
Шинэ төмөр замын трассыг хэрхэн баталсан, цаашид хийх ажлын талаар Зам, тээвэр, барилга, хот, байгуулалтын сайд Х.Баттулгаас тодрууллаа.
-Шинэ төмөр замын трассыг хэрхэн тодорхойлов?
-Трасс гэдэг нь чиглэлийг тодорхойлдог. Уул, толгод, гол, нуурыг яах юм бэ гэдэг асуудал байсан. Говийн бүсэд трассыг тодорхойлоход харьцангуй гайгүй байдаг. Та бүхэн мэдэж байгаа байх. Улаанбаатар төмөр зам бол маш мушгиралдсан байдлаар явдаг. Харин Тавантолгой, Чойбалсан, Сайншандын зам уул уурхайн түүхий эд тээвэрлэх учир шулуун хэлбэрээр замын трассыг тодорхойлсон. Трасс тодорхойлох нь төмөр замын хамгийн эхний ажил байдаг. Тиймээс эхний ажил дууслаа. Дараа нь инженер геодези, инженер геологийн ажлыг хийж эхэлсэн. Үүний дараа хөрөнгө босгох, бүтээн байгуулалтын ажил хийнэ.
-Төмөр зам хэдэн аймаг, сум дайрч өнгөрөх вэ?
-Нийтдээ дөрвөн аймгийн долоон сумаар дайрч өнгөрнө.
-Төлөвлөгөө ёсоор хэдий хэр хугацаанд шинэ төмөр замыг барьж дуусах юм бол?
-Энэ оны хавраас эхлээд төмөр замын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэнэ. Бид 2.6-3 жилийн хугацаатай төлөвлөгөөг гаргасан.
-Урьдчилсан байдлаар төмөр зам барихад хэчнээн төгрөгийн хөрөнгө шаардагдах вэ?
-Бидний баримжаагаар 2-2.5 тэрбум орчим доллар байгаа. Гэхдээ ТЭЗҮ-ийг нарийн хийгээгүй байна.
-Төмөр зам барих ажиллах хүчийг хэрхэн бүрдүүлэх вэ?
-Ажиллах хүчний тухайд дотооддоо анхаарлаа хандуулж байгаа. Харин нарийн мэргэжлийн тухайд гадны компаниудаас сурах зүйл бий.
Трассыг шулуун хэлбэрээр явуулахаар баталчихсан. Харин шулуун хэлбэрээр явуулахад хэчнээн гол, горхийг дамжин өнгөрөхөөр байгаа талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын харилцаа, барилга, геодези, зурагзүйн хэлтсийн дарга П.Болдбаатараас асуулаа.
-Трассыг шулуун хэлбэрээр батлахад хүндрэлтэй байсан уу. Хэр олон гол, горхийг дамжин өнгөрөхөөр байгаа вэ?
-Өнөөдөр төчнөөн гол, мөрөн гэж гаргах хэцүү. Томоохон гол гэвэл Хэрлэн гол байна. Түүнээс бус говийн жижиг гол, булаг, шандыг аль болох тойрох байдлаар төлөвлөсөн.
-Трассыг тооцоход юу, юуг харгалзаж үзсэн бэ?
-Малчдын нүүдэл, ан амьтны нүүдлийн асуудал гээд олон асуудал бий. Мөн ямар, ямар амьтан байдаг талаар судалж үзэх шаардлага гарсан. Хулан, цагаан зээрийн экологийн тэнцвэрт байдлыг алдуулахгүйн тулд ямар шийдвэр гаргахаа нэлээд тооцож гаргасан юм. Уул, толгодын бартааг ашиглаж нүхэн гарц хийж, тулгууртай гүүрнүүд гаргаж өгч тэдгээрийн нүүдлийг сааруулахгүй байхад анхаарсан. Мөн малчид нүүдэл хийх учир жижиг гүүрүүд их тавина.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин