холбоод байгаль хамгаалах
зорилготой ч шилэн сонгож хамгаалдаг, 1997 онд баталсан Ашигт малтмалын
хууль Канадыг хуулбарласанд барууны “төрийн бус байгууллагуудын” оролцоо
байсан хэмээн өгүүлжээ. Гадны төсөл, хөтөлбөрт ажиллаж буй монгол
иргэдийн үнэлэмж асар доогуур байгаа нь ч хөндөхгүй байх аргагүй сэдэв.
Дэлхий дахинд монгол хүний үнэлэмж, ур чадварыг зөв үнэлж ажиллуулаад
байгаа энэ цаг үед гадаад хэл, мэргэжлийн ур чадвараараа “тасархай”
монгол залуус маань яагаад эх нутагтаа харийнханд ялгаварлан
гадуурхагдаж байна вэ. Их хэмжээний мөнгө Монголд оруулж ирж байгаа мэт
харагдавч төсөл хэрэгжүүлэгч гадаадын мэргэжилтэн, шинжээчдийн гарт
эргээд орчихож байгааг харахад мөнгө угаах хамгийн цэвэр хэлбэр биш гэж
үү. Тэнд ажиллагсад бүгдээрээ шилдгүүд байдаг уу гэвэл үгүй. Эх нутагтаа
орон гэргүй, бүр хаана ч ажилд авахгүй нь тодорхой учраас Монголд
“баяжих” гэж ирсэн юм, туслаач хэмээн гуйж зогсох гадаадын иргэд ч таарч
байсан.  Хачирхалтай нь олон улсын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч багийн
хувьд багт нь ажиллаж байгаа монгол иргэдийг  хоорондоо эв найртай
байхыг нь үзэж чаддаггүй, байнга хооронд нь өрсөлдүүлж байдаг этгээд
арга барилтай байдаг аж. Тэгж байж амжилт гардаг гэх тэдний өвөрмөц
зарчмын цаана цөөхөн монголчуудыг хагалан бутаргах том зорилго байдаг юм
биш биз.  Энэ талаар гадны төсөл, хөтөлбөрт ажиллаж байгаа хэн ч хэлээд
өгнө. Гагцхүү албан байгууллагынхаа талаар гадагш мэдээлэхийг хориглоно
хэмээн анх ажилд авахдаа анхааруулдаг тул хэдэн ногоон мөнгөнд нь
болоод хэн ч хэлж зүрхэлдэггүй нь үнэн билээ.

Харин орон нутагт үйл ажиллагаа явуулдаг олон улсын төсөл, хөтөлбөрүүд
аймаг, сумдын залууст ногоон мөнгө даллан төсөл, хөтөлбөр бичүүлчихээд
лоббигоор таалагдсанаа шалгаруулсан болж жүжиглэдэг. Оюун ухаан, хамаг
мэдлэг мэдээллээ шавхан байж бичиж өгсөн төслөөс нь зөвхөн өөрсдийн
сонирхсон, хэрэгтэй гэж үзсэн мэдээллээ шүүн авч тайландаа бичиж
санхүүжүүлэгч байгууллагадаа илгээж төсөл,  хөтөлбөрөө амжилттай
хэрэгжүүлж байгаа гэсэн үнэлгээгээ өндөр цалингийн хамт авч байна. Энэ
талаар орон нутагт төсөл бичиж суугаа залуусын хэнээс ч асуусан батлах
боловч мөнөөх л давчуу эрх чөлөө, доголон ардчилалдаа баригдан хэнд ч үл
хандах аж.

Үүнийг нь дэмжин өөгшүүлж, хуулийн болон аудитын шинжээчид, судалгааны
баг зэргийг гадныхнаар хийлгэхийг чухалчлах болсон нь монголчуудын бас
нэгэн туйлшрал юм. Ямартай ч гадны төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр
өгөөжийг хянах талаар төрөөс анхаарал тавихгүй бол нүүдэлчин, тэнэгүүд
гэсэн тодорхойлолт зүүсээр их ойгоо угтаж мэдэхээр байна. Хамгийн гол нь
Монголын талаар дэлхий ийм мэдээлэлтэй болно гэхээс монгол хүн бүр
ичиж, “яс хугарсан нь дээр” хэмээн үзэх нь лавтай.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж